УИХ-аар үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн төрийн нууцтай холбоотой дээрх хэргийн талаар эх сурвалжуудаас нэхэн тодрууллаа.
Мөрдөн байцаалтын талаар Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Зулаа “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Прокурорт шилжээгүй. Мөрдөн байцаалтыг дуусгаж хяналтын прокурорт шилжүүлснийхээ дараа мэдээлэл өгөх боломжтой” гэсэн юм. Харин эх сурвалжийн мэдээлснээр Ц.Жаргалсайханыг яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Тодруулбал, Мөрдөн байцаагч Ц.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулснаар хүнд хор уршиг учирсан бол 5-8 жил хүртэл хорих ялаар шийтгэх тухай хуулийн дээрх заалтад дурьджээ. Өнгөрсөн долоо хоногт яллагдагч, өмгөөлөгчийнхөө хамт хэргийн материалтай танилцсан мэдээ байна. Мөн Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Б.Болор, Г.Байгалмаа нараас цөөнгүй байцаалт авсан байна. Улмаар улсын нууцад хамаарах харилцааг хариуцаж ажилладаг дипломат ажилтнууд нууцын зэрэглэлтэй баримт бичгийг цахим шуудангаар бусдад дамжуулсан нь санамсаргүй үйлдэл биш гэж үзжээ. Тэднийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас шаардсаны дагуу, нууцын зэрэглэлтэй гэдгийг нь мэдэхгүйгээр баримт бичгийг санамсаргүй дамжуулсан нь тогтоогдвол Төрийн нууцын хуульд заасны дагуу торгох захиргааны шийтгэл оногдуулах байсан аж. Гэвч үйлдэл нь санаатай, бүлэглэсэн шинжтэй байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эрүүгийн хэргийн сэжигтнээр татагдсан Б.Болор, Г.Байгалмаа нарын талаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дарга Ө.Энхтөр “Манай ажилтнууд одоо ч ажлаа хийж байгаа. Гэм буруутай нь нотлогдоогүй байхад ажил, үүргийн хувьд хариуцлага тооцох эрх бидэнд байхгүй. Хуулийн байгууллагаас тэднийг тийм сүртэй мөрдөж, байцаагаад байсан зүйл алга. Асууж, тодруулах юмаа асуусан л байх. Тэр талаар надаас илүү сэтгүүлчид мэдээлэлтэй байдаг юм шиг байна лээ” гэв.
Тэднээс гадна Тагнуулын ерөнхий газарт улсын нууц задруулсан нэгэн хэргийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан хурандаа Ш.Энхбатад холбогдох хэргийг саяхан Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ. Ш.Энхбат хурандаа Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа радиолакаторын хоёр станцыг шинэчлэх нэрийдлээр хувьдаа 3.8 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдсон юм. Түүнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж мөнгө завшсан нь тогтоогдоогүй учраас харьяаллын бус гэдэг шалтгаанаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн аж. Харин хяналтын прокурор Ш.Энхбатын үйлдсэн гэх хэрэг улсын нууц задруулсан хэрэгт холбогдоно гэж үзээд Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ. Гэхдээ дээр дурьдсан радиолакаторын станц шинэчлэхдээ мөнгө завшссан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгаж байгаа хэрэгт нь огт холбоогүй бололтой. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн нөөц, бололцооны талаар мэдээлэл гаргасан бололтой. Гэхдээ яагаад улсын нууц задруулсан хэрэгт холбогдсоныг нь Тагнуулын ерөнхий газраас мэдээлэх боломжгүй гэсэн юм. Зөвхөн “Түүнийг улсын нууц задруулсан үндэслэлээр шалгаж байгаа нь үнэн” гэсэн хариултыг Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч өгсөн юм.
Ш.Энхбат нь Зэвсэгт хүчний жанжин штабын ажилтнаас Агаарын довтолгооноос хамгаалах ангийн даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн. Тэрбээр гурван жилийн өмнө Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилогдсон аж.
Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр
Улс төрийн тойм
Холбоотой мэдээ