Хөөрхий алтныхан ажилгүй болох вий

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Хөөрхий алтныхан ажилгүй болох вий

Манай хууль батлагчид элдэв хууль санаачлахдаа гаргуун.  Урдах, хойдох эрсдэлийг ч үл тооцон ямар ч хамаагүй хуулийн төсөл боловсруулж 20 сая төгрөг өвөртлөх тэдний балгаар Монголын эдийн засагт чамгүй  сөрөг үр дагавар учрах болсон. Тэрний нэг нь Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль. Өнгөрсөн 2009 онд  дээрх урт нэртэй улиг ихтэй хуулийн төслийг сүр дуулиантайхан баталсан хэдий ч хэрэгжиж чадахгүй явсаар 2010 он улирахын даваан дээр Засгийн газар гэнэт сэхээ авсан аятай “том” дуугарсан нь алтны компаниудыг дампууруулахад хүргээд байгаа юм.  Засгийн газраас 2010 онд бизнесийн орчинг дэмжихээ амалсан үнэндээ энэ амлалтдаа хүрч чадаагүйн нэг илрэл бол алтныхантай холбоотой  дээрх асуудал. Нийтдээ 390 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дээрх хуулийн нэрээр хаах ч эхний ээлжинд 254 алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон. Засгийн газар шийдвэрээ баталгаажуулахын тулд хуульд заасан заалтын дагуу тодорхой нөхөн олговор уул уурхайнханд өгнө. Хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компаниудын нөхөн төлбөрт найман их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо нэгэнтээ гарчээ. Жилийнх нь төсөв гурван их наяд гаруйхнаар хэмжигддэг манай улсад дээрх мөнгийг хаанаас олох нь нэгдүгээрт тун бүрхэг. Энэ мөнгийг олохын тулд бусад татвар  төлөгчид нуруун дээрээ бас нэгэн хүнд ачааг хэчнээн жил үүрэх нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан  алтны гэх тодотголтой 254 компаниас улсад өгдөг татвар нь байхгүй болно.

Монгол Улсын Засгийн газраас энэ 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэхүү амлалт нь  олон мянган ажлыг байрыг бий болгох, олон мянган иргэдийг ажлын байраар хангах асуудлыг Засгийн газар хэрэгжүүлэх юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж буй.  Жилээс жилд нэмэгдэж буй манай улсын ажилгүйдэл, ядууралтай Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил тэмцэнэ гэдэгт ч ард иргэд итгэж суугаа. Харин энэхүү хуулийг хэрэгжүүлбэл энэ жилийн утга нь алдагдах нь дамжиггүй. Учир нь олон мянган уурхайчин ажилгүйдэл ядуурлын эгнээнд шилжих болно. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх үү, ажилгүйдлийг нэмэгдүүлэх үү гэсэн асуултыг Засгийн газарт үлдээх нь зүйтэй болов уу. Тэд амалсан, амалснаа биелүүлэх нь эрхбаригчдын үүрэг учраас.

Алтны компаниудын үйл ажиллагааг хааж ажилчдыг нь гудамжинд гаргах нэг асуудлын хойноос бас нэгэн сэдэв хөндөгдөж байна. Тэр нь банкны өр зээл. Засгийн газрын шийдвэрээр хаалгаа бариулахад хүрээд байгаа 254 компаниуд арилжааны банкуудад 160 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа гэсэн судалгааг Монгол банкнаас гаргасан. Зээлийн гэх 160 тэрбум төгрөгийг хэн төлөх нь одоогоор ойлгомжгүй байгаа юм. Хамаг хөрөнгөө үйл ажиллагаандаа зарцуулчихаад алт үгүй, мөнгө ч үгүй хаалгаа бариулсан хоосон компанийн эзний хоёр чихийг нь  огтлоод авалтай нь биш. Тэгэхээр хэргийн эзэн хэнгэргийн дохиур хууль санаачилсан нөхдүүд төлөх үү. Байгаль, экологио хамгаалсан хууль санаачилсан гээд тэдгээр гишүүд 20 сая төгрөгөө хуваагаад  өвөртлөхдөө дараа нь бөөн асуудал үүсгэж, бөөн мөнгөний өрөнд Засгийн газрыг унагана хэмээн тооцоологүй нь харамсалтай. Манай хууль санаачлагчид судалгаатай, тооцоотой хуулийн төсөл боловсруулдаггүйн нэг илрэл энэ. Нэг талыг хэт барилгүй, олон талаас нь бодож, боловсруулж хууль санаачилсан бол алтынхан ч, арилжааны банкууд нь ч мөрөө мөрөө хөөгөөд явцгаах байсан биз.  Төсвийнхөө алдагдлыг хаанаас нөхөхөө мэдэхгүй шаналж суугаа эрхбаригчдад энэ хуулийг хэрэгжүүлэх найман их наяд+14тэрбум+160 тэрбум төгрөгийг олох бас нэгэн шаналгаа нэмэгдэх бололтой. Энэ шаналгааг УИХ хэсэг гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь, Х.Баделхан, Д.Кёкүшюзан Батбаяр, А.Тлейхан, О.Чулуунбат нар олж хараад хуулийн төслийг өргөн барьсан юм.   Хийрхэл ихтэй хэсэг улстөрчдийн амбицаас  болж хэчнээн мянган хүн ажилгүйдлийг эгнээнд шилжихийг хэлж чадахгүй,  “хөдөлмөр эрхлэлтээ” уландаа гишгэх нь үү урагшилж дэвших нь үү гэдгийг харах л үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж