АТГ гишүүдийг тагнасан уу? | News.MN

АТГ гишүүдийг тагнасан уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

АТГ гишүүдийг тагнасан уу?

АТГ гишүүдийг тагнасан уу?
Авлигатай тэмцэх газрынхны тухай тун ноцтой мэдээлэл дуулдав. Тэд УИХ-ын нэр бүхий 27 гишүүнийг тагнаж, чагнадаг байсан баримт саяхан илэрч, Төрийн ордныхныг цочролд оруулаад байна. Монгол төрийн нэгэн эд, эс атлаа түшээдийнхээ бүрэн эрхэд бүдүүлгээр халдагч нь Авлигатай тэмцэх газар болон хувирав. Төрийн албан хаагчид дундаас хамгийн өндөр цалин, ахуй хангамжийг эдэлдэг тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр 100 сая төгрөгийн тэтгэмж хүртдэг онцгой эрхтэй. Үүгээр ч зогсохгүй дотоод хяналт нэрийдлээр ажилтнуудаа тагнаж, чагнадаг байсан Авлигатай тэмцэх газрын удирдлагууд эрхэм гишүүдийн утсыг чагнадаг байсан нь хүмүүсийг багагүй бухимдуулж байна.

Утсаа чагнуулж “хохирсон” УИХ-ын зарим гишүүн “Миний ард 30 орчим мянган сонгогч бий. Авлигатай тэмцэх газрынхан утас чагнасан нь сонгогчдыг маань тагнаж, чагнаснаас өөрцгүй. УИХ-ын 27 гишүүнийг чагнасан гэдэг нь ойролцоогоор 800 мянган сонгогчийг тагнаж, чагнасан гэсэн үг” гэж байв. Хэдийгээр тагнуулж, чагнуулсан “хохирогч” гишүүдийн нэрийг албан ёсоор зарлаагүй ч МАХН, Ардчилсан намын нөлөө бүхий лидерүүд чагнах төхөөрөмжид чадуулсан дуулдана. Авлигаас ангид байгч, авлигаас ангижруулагч болохын төлөөх шоу тэмцээнд өрсөлдөж байсан улстөрчид ийнхүү 1937 оны үеийн хэлмэгдүүлэлтийн “робот” зохион бүтээснээ сая нэг анзаарч, сүрдэж байгаа гэж жигтэйхэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон өчигдөр хаалга, үүдээ цоожилж аваад Ч.Сангарагчааг огцруулах эсэхийг хэлэлцсэн юм. Гэвч хуралдааны явцад талуудын байршил солигдож, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “яллагч”-ийн дүрд хувирав. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох асуудлуудыг дахин сөхөж, “гал”-ыг өөрөөсөө холдуулах гэж оролдлоо. Энэхүү мэх нь амжилттай болж, УИХ-ын гишүүд Ч.Сангарагчаагийн асуудлыг нэг тийш шийдэх гэсэн биш тархиндаа цус харвуулах дөхлөө. Үүнийг зарим гишүүн “Авлигатай тэмцэх газар энэхүү хуралдаан болохоос өмнө бидний утсыг чагнаж, ерөнхий хандлагыг урьдчилан мэдсэн байх. Ч.Сангарагчаа дэндүү зальтай хүн юм” гэцгээж байна билээ. Ямартай ч Авлигатай тэмцэх газар, түүний удирдлагуудын тухай дээрх мэдээллийг баримтжуулах үйл явц УИХ-ын гишүүдийн дунд өрнөж эхэлжээ. Хэрэв Ч.Сангарагчаа ажилтнууддаа үүрэг өгч, эрхэм гишүүдийг тагнаж, чагнуулсан нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрохоос эс юм болох нь тодорхой. Утсаа чагнуулсан гишүүд Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг шүүхэд өгөх тухайд ч хэлэлцэж байгаа юм байна. “Хохирогч” гишүүдийн нэрс ч ойрмогхон тодорхой болох биз.

С.Баттулга  Тоймч

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж