Хүлэг нь хурдан, хүүхэд нь мэнд сайхан наадаарай

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Хүлэг нь хурдан, хүүхэд нь мэнд сайхан наадаарай

Шандаст хурдан хүлгэдийнхээ хийморь дор сүслэн, санчигандаа хяруутай өвгөдийнхөө сургааль  дор ухааждаг моринд элэгтэй, монгол зон олны баяр цэнгэл асуй. Эртнээс нааш эрийн хийморь, ид хавын бэлгэдэл болсоор ирсэн хурдан морь, хүчит бөх, мэргэн харваачдын цэнгүүн өдгөө үндэсний спортын хэмжээнд хүрчихээд байна. Тэр дундаа хурдан морины уралдаан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улам бүр төгөлдөршиж буй. Улсын наадмаас өөр уралдаангүй, уналгын адуунаас өөр хурдгүй /социализмын үед нэг өрхийн бод малын тоог хязгаарлаж, уналга эдэлгээний зорилгоор цөөн тооны адуутай байхыг л зөвшөөрдөг байв. Түүнээс болоод малчид жирийн уналгын морьдоо сойж уралдуулах нь олонтаа байжээ/ байсан үе ард үлдэж, бүтэн жилийн бэлтгэлтэй, бүсийн уралдаан олонтой, хурдны удамт адуугаа уяаны сайнаар уяж уралдуулдаг болжээ. Уралдаан олширч, уяа нарийсахын хэрээр өрсөлдөөн ширүүсч унаач хүүхдийн авхаалж самбаа аюулгүй байдал ч хурцаар яригдах болсон.
Армаг хурдан хүлгэдийнхээ айраг түрүүт агшныг зураглан суугаа эрхэм уяачид, морины эздэд бяцхан сануулгыг хүргэж байна.

Унаач хүүхдүүдийн 48,29 хувь нь ослын даатгалд  хамрагддаг

Уралдаан, наадам олшрохын хэрээр унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал  хурцхан сэдвийн нэг болод байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудын судалгааны дүнгүүд ч үүнийг улам бүр баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл хурдан морь унах нь хүүхдэд бие бялдрын болоод хүмүүжлийн ач холбогдотой ч эрүүл мэнд, амь насанд аюултайг анхаарахгүй байж боломгүй.
Хүүхдийн төлөө үндэсний төв 2005 оноос эхлэн хурдан морь унаач хүүхдийн эрхийг  хамгаалах талаар нэлээдгүй зүйлийг хийж, дөрвөн жилийн судалгаан дээрээ үндэслэн зарим нэг тоо баримтыг гаргажээ. Унаач хүүхдийн эрүүл мэндэд халтай хамгийн эхний асуудал бол мориноос унаж бэртэх явдал. Энэ нь цаг агаарын байдал, уралдааны зам, зохион байгуулалт, уяач, унаач хүүхдийн хандлага зэргээс шалтгаалдаг.

2006-2008 оны улсын баяр наадмын үеэр /аймгуудын наадмыг оролцуулахгүйгээр/ 101 хүүхэд мориноос унаж, 40 нь хүнд хөнгөн гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол, 2009 оны улсын баяр наадмаар /аймгийн  наадмыг оролцуулаад/ 20.074 хүүхэд хурдан морь унасан бөгөөд тэдгээрээс 260 нь ямар нэг шалтгааны улмаас уралдааны замд мориноос ойчсон. Тэдний 56,8 хувь нь хүнд хөнгөн бэртэл авсан бол 55,7 хувь нь ослын даатгалаас дэмжлэг авч чаджээ. Дээрх тоо баримтаас харахад унаач хүүхдүүд хуульд заасан ослын даатгалд 100 хувь хамрагдаж чаддаггүй нь харагдаж байгаа юм. Ялангуяа хөдөө орон нутагт энэ байдал нэлээд назгай байдаг. Зарим аймагт бүр унаач хүүхдүүдээ даатгалд огт хамруулдаггүй зөрчил ч байдаг гэнэ.  Жишээлбэл 2009 оны улсын баяр наадамд хурдан морь унасан хүүхдүүдийн цөөнх нь буюу 48,29 хувь нь ослын даатгалд  хамрагдсан байжээ. Уг нь хуулиараа бол уралдахаар бүртгүүлэхдээ ослын даатгалд заавал хамрагдах ёстой. Өнгөрсөн жилүүдийн дундажийг харахад уяачид, морины эзэд  ихэвчлэн унаач хүүхдээ 100.000-200.000 төгрөгөөр даатгуулж 2000-4000 төгрөгийн хураамж төлдөг нь судалгаанаас харагдсан байна. Хүүхдүүдийн бэртэж гэмтсэн хугацааг ажиглавал 6-8 саруудад илүүтэй, тэр тундаа долдугаар сар хамгийн өндөр хувьтай гарч байгаа аж. Зөвхөн 2009 оны эхний найман сарын байдлаар Гэмтэл  Согогын Сэргээн Засах Клиникт 158 хүүхэд ийм шалтгааны улмаас  хэвтэж эмчлүүлсэн бол тэдний 40 нь долдугаар сард бэртэл авчээ. Гэхдээ бэртсэн хүүхдүүдийн ихэнх нь тэр даруйдаа эмчид ханддаггүй гэж үзэхээр энэ тоо хэд дахин нэмэгдэх болж байгаа юм. Унаач хүүхдүүд гар, хөлийн хугарал, тархины гэмтэл, хацар, нүүр хөлдөлт зэрэг гэмтэл бэртэл авах нь элбэг байдаг.
Амьнаас үнэтэй алдар нэр гэж үгүй

Мориноос унаж бэртсэн хүүхдүүдээс гадна уралдааны замд амиа алдсан хүүхдүүдийн тоо өдгөө гарын арван хуруунаас даваад байгаа хэдий ч мэдэгдээгүй нь үүнээс ч их бий хэмээн үздэг. Уяачийн нэр хүндтэй холбоотой учраас уралдааны замд эндсэн хүүхдүүдийн асуудлыг аль болох нууцлахыг хичээдэг нь олон жишээн дээр ажиглагдсан гэнэ. Амь насаа алдсан хүүхдүүдийн олонхи нь нэгээс дээш насны морь унасан /сүүлийн үед нэг унаач хүүхэд 2-6 насны морь унадаг жишиг тогтоод байгаа/ байсан нь анхаарах ёстой зүйлийн нэг болжээ. Өөрөөр хэлбэл мориноос унасан ч ил бэртэлгүй учраас дараагийн насны морийг унаж яваад бэртэл нь сэдэрдэг байна. Жишээлбэл судалгаанд хамрагдсан нас баралтуудын нэг нь их насны морь унах үедээ мориноос унаж, тархиндаа бэртэл авсан байхад нь эмчид үзүүлэлгүй соёолон насны морь унуулж, уралдааны замд гэмтэл нь хүндэрч ухаан алдан унаж, улмаар амь насаа алджээ.

Хамгаалалтын хувцас хэрэглэж заншъя

Унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэл, хувцсаар хангах тухай хуулийн заалт бий. Гуталдаа таарсан хамгаалалт бүхий эмээлтэй хүүхэд мориноос унах нь бага болох нь тогтоогджээ. Судалгаанаас харахад уралдаанд оролцогсдын 70 хувь зайдан уралдаж байгаа бөгөөд төвийн бүсийг тойрсон уралдаануудад байдал дээрдэж байгаа ч хангалттай хэмжээнд биш. Тиймээс эрхэм уяач, морины эзэд та бүхэн наанадаж унаач хүүхдийнхээ эрүүл мэнд, цаанадаж баяр наадмаа жинхэнэ утгаар нь цэнгэл байлгахын тулд хүүхдийнхээ хувцас хэрэглэлд анхаарал хандуулаарай.

Мөн судалгаанд тусгагдаагүй ч олон нийт ихээхэн эмзэглэдэг асуудлын нэг нь унаач хүүхдийн нийгмийн гарал, амьдралын байдал. Уяачдын болон ойр тойрныхных нь яриагаар бол унаач хүүхдүүдийн ихэнх нь амжиргаанаас баталгаажих түвшингээс доогуур өрхийн хүүхдүүд байдаг бөгөөд хөдөө орон нутгийнхан зонхилдог. Тэдний ихэнх нь морины эзэн, уяачийндаа амьдарч хооллож хувцаслуулдаг. Хэдийгээр баяр наадмын тухай хуулинд унаач хүүхдийн урамшууллын тухай тусгасан байдаг ч хоорондын тохироогоор илүүтэй зохицуулагддаг нь амьдрал дээр илүүтэй ажиглагддаг. Жишээлбэл унаач хүүхдүүд моринд томдож хасагдмагцаа уяачийндаа туслах адуучнаар  үлдэж,  тэндээсээ өрх тусгаарладаг байна. Үүнээс харахад морины эзэд, уяачид унаач хүүхдүүдийн хувьд хоёр дахь эцэг  эх нь болдог учраас хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэндэд эцэг эхийн үүднээс хандах ёстой болж байгаа юм.
Хүүхэд мориноос унах шалтгааны нэг нь өөртэй нь холбоотой байдаг аж. Баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын даргаар арав гаруй ажилласан С.Баасанхүү генерал унаач хүүхдүүдтэй холбоотой санаанд оромгүй явдлуудыг хүүрнэсэн юм.

Сүүлийн хэдэн жил уяачид гал уяаны хэлбэрт орж нутаг усаараа, найз нөхдөөрөө нийлэн морь уях болсон. Нэг гал уяанаас нэг насанд багадаа таван адуу морддог.  Өөрөөр хэлбэл нэг галын таван хүүхэд уралдааны замд гарна гэсэн үг. Тэд ганц нэгээрээ яваа хүүхдүүдийг шоглох, морийг нь үргээх, цочоох зэргээр шударга бус аашилж улмаар хүүхдийг унагаахад хүргэдэг гэнэ. Мөн ташуурынхаа үзүүрт мэс бэхэлж бусдын морийг хатгахаас эхлээд гарааны төхөөрөмжийн торыг зүсэх оролдлого хүртэл гаргаж, түүнээсээ болоод өөрөө мориноосоо унасан явдал ч гарчээ.

А.ТЭЛМЭН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж