
-Германчууд Англи, Аргентины шигшээ багийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлж, дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа. Германы шигшээ багийнхан ямар байна?
-Та нарын бодож байгаачлан яг энэ мөчид бид баяртай байна. Дараагийн тоглолтуудад бүр илүүг харуулна.
-Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүнтэй оролцож буй Германы шигшээ багт ямар үнэлгээ өгмөөр байнадаа?
-Бидэнд санаа зовох юм байхгүй. Бид ур чадвартай. Мөн сэтгэлийн хөөрлөө хэрхэн дарж, бөмбөг рүү анхаарахаа мэддэг гайхалтай тоглогчидтой. Бид сүүлийн минут хүртэл энэ эрчээрээ тоглох болно. Магадгүй бид хоёр, гурван оноогоор ялсан бол тийм ч сэтгэл хангалуун байж чадахгүй байх. Гэтэл манай оруулсан гоолын тоо гайхалтай байгаа шүү дээ. Энэ бол миний бүрэлдэхүүнд нь багтан тоглож байсан үндэсний шигшээгээс хамгийн шилдэг баг нь. Англи, Ганын шигшээ багийг ялсны дараа бид өөрсдөдөө илүү итгэлтэй болж чадсан юм шиг санагддаг. Австраличуудын эсрэг сайн тоглолтыг үзүүлсэн ч тэр үед багийн зохион байгуулалт төдийлөн хангалттай байгаагүй. Харин англичуудтай тоглох үеэс эхлээд бид хэн, хаана, хэзээ, юу хийх ёстойгоо илүү их ойлгосон.
-Дасгалжуулагч Иохим Лоу багийнхаа төлөө юу хийв?
-Дасгалжуулагч гэдэг бол эзэн л гэсэн үг. И.Лоу болон түүний баг биднийг тоглолт бүрийн өмнө маш сайн бэлтгэж байгаа. Жишээ нь, Аргентины шигшээтэй тоглох үед бид тэднийг бөмбөгөө хэрхэн дамжуулж, гоол оруулахыг хараад зогсч болох л байсан. Гэхдээ дасгалжуулагчийн зөвлөгөөгөөр бид илүү түрэмгий байж, нүүрний шугам руу бөмбөгөө хурдтай дамжуулж чадсан. Энэ тактик сүүлийн хоёр тоглолтын туршид бидний амжилтын түлхүүр болж байна шүү дээ.
-“Евро 2008”-ын финалын шатанд Испанийн шигшээгийн эсрэг тоглолтод та нар 1:0-ээр ялагдаж байсан. Энэ удаагийн дэлхийн аваргын хагас шигшээд хариугаа авах боломж олдож байна?
-Ийм бодол хамгийн түрүүнд л толгойд орж ирдэг. Тэр үед испаничууд биднээс илүү байсан. Тийм учраас гомдоллох юм байхгүй. Бидэнд цом авах боломж байсан. Харин тэр боломжийн үзүүрээс шүүрээд алдахаар хэн ч гэсэн уурлана биз дээ. Үнэхээр ч Германы шигшээ тэр үед 100 хувийн тоглолт үзүүлж чадаагүй. Одоо бол бидний зүрх ялалтын төлөө цохилж байна. Тоглогч бүр үүнийг сэтгэлээсээ мэдэрч байгаа. Тоглогч бүр финалын шатны төлөө амьсгалж байна.
-Шави, Андрес Инеста, Дэвид Вилла нарыг бүрэлдэхүүндээ багтаасан Испанийн шигшээгийн довтолгоог яаж зогсооно гэж бодож байна вэ?
-Бид 2008 оныхоосоо эрс өөрчлөгдсөн. Манай баг шал өөр тоглолт үзүүлэх болно. Харин Испанийн шигшээ чухамдаа нэг их өөрчлөгдөөгүй байх. Тэд хүмүүсийн найдаж байгаа шиг сайхан тоглолт үзүүлж чадахгүй ч байж мэднэ. Гэхдээ тэд бол ялалтын төлөө тоглох баг. Гайхалтай тоглодоггүй ч гэсэн ялж чаддаг баг. Энэ нь л испаничуудыг аюултай болгож байгаа юм. Миний бодлоор бид дэлхийн хамгийн шилдэг багийн эсрэг тоглох гэж байна. Хэдийгээр испаничууд амархан давах даваа биш ч бид тэднийг ялж чадна. Яг л Англи, Аргентины шигшээг хожсон шиг Испанийн шигшээг ч ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.
-Германы шигшээ баг, Герман үндэстэн тэр чигээрээ баяр хөөртэй байна. Гэхдээ та нар одоохондоо юунд ч хүрээгүй байгаа шүү дээ?
-Үнэндээ бид хөлбөмбөгийн хорхойтнуудын гайхашрал, бидний төлөө гэсэн сэтгэлийг шагнал болгоод авчихсан гэж бодож байна. Миний зорилго бол тэмцээний үеэр фанатуудаа баярлуулах юм. Манай тоглолтын дүр зураг итгэхийн аргагүй гайхалтай байна. Таны хэлж буйгаар бол бид спортын тэмцээний шагналыг хараахан хүртээгүй байж болох юм.
-Та бол довтолгоондоо их анхаардаг тоглогч. Харин энэ удаад талбайн төв хэсгээр тоглож байна. Үүнд хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Уг нь би ийм үүрэг хүлээнэ гэж найдаж байгаагүй. Гэхдээ энэ бол миний хувьд ур чадвараа харуулах хамгийн шилдэг байрлал гэдгийг мэдэж байна. Магадгүй хоёр, гурван жилийн өмнөөс энэ байрлалд тоглох хэрэгтэй байсан байх. Гэхдээ тэр үед энэ байрлалд олон сайн тоглогч байсан л даа.
-Хөгжөөн дэмжигч, шүүмжлэгчид таныг Аргентины эсрэг хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн гэж дүгнэсэн. Үүнийг зөвшөөрч байна уу?
-Манай баг сайн байсан учраас л би сайн тоглосон. Энэ бол маш чухал. Хувийнхаа зүгээс бол би хэзээ ч төгс тоглолт үзүүлж байгаагүй. Аргентины шигшээгийн эсрэг ашигтай байрлалд байсан. Би өмнө нь бүр илүү тоглолт үзүүлж байсан шүү дээ. Дэлхийн аваргын өмнөх тэмцээний үеэр Португалийн эсрэг тоглосныг минь санаж байна уу. Би үргэлж төгс тоглохыг хүсдэг. Энэ нь ч надад ахих боломж олгодог байх. Миний зорилго бол цом. Тиймээс ч амжилтдаа 100 хувь сэтгэл хангалуун байхыг хүсэхгүй, испаничуудыг бут цохихыг хүсч байна. Бидэнд боломж бий. Гэхдээ би Испанийн шигшээг агуу гэдгийг хүлээн зөвшөөрнө.
-Михайл Баллак гэмтлийн улмаас тэмцээнд ороогүй. Гэхдээ тэр та нарт нэг их хэрэггүй л байж дээ?
-Нэг талаар тийм туршлагатай тоглогч гэмтэл авсан нь харамсмаар. Бид түүнтэй илүү сайн тоглох байсан ч байж болно. Гэхдээ нөгөө талаас түүнийг байхгүй ч бид сайн тоглож байна. М.Баллак эргэж ирээд багаа илүү хүчирхэг болгох нь дамжиггүй.
-Саяхны ярилцлагадаа та элэнц эцгээ Голланд хүн байсан тухай ярьжээ. Та улбар шартнуудад дуртай юу?
-Тийм. Би Марко ван Бэстэний фанат. Голланд бол жижигхэн орон. Гэхдээ гайхалтай тоглогчдыг бэлтгэдэг. Би тэдний тоглолтыг Байренд өдөр бүр хардаг. Тэд сайжрахын төлөө их хичээдэг. Голландын багийн бүрэлдэхүүнд багтсан Марк Ван Боммел, Ариен Роббен нар Байрены тоглогч. Тэд багаа финалын шатанд авчирч чадсан. Бид тэдний эсрэг сүүлчийн шатанд тоглох байх.
-Та клубын хамтрагчидтайгаа холбоотой байгаа юу?
-Бид дэлхийн аваргын тэмцээн эхэлснээс хойш холбоогоо таслаагүй байгаа. Бразилийн эсрэг тоглож, гайхалтай хууралт хийсний дараа тэдэнтэй ярьж, баяр хүргэсэн. Надад маш гайхалтай санагдсан. Үүнийгээ ч хэлсэн.
Сэтгүүлч Т.Элиса
Улстөрийн тойм