Нэг л байрандаа 18 жил эргэлдсээр…

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Нэг л байрандаа 18 жил эргэлдсээр…

Нэг л байрандаа 18 жил эргэлдсээр…
УИХ-ын эрхэм гишүүд Сонгуулийн хуулиа энэ хаврын чуулганд багтааж шинэчлэхээр хавраас хэлэлцэж эхэлсэн ч дуусгаж амжилгүй амрахаар явцгааж мэдэхээр болов. Гол гацаа нь сонгуулийн тогтолцоогоо шийдэж чадаагүйд байгаа юм.
Ардчилсан намын бүлгийн гишүүд пропорциональ тогтолцоог сонгохоор санал нийлсэн гэж буй ч хуучин мажоритар руугаа хэлбийх хэсэг бас байгаа нь нууц биш. МАХН-ын бүлгийнхний хувьд жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоог авах, эс бол мажоритар, пропорциональ хосолсон холимог системээр сонгуулийн хуулиа сэлбэхээр ярилцаж бас л байр суурь нь эс нийлжээ. Хачирхалтай нь “Мажоритар уу, пропорциональ уу, эсвэл холимог уу” гэсэн энэ л асуудлыг манай 20 жилийн түүхтэй парламент 18 жилийн турш “мөлжиж” байгаа ажээ. Үүнийг санамсаргүй олж уншсан 18 жилийн тэртээх сонины материал гэрчилж байна.
Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойд зориулж парламентын үе үеийн сэтгүүлчдийн бүтээлээр ном эмхэтгэж байгаа юм. Парламентын сэтгүүлчдийн холбооноос оноосон энэ даалгавраа биелүүлэхээр УИХ-ын номын санд хэсэг суулаа. Парламентын анхны сурвалжлагчдын 18-20 жилийн тэртээх сурвалжлага, тэмдэглэл, ярилцлагаас эмхэтгэлд оруулахаар сонгож байтал танил гарчиг нүдэнд туслаа. Тухайн цагийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины парламентын сурвалжлагч Ө.Энхтүвшингийн  “Мажоритар уу, пропорциональ уу, эсвэл холимог уу” гэсэн гарчигтай сурвалжлага л даа. Өдгөөгийн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин шүү дээ.
Сурвалжлагаас харахад Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаар 1992 оны хавар сонгуулийн ямар тогтолцоог сонгох талаар хэлэлцжээ.  УИХ-ын анхдугаар сонгууль тэр зун болсон юм. Тэр сонгуулийг яаж явуулах вэ гэж хэлэлцэж л дээ. Өмнө нь Улсын Бага Хурлаа пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбараар бүрдүүлсэн ч УИХ-ын анхны сонгуулийг өөр хувилбараар хийхээр тийнхүү хуралдсан байна. Гишүүд их маргалджээ. Ядахдаа мажоритар, пропорциональ тогтолцоо гэж яг юуг хэлээд буйг ойлголцох гэж ихээхэн юм болсон аж. Агуулга талаасаа бол өнөөдөр ярьж байгаа тэр зүйл яг хэвээрээ. Д.Лүндээжанцан, Д.Балдан-Очир, Л.Болд, С.Баярцогт гээд тэр үеийн Улсын Бага Хурал, өнөөгийн УИХ-ын гишүүд суучихсан сонгуулийн тогтолцоог хэлэлцэж, эрхэм гишүүн Ө.Энхтүвшин сурвалжилж байжээ. Өдгөө сэтгүүлч Ө.Энхтүвшин Төрийн байгуулалтын байнгын хороог тэргүүлчихээд яг тэр асуудлыг хэлэлцүүлж байгаа нь сонирхолтой давхцал. Харин ярилцаж буй асуудал нь яг янзаараа 18 жилийг элээжээ.

Улсын Бага Хурлын гишүүд хэлэлцэж хэлэлцэж, маргаж маргаж 56 тойрогтой мажоритар тогтолцоог авахаар болсон байна. УИХ-ын 1992, 2008 оны сонгуульд хэрэглээд тийм ч сайн үр дүнд хүрээгүй тэр тогтолцоо шүү дээ. Мажоритар тогтолцоог хэрэглэвэл танил тал сайтай популист нөхөд олноороо УИХ-д гарч ирэхээс гадна алсдаа мөнгө төгрөгөөр суудал авдаг болчих юм биш биз гэсэн эргэлзээ ч тэр цагт төрж л байж. Ардын Их Хурал хэмээх парламентын дээд танхим хуулийн төслийг давхар хэлэлцдэг байсан цаг. “Популист гэж хэн бэ” гэсэн асуултад гадаадын туршлага нэлээд судалсан ажлын хэсгийн гишүүд “Жүжигчин, зохиолч гэх мэт олны танил хүмүүс” гэсэн хариулт өгөхөд Ардын Их Хурлын депутат, зохиолч Ж.Бямбаа агсан “Хүүе, тэгвэл биднийг нэр дэвшүүлж болохгүй гэсэн үг үү. Адилхан хүн биз дээ” хэмээн уулга алдаж байсан байна. Сэтгүүлч Ө.Энхтүвшин энэ бүхнийг сонины хуудаснаа бичиж үлдээжээ. Өнөөдөр байдал дээрдсэнгүй. Бас л сонгууль явуулах тогтолцоогоо сонгож чадалгүй буурин дээрээ эргэлдсээр хаврын чуулганыг барлаа. Уг нь хууль тогтоох байгууллагын хувь заяа том, жижиг тойрогтой мажоритар тогтолцооноос болж их баларч ирсэн. УИХ-ын 1992 оны сонгуулиар сонгогчид ардчилсан талд дөч илүү хувийн санал өгөөд дөрөвхөн мандаттай хоцорсон нь 2000 онд дахин давтагдсан юм. 2004, 2008 оны сонгуульд булхай, луйвар хэтэрч, ардчилагчид олонхи болох боломжоо алдаж байлаа. Луйвар эрээгээ алдсанаас болж 2008 оны долдугаар сарын 1-нд Монголын нэн шинэ түүхийг цус, утаагаар будсан үймээн дэгдсэн.

Үүнээс сэрэмж авсан гишүүд сонгуулийн тогтолцоогоо солих гээд бардаггүй ээ. Тогтолцоо өөрчлөх гэхээр л 2012 онд өөрсдийнх нь дахин сонгогдох магадлал муудах гээд “харагдаад” байгаа болохоор зоригтой хөдөлж чадахгүй л байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн хавар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр сонгуулийн тогтолцоогоо солихгүй бол гишүүдийн тойргийн гэгддэг нэг тэрбум төгрөгийг 2010 онд хоёр, 2011 онд дөрвөн тэрбум төгрөг болгож өсгөхөөс аргагүй гэдгийг хэлж байсан юм. Пропорциональ тогтолцоог МАХН-ын бүлгийнхэн дэмжихгүй гэдийгээд суухаар аргагүйдээд хэлсэн үг л дээ. Гэхдээ “Үгэн дотор үг” гэгчээр мажоритар тогтолцоогоо буцааж хуульчлаад тойргийн мөнгөө ахиулаад сууж байх санаатай эрхэм нэг бус байгаа л байх. Ямар боловч сонгуулийн тогтолцоонд салхи оруулахгүй бол долдугаар сарын 1 давтагдахгүй гэх газаргүй. Мажоритар тогтолцоог том, жижиг тойргоор таван удаа хэрэглээд цааш явахгүй гэдэг нь нотлогдчихлоо. Одоо эцсийн найдвар холимог хувилбар болж хоцров. Сонгуульд өрсөлдөх намуудаас тус бүр 26 нэр дэвшигч  одоогийн мажоритар зарчмаар өрсөлдөн, тэднээс сонгогчдын олонхийн санал авсан нь УИХ-ын 26 суудлыг бүрдүүлээд, үлдсэн 50 суудал дээр намуудын нэрээр хураасан саналаар нам тус бүрт оногдсон хувьд тэнцүүлэн хүнээ суулгах тэр хувилбар. Гэхдээ энэ зарчмаар явбал гишүүдийн дунд маргаан үүсэх нэг шалтгаан бий. “Би өөрөө өрсөлдөж, хөрөнгө мөнгөө зарж гарч ирсэн. Харин чи зүгээр сууж байгаад намын даргыг лоббидсоны хүчинд, миний авч ирсэн хувь дээр дөрөөлж төрийн түшээгийн сэнтийд гарч ирсэн” гэх талцаан. Гэхдээ тэр 50 эрхэм зүгээр суугаад гарч ирэхгүй байлгүй дээ, нэр дэвшсэн нөхдөдөө тусалж, хөрөнгө мөнгөнөөсөө ч гаргах биз гэх бас нэг цагаатгал байна. Хаврын чуулганаар Сонгуулийн хуулиа гараас гаргаж чадахгүй бол эрхэм гишүүд намрын чуулганаар хэлэлцэх гэж үзэх байх. Гэхдээ ирэх оны улсын нэгдсэн төсөв, Үндсэн чиглэл, Мөнгөний бодлого ярих тул бас л ухрааж таарна. Энэ хаврын чуулган өндөрлөснөөр одоогийн УИХ туулах ёстой бүрэн эрхийнхээ яг талыг ардаа үлдээлээ. Ирэх намраас сонгуулийн уур амьсгал хүссэн хүсээгүй орно. Сонгууль дөхөх тусам Сонгуулийн хуульд гар хүрэхэд улс төржсөн “шигтгээ”-нүүд суух нь ихсэнэ. Сонгууль болоход зургаан сар үлдвэл хуулиар оролдох хориотой. Ингэж ингэж 2008 оны сонгуулийн өмнөхөн түмэн ханзархай Сонгуулийн хууль гаргаж, өөрсдөө ч бүдэрч, сонгогчдоо ч бухимдуулж, эцэст нь нийгмийг донсолгосон үймээнд тулгаснаа л бүү давтаасай.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж