Дөрвөн албан тушаалтныг шалгаж байна | News.MN

Дөрвөн албан тушаалтныг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн албан тушаалтныг шалгаж байна

Дөрвөн албан тушаалтныг шалгаж байна
УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан болон Гадаад харилцааны яамны хоёр ажилтанг төрийн нууц задруулсан гэх үндэслэлээр шалгаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Тодруулбал, Ц.Жаргалсайхан Гадаад ха­рил­цааны яамны Хойд хөр­шийг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, Урд хөршийг ха­риуцсан мэргэжилтэн Г.Бай­галмаа нар бүлэглэн тө­рийн нууцад хамаарах ба­римт бичгийг бусдад дамжуулсан хэрэгт хол­богдсон. Төрийн нууцтай хол­боотой учраас хэргийн талаарх нарийн мэдээллийг Тагнуулын ерөнхий газ­раас өгөх боломжгүй гэд­гээ илэрхийлсэн. Ха­рин баттай бус эх сур­вал­жийн мэдээлснээр Ц.Жар­галсайхан төрийн өн­дөр­лөгүүдийн ОХУ-д хий­сэн айлчлалын талаарх баримт бичгийг Б.Болор, Г.Байгальмаа нараас ца­хим шуудангаар авсан. Улмаар түүнийгээ БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудад цахим шуу­дангаар илгээсэн хэрэгт хол­богдсон аж.

УИХ-аар үндэсний аюул­гүй байдлын асуудлыг хэлэл­цэхэд хүргэсэн төрийн нууцтай холбоотой дээрх хэргийн талаар эх сурвалжуудаас нэхэн тодрууллаа.
Мөрдөн байцаалтын та­лаар Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Зулаа “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Прокурорт шилжээгүй. Мөр­дөн байцаалтыг дуусгаж хянал­тын прокурорт шил­­жүүлснийхээ дараа мэ­дээлэл өгөх боломжтой” гэсэн юм. Харин эх сур­вал­жийн мэдээлснээр Ц.Жар­галсайханыг яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгээд бай­гаа аж. Тодруулбал, Мөрдөн байцаагч Ц.Жар­галсайханд Эрүүгийн хуу­лийн 87 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар та­тах тогтоол үйлджээ. Төрийн нууцад хамаарах мэ­дээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулснаар хүнд хор уршиг учирсан бол 5-8 жил хүртэл хорих ялаар шийтгэх тухай хуулийн дээрх заалтад дурьджээ. Өнгөрсөн долоо хоногт яллагдагч, өмгөөлөгчийнхөө хамт хэргийн материалтай танилцсан мэдээ байна. Мөн Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Б.Бо­лор, Г.Байгалмаа нараас цөөнгүй байцаалт авсан байна. Улмаар улсын нуу­цад хамаарах харилцааг хариуцаж ажилладаг дип­ломат ажилтнууд нууцын зэрэглэлтэй баримт бичгийг цахим шуудангаар бусдад дамжуулсан нь санамсаргүй үйлдэл биш гэж үзжээ. Тэднийг Ерөнхийлөгчийн Там­гын газраас шаардсаны дагуу, нууцын зэрэглэлтэй гэдгийг нь мэдэхгүйгээр баримт бичгийг санамсаргүй дамжуулсан нь тогтоогдвол Төрийн нууцын хуульд заасны дагуу торгох захиргааны шийтгэл оногдуулах байсан аж. Гэвч үйлдэл нь санаатай, бүлэглэсэн шинжтэй байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эрүү­гийн хэргийн сэжигт­нээр татагдсан Б.Болор, Г.Байгалмаа нарын талаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дарга Ө.Энхтөр “Манай ажилтнууд одоо ч ажлаа хийж байгаа. Гэм буруутай нь нотлогдоогүй байхад ажил, үүргийн хувьд хариуцлага тооцох эрх бидэнд байхгүй. Хуулийн байгууллагаас тэднийг тийм сүртэй мөрдөж, байцаагаад байсан зүйл алга. Асууж, тодруулах юмаа асуусан л байх. Тэр талаар надаас илүү сэтгүүлчид мэдээлэлтэй байдаг юм шиг байна лээ” гэв.

Тэднээс гадна Тагнуулын ерөнхий газарт улсын нууц задруулсан нэгэн хэргийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тод­руулбал, Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан ху­рандаа  Ш.Энхбатад холбогдох хэргийг саяхан Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ. Ш.Энхбат ху­ран­даа Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Агаарын довтолгооноос хам­гаалах цэргийн ко­манд­лагчаар ажиллаж байх­даа радиолакаторын хоёр станцыг шинэчлэх нэ­рийдлээр хувьдаа 3.8 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдсон юм. Түүнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж мөнгө завшсан нь тогтоогдоогүй учраас харьяаллын бус гэдэг шалтгаанаар Нийс­лэлийн прокурорын га­зарт шилжүүлсэн аж. Харин хяналтын прокурор Ш.Энхбатын үйлдсэн гэх хэрэг улсын нууц задруулсан хэрэгт холбогдоно гэж үзээд Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ. Гэхдээ дээр дурьдсан радиолакаторын станц шинэчлэхдээ мөнгө завшссан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгаж байгаа хэрэгт нь огт холбоогүй бололтой. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн нөөц, бололцооны талаар мэдээлэл гаргасан бололтой. Гэхдээ яагаад улсын нууц задруулсан хэрэгт холбогдсоныг нь Тагнуулын ерөнхий газраас мэдээлэх боломжгүй гэсэн юм. Зөвхөн “Түүнийг улсын нууц задруулсан үндэслэлээр шалгаж байгаа нь  үнэн” гэсэн хариултыг Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч өгсөн юм.
Ш.Энхбат нь Зэвсэгт хүчний жанжин штабын ажилтнаас Агаарын довтолгооноос хамгаалах ангийн даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн. Тэрбээр гурван жилийн өмнө Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилогдсон аж.

Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж