Мал хорогдох нөхцөл бүрдсэн

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Мал хорогдох нөхцөл бүрдсэн

-Танай аймагт цагийн байдал ямар байна вэ?

-Өвөлжилт ерөнхийдөө хүндэрч эхэллээ. Нутгийн хойд болон зүүн сумдын нутгаар цас их орсон. Нийт их хэмжээний арав гаруй удаагийн цас орж, цасан бүрхүүл үүсгээд байна л даа. Цасны хэмжээ тал газраараа 25-30 сантиметр байхад гуу жалгаар 60-80 сантиметр байх жишээтэй. Малын хорогдол гайгүй байгаа ч мал хорогдох нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа.

-Цас их унасан гэлээ. Малчид отроор явж байна уу?

-Зүүн сумдын малчид л отроор их явж байна. Булган, Дашинчилэн, Рашаант сумын малчид голдуу оторлосон тухай мэдээ ирүүлсэн.

-Өвс, тэжээлийн хүрэлцээ хэр байгаа вэ?

-Зуншлага нэлээд гайгүй болсон учир хадлан сайн бэлтгэж авсан. Ма­най аймагт өвс, тэжээлийн нөөцийн газар дөрөв бий. Аймгийн нэг, улсын гурван нөөцийн газарт хадгалсан өвс, тэжээлийг арванхоёрдугаар сараас эхлэн малчдад худалдаалж эхэлсэн.

-Зам харгуйн хувьд ямар бэрхшээл тулгарч байна?

-Багууд руу хүрэхэд хүндрэлтэй байна. Тухайлбал, Хужирт, Өлзийт, Хархорум хүрэх зам хаагдсан. Аймгийн төвийн зам ч үе үе цасанд боогдох тохиолдол гарч байна. Аймгийн төвөөс 130 километр явж хүрдэг газарт 350 километр явж хүрч байх жишээтэй байна шүү дээ.

-Саяхан танай аймагт эрдэм шинжилгээний хурал болсон гэж сонссон?

-Тийм. Аймгийн 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн түүх, соёлын тухай сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэ хуралд Улаан­баатар хотоос арав гаруй эрдэмтэд ирж оролцон, илтгэл тавьсан.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж