Кибер-аюулгүй байдлын инженерүүд эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Кибер-аюулгүй байдлын инженерүүд эрэлттэй байна

Үндэсний аюулгүй байдал болон аж
үйлдвэрийн технологи, онлайн бизнесийн аюулгүй байдал хөгжлийг хангахад
кибер-аюулгүй байдлын инженерүүд хэрэгцээтэй байна. “Boeing”, “Black
Hat” компаниуд хамтран гуравдугаар сарын 26-28-ны хооронд АНУ-д кибер
аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн тэмцээн зохион явуулсан бөгөөд “Intel”,
“Cisco” компаниуд тоног төхөөрөмжөөр дэмжсэн. Энэ үйл ажиллагаа нь
кибер-аюулгүй байдлын шинэ мэргэжилтэн, авъяастан тодруулах зорилготой
ажлын хүрээнд хийгдсэн.

Өнгөрсөн жил энэ тэмцээнд амжилттай
оролцсон долоон оролцогчийг “Boeing” компани ажилд авсан. Энэ жил ч бас
тодорхой тооны хүмүүсийг олж авч чадна гэж итгэж байгаа юм. “Boeing”
компани 2004 онд кибер аюулгүй байдлын 100 орчим л мэргэжилтэнтэй байсан
бол одоо 2000 гаруй ажилтан ажилд аваад байна. АНУ-ын Засгийн газарт
мөн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ажилд авах эрэлт нэмэгдэж
байгаа. Ирэх гурван жилд АНУ-д 60 мянга орчим кибер аюулгүй байдлын
мэргэжилтэн шаардагдах бөгөөд харин нийлүүлэлт дутагдах болно гэж
салбарын шинжээчид ярьж байна. АНУ-ын төрийн байгууллагууд болон хувийн
хэвшлийн зүг хийж байгаа кибер довтолгоонууд өргөжиж нэмэгдсээр байгаа
юм. Томоохон тохиолдлууд гэвэл энэ оны нэгдүгээр сард “Google” компани,
“Adobe” компани зэрэг АНУ-ын 30-аад компани руу Хятадад байрлалтай
хакерууд довтолж аюулгүйн ханыг давж байсан юм. Гуравдугаар сарын 17-д
“Stanford” их сургууль дээр болсон компьютерийн аюулгүй байдлын бага
хурлын үеэр оюуны өмчийн хулгай, кибер довтолгоонууд АНУ-ын эдийн засагт
хохирол учруулсаар байна гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. 2008 онд
АНУ-ын 800 компани 4.6 тэрбум ам.долларын оюуны өмчийн хохирол хүлээсэн
гэсэн тооцоо бий. Мэдлэг, нарийн мэргэжил шаардсан тус салбарт илүү олон
хүн, авъяастнуудыг татахын тулд цалин ч гайгүй сайн. “Boeing” компаний
кибер аюулгүй байдлын ажилтан болбол цалин нь жилийн 100 мянган
ам.доллараас эхэлнэ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж