
Apple компанийн iTunes үйлчилгээгээр дамжуулан смартфоны аппликэшн зэргийг ашиглан хэрэглэгчдийн татаж авч байсан зарим кино болон хүүхэлдэйн киноны зохиогчийн эрхийн асуудал багагүй шуугиан тарьж байгаа гэнэ. Apple компаниас тайлбарлаж байгаагаар бол “Эрдэнэ нуусан гар”, “Кин-зя-зя” зэрэг Зөвлөлтийн үеийн уран сайхны кино болон Чебурашка зэрэг хүүхэлдэйн кинонуудын зохиогчийн эрх зөрчигдсөн гэх асуудлаар тус компанид ноцтой асуудал үүсч болохоор байгаа аж. Дээрхи кинонууд нь олон арван жилийн өмнө хийгдсэн ч зохиогчийн эрхээр хамгаалагдсан хэвээр байсныг анзаараагүйгээс ихээхэн хохирол хүлээж болзошгүй болжээ.
Дээрхи нэр дурдагдсан болон бусад олон киноны зохиогчийн эрхийг Оросын Мосфильм болон тус улсын киноны санг хариуцсан улсын компаниуд эзэмшсэн хэвээр байгаа юм байна. Мосфильм компанийн удирдлагууд гаргасан тайлбартаа зөвлөлтийн уран бүтээлчдийн хийсэн кинонуудыг зөвхөн тус компанийн сайтаас л олж үзэх ёстой гэж мэдэгдсэн байна.
М.Наст