Хямраагүй Монгол ба хямарсан Грекийн ижилсэл

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Хямраагүй Монгол ба хямарсан Грекийн ижилсэл

Хямраагүй Монгол ба хямарсан Грекийн ижилсэл
“Грекийн эдийн засаг хямарчихаж” гэж манайхан баахан шоолж өрөвдөв. Харин өнөөдөр  хямраагүй Монгол нь хямарсан Гректээ эдийн засгийн бодлогын хувьд хол хаягдчихаад байна. Тухайн үед олон улсын санхүүгийн шинжээчид Грекийг “Европын дарьтай торх, еврог живүүлэх чулуу” хэмээн нэрлэж байлаа. Өнгөрсөн тавдугаар  сарын байдлаар Грекийн төсвийн алдагдал ДНБ-ий 12.7 хувийг эзэлж байв. Энэ нь Европын холбоонд зөвшөөрөгдсөн алдагдлаас дөрөв дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Тус улсын өр 300 тэрбум еврог давж, өрийг төлж дуусахын тулд хүүг оролцуулахгүйгээр бүтэн жил үнэгүй ажиллах ёстой тийм хүнд нөхцөлд орсон.

Ард иргэд нь тасралтгүй жагсаал цуглаан, ажил хаялт зохион байгуулж байсан тэр үед Грекийн Ерөнхий сайд Г.Папандреу хүртэл “Манай оронд болж буй хөрөнгийн гүнзгий хямрал Европ болон дэлхийг шинэ хямралд хүргэж болзошгүй” хэмээн анхааруулж байлаа. Грекийг Европын “өвчтэй хүн” гэж тодорхойлоход хүргэсэн гол хүчин зүйл нь Монголынхтой олон талаар төстэй байв. Юуны өмнө нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд архагшсан, хөдөө аж ахуйн орон гэсэн нэртэйгээр аж үйлдвэрийн салбараа олигтой хөгжүүлээгүйгээрээ ихэр мэт адилхан. Рахиттай хүүхэд шиг нүсэр бүтэцтэй  төсвийн байгууллагуудтай, төсвийн сахилга бат байхгүй. Эдийн засгаараа дэмжээгүй ч нийгэм рүү чиглэсэн халамжийн бодлого  зэрэг нь манай хоёр орныг төсвийн сүйрэлд дуртайяа хөтлөн ирсэн байдаг. Грекчүүд хямралын шалтгаандаа есөн тэрбум евро буюу ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний алдагдал авч ирсэн Афины олимпыг нэрлэх дуртай. Уг нь тус улсын төсөв тэр үед ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэж огцом өсч байсан юм. Гэхдээ мэргэжлийн экспертүүд үүнийг грекчүүдийн залхуу зантай холбон тайлбарлаж, ашиг олох бус алдагдалтай үлдсэний бурууг өөрсдөд нь тохдог юм билээ. Грекийг “Залхуучуудын орон” гэж шүүмжлэх шалтгааны нэг нь тэдний ажлын цаг өглөөнөөс өдрийн 14.00 цаг хүртэл үргэлжилдэгтэй холбоотой юм. Харин үдээс хойш хэмжээлшгүй зугаа цэнгэлд автдагаараа Монголтой төстэй.
Одоо хамгийн гол ижилсгэх шалтгааныг дурьдъя. Энэ нь мэдээж улс төрийн үйл амьдрал, улстөрчдийнх нь алдаа дутагдлуудтай холбоотой. Тухайлбал, төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, Засгийн газрын тогтворгүй байдал нь эдийн засгийн асуудлуудтай холбоотой хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулах боломжийг олгож байсан. Хамтарсан Засгийн газар байгуулахаас өмнөх үеийн Монголын дүр төрх санаанд орж байгаа биз. Ялгаатай нь Грект ажил хийж байгаа хүмүүс үйлдвэрчний эвлэлүүдээс зарласан ажил хаялтад оролцох нь үг дуугүй биелүүлэх ёстой хууль байдаг ажээ. Тиймээс үйлдвэрчний эвлэлүүдийн болон зүүний намуудын идэвхжил дандаа өндөр байдаг байна. Хөөрхий Засгийн газар нь хөрөнгө мөнгөний боломжгүй ч байсан улс төрд оршин тогтнохын тулд тэдний шаардлагыг дагах хэрэгтэй болдог ажээ. Монголын улс төртэй ижилсэх дараагийн шинж тэмдэг нь төр засгийн бүх түвшиндээ худалдагдаж, авлигад автагдсан байдаг. Энэ дутагдал нь  “Үндэсний заншил” болтлоо хөгжиж, хямралын үндэс суурийг тавьсныг мөнөөх арчаагүй Ерөнхий сайд нь бас л хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ тэрбээр ард түмэндээ “Эсвэл бид өөрчлөгдөнө, эсвэл мөхнө” гэсэн уриаг дэвшүүлсэн юм.
Тэгвэл одоо Грек эдийн засгийн үед яаж аймшигт хямралыг гэтлэн хөл дээрээ босч ирж буйг бид харж байна. Эхний ээлжинд тэдэнд өмнөх өрөө төлөхийн тулд хамгийн багадаа 20 тэрбум евро олох хэрэгцээ тулгарсан. Мөн 2013 он хүртэл төсвийн алдагдлаа ДНБ-ий гурван хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүртэл бууруулах, улмаар хоёр жилийн дотор төсвийн алдагдлаа 75 хувиар бууруулах төлөвлөгөө боловсруулсан. Түүнийг нь Spiegal сэтгүүлд “Жинхэнэ гайхамшиг” хэмээн ёжлон бичиж байв. Гэвч грекчүүд гайхамшгийг үзүүлж эхэллээ. Гайхамшгийг бүтээхдээ таагүй өөрчлөлтөөс эхэлсэн нь ч үнэн. Төсвийн ажилтнуудын цалинг гурван жил нэмэхгүй, ажлын орон тоог их хэмжээгээр бууруулна, НӨАТ-ыг 21 хувь хүртэл өсгөнө. Архи, тамхины үнийг 20 хувиар нэмж тансаг эдлэл, үнэтэй үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлсэн зэрэг нь эсэргүүцэлтэй тулгарч улс орныг донсолгож байсан юм. Грекийн Засгийн газар бусад орны адил ажил хэрэгч байдлыг идэвхжүүлэхийн тулд олон арван тэрбум евро гаргаж банкууд, хувиараа бизнес эрхлэгчдээ дэмжсэн. Мэдээж Европын холбоо ч зүгээр суугаагүй. “Өрийг улс орон өөрөө хариуцна” гэсэн хатуу зарчмаа зөрчин түүхэндээ анх удаа Грекийн төсвийг өөрийн шууд хяналтдаа авсан юм. Одоо Грек 2-3 сар тутамд “Афин хямрал”-ын эсрэг төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж, зөрчвөл Европын холбоонд торгууль төлөх болсон. Гэвч төсвийн хямралтай, гадаадад их хэмжээний өртэй манай орны улстөрчдөд гашуун сургамж өгсөн байх учиртай.
Монгол  Улсын хувьд санхүү эдийн засгийн хямралыг даван туулах хур хөрөнгөгүй, олсноо үрэн таран хийсээр ирсэн. Саяхнаас Засгийн газрын бондоор алдагдлаа нөхдөг шинэ аргад суралцаж буй ч бондоо гадаад зах зээлд гаргаж чадахгүй бай­гаагаасаа болоод мөнөөх   л ОУВС, Дэлхийн банкнаасаа тус­ламж хүсэхээс аргагүй нөхцөлд хүрээд байгаа. Гэхдээ грекчүүдээс ялгаатай нь бүсээ чангалж чадахгүй, төсвөө хянуулах дургүй. Энэ байдал нь хямраагүй Монголыг хямарсан грекээс дор нөхцөл байдалд хүргэж байна.

Тоймч У.Оргилмаа

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж