С.Хавал: Ховд гол ёроолдоо хүртэл хөлдсөн

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

С.Хавал: Ховд гол ёроолдоо хүртэл хөлдсөн

-Баян-Өлгий аймагт өвөлжилт хэр байна вэ?

-Ховд гол ёроолдоо хүртэл хөлдөж, айлууд ундандаа мөс хэрэглэж байна. Гэсэн хэдий ч манай аймгийн хувьд өвөлжилт өмнөх жилээс сайн байгаа. Нийт таван сумын нутагт цас их унаж,   өвөлжилт хүндрэх төлөвтэй бол­сон. Аймгийн хэмжээнд 800 мал хорогдсон тооцоо гарсан ч энэ бол хэвийн үзэгдэл.

-Аль, аль сумын нутагт өвөл­жилт хүндэрсэн юм бол?

-Булган сум руу хүрэх зам, даваа хаагдсан. Тус сумын нутагт “Улаанчингийн даваа” гэж далайн түвшнээс 3200 метрийн өндөрт өргөгдсөн даваа бий. Энэ даваанаас болж өмнөх жилүүдэд их саатдаг байсан учир энэ жил аймгийн төсвөөс 65 сая төгрөг гаргаж, сумынх нь Засаг даргад өгсөн. Тэрхүү мөнгөөр трактор авч, замаа цэвэрлэж байгаа нь нэлээд ахиц гаргаж байгаа. Мөн Алтай сумын ууланд нутагладаг айлууд хүндхэн байдалд ороод байна.

-Танай аймгийнхан өвөл­жилтийн бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Улсын нөөцийн өвс, тэжээл рүү ороогүй байна. Энэ нь малчид хураах ёстой хадлангаасаа илүү хэмжээний өвс хураасантай холбоотой. Ца­хилгаан, дулааны тал дээр асуудал энэ жил огт гараагүй. Булган сумаас бусад сум цахилгааны баталгаат эх үүсвэрт холбогдсон. Ирэх долдугаар сард Булган сумыг цахилгааны эх үүсвэрт холбохоор ажиллаж байна. Харин цасны нуранги үүсэх нь ихээхэн хүндрэл үүсгэдэг. Өнгөрсөн  жил л гэхэд 12 удаа цас нурсан. Саяхан цас нурж, дуудлагаар явж байсан түргэний тэргийг дарсан тохиолдол гарлаа. Энэ бүхнийг тухай бүрт нь шийдсэн.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж