Утсаа чагнуулж “хохирсон” УИХ-ын зарим гишүүн “Миний ард 30 орчим мянган сонгогч бий. Авлигатай тэмцэх газрынхан утас чагнасан нь сонгогчдыг маань тагнаж, чагнаснаас өөрцгүй. УИХ-ын 27 гишүүнийг чагнасан гэдэг нь ойролцоогоор 800 мянган сонгогчийг тагнаж, чагнасан гэсэн үг” гэж байв. Хэдийгээр тагнуулж, чагнуулсан “хохирогч” гишүүдийн нэрийг албан ёсоор зарлаагүй ч МАХН, Ардчилсан намын нөлөө бүхий лидерүүд чагнах төхөөрөмжид чадуулсан дуулдана. Авлигаас ангид байгч, авлигаас ангижруулагч болохын төлөөх шоу тэмцээнд өрсөлдөж байсан улстөрчид ийнхүү 1937 оны үеийн хэлмэгдүүлэлтийн “робот” зохион бүтээснээ сая нэг анзаарч, сүрдэж байгаа гэж жигтэйхэн.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон өчигдөр хаалга, үүдээ цоожилж аваад Ч.Сангарагчааг огцруулах эсэхийг хэлэлцсэн юм. Гэвч хуралдааны явцад талуудын байршил солигдож, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “яллагч”-ийн дүрд хувирав. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох асуудлуудыг дахин сөхөж, “гал”-ыг өөрөөсөө холдуулах гэж оролдлоо. Энэхүү мэх нь амжилттай болж, УИХ-ын гишүүд Ч.Сангарагчаагийн асуудлыг нэг тийш шийдэх гэсэн биш тархиндаа цус харвуулах дөхлөө. Үүнийг зарим гишүүн “Авлигатай тэмцэх газар энэхүү хуралдаан болохоос өмнө бидний утсыг чагнаж, ерөнхий хандлагыг урьдчилан мэдсэн байх. Ч.Сангарагчаа дэндүү зальтай хүн юм” гэцгээж байна билээ. Ямартай ч Авлигатай тэмцэх газар, түүний удирдлагуудын тухай дээрх мэдээллийг баримтжуулах үйл явц УИХ-ын гишүүдийн дунд өрнөж эхэлжээ. Хэрэв Ч.Сангарагчаа ажилтнууддаа үүрэг өгч, эрхэм гишүүдийг тагнаж, чагнуулсан нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрохоос эс юм болох нь тодорхой. Утсаа чагнуулсан гишүүд Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг шүүхэд өгөх тухайд ч хэлэлцэж байгаа юм байна. “Хохирогч” гишүүдийн нэрс ч ойрмогхон тодорхой болох биз.
С.Баттулга Тоймч
Улс төрийн тойм