З.Алтай: Үнэнхүү дургүй хүрч байна

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

З.Алтай: Үнэнхүү дургүй хүрч байна

З.Алтай: Үнэнхүү дургүй хүрч байна
УИХ-ын гишүүн З.Алтайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Тавантолгойн орд газ­рыг цаашид хэрхэн ашиглах ту­хай ерөнхий зургийг
УИХ батлах нь тодорхой бол­лоо. Юун түрүүнд энэ талаарх байр суурийг
тань сонирхмоор байна. Засгийн газрын санаачилга сэтгэлд тань нийцэж
байна уу?
-Уг нь Оюутолгой, Таван­толгой, Сонгуулийн тухай хууль гээд асар их
бодож, ард ол­ноороо хэлэлцмээр их том асуудлыг ул суурьтай л шийдмээр
байгаа юм. Гэтэл олон жил парламентад суусан манай энэ аваргуудын арга
заль, муу арга гэдэг чинь их гоё шүү дээ.


-Та наадам далимдуулдгийг хэлж байна уу?

-Зун болоод л, наадам болоод л хүн юун хуультай, ажилтай манатай хүү,
хаа гэж байх хооронд нь хавчуулаад хийчихдэг тэр тактик л явж байна.
Ялангуяа энэ Тавантолгойн асуудал бол Монгол орны эдийн засаг, амь
амьдрал, хөгжил гээд олон зүйлийг шийдэх суурь нь. Үүнийг зөвхөн энэ 76
мэргэн жараахай биш Монголын ард түмний санал бодлыг авч, гадаад,
дотоодын мэргэжилтнүүдийн үгийг сонсч байж шийдэх хэрэгтэй. Энэ орд төр,
ард түмний өмч. Засгийн газар ард түмэнд өгье гэж хэлээд байхад ард
түмэн хувьцаа авах гэж байгаа юм бол яаж авах юм, яаж хуваах вэ, яаж
хуваавал нийцтэй байх юм гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Тэгэхэд энэ хэдэн
нөхөд л “Бид чадна” гээд зүтгэчихэж байна. Үүний гай бараг энэ намраас
эхэлнэ дээ. Булхайтай, буруу, хуудуутай шийдвэр болсон. Ард түмнийг
мэхэлсэн, гадаадынхантай хуйвалдсан луйварчин, хулгайч гээд нөгөө баахан
хараалын үг хэлж, туг барьсан жагсаал хөдөлгөөн гараад ирнэ дээ. Энэ
бол гэм биш зан. Ерөөсөө манайхны л зан. Энэ нөхдүүд үүнийг харахгүй
байх шиг байна. Нэг өдөр оруулж ирээд хүү, хаа гээд л шахаж байна.
Тэгэхээр наадмын өмнө батлагдахаас өөр арга байхгүй.


-Тэгвэл таны байр суурь хаахна нь байгаа юм бэ?

-Нэгэнт цөөнхийг, мань мэтийг сонсох биш. Хоёр ах нам болно гэж бодож
байгаа юм бол шийднэ биз. Өөрсдөө хариуцлагаа хүлээнэ биз. Гэхдээ миний
хувьд явуулах ёстойн хувьд явуулах ёстой гэж бодож байгаа. Түргэн шийдэх
хэрэгтэй. Энэ ордыг эргэлтэд оруулмаар байна. Гэхдээ нэг зүйл дээр би
болгоомжлоод байгаа.


-Юун дээр?

-Арван хувийг ард түмэндээ өгнө өө л гээд даналзаад байна. Үнэгүй юмаа
гээд л. Ер нь дэлхийд үнэгүй юм гэж байдаггүй шүү дээ. Сая би Хонконгийн
бирж дээр очиж туршлага судална гэдэг юмуу, үзэж танилцлаа гэдэг юмуу
захирлуудтай нь уулзаж “Манай Монгол их баян. Танайх баялаггүй. Манай
энхрий хайрт нам, төр засаг Тавантолгойн 10 хувийг үнэгүй өгөх гэж
байгаа” гээд л ярьсан чинь “Юу гэнэ ээ, дахиад нэг хэлэхгүй юу” гээд их
гайхаж байна лээ. Үнэгүй юм гэж байдаг юмуу, танайх их гайхалтай сонин
юм хийх гээд байна гэж байсан. Тэгэхээр нэг юмыг их бодох хэрэгтэй
байна. Арван хувийг нь ард түмэндээ тараагаад өглөө гэхэд нэг хүнд 4-5
орчим сая төгрөгийн юм өгөх гээд байх шиг байгаа юм. Эндээс Засгийн
газар, УИХ иргэдэд нэг зүйлийг ойлгуулах хэрэгтэй байна. Хүн амын 40
гаруй хувийг эзэлж байгаа тэр ядуу хүмүүс хувьцааны ашиг хүртээд жаргана
гэдэг худлаа болчихоод байгаа байхгүй юу. Өнөөгийн нийгмийн энэ эмзэг
бүлгийн тарчигхан сэтгэлгээн дээр мөнгөтэй хэдэн акулууд тоглож, “Наадах
чинь худлаа. 1990-ээд оны улаан, цэнхэр тасалбар шиг юм болно. Тэнд
шуудай гурал өгье. Надад өгчих” гээд л авчихна. Тэгэхэд иргэдэд тэгш
тарааж байгаа хувьцааны зорилго нь байхгүй болчихож байгаа байхгүй юу.
Тэгээд  хартал нөгөө хэд нь эргээд улам бүр баян болчихсон, Тавантолгойн
дийлэнх хэсгийг нь туучихсан, өндөр барилгын цонхоор харахаар нөгөө
хэсэг хүмүүс нь “Өгсөн будаа чинь дуусчихсан. Одоо яах вэ” гээд л сууж
байвал яана. Миний бодлоор болдог бол үе дамжаад явуулдаг байлгамаар
байгаа юм. Удам сударт нь үе дамжих, өөр хүн авах боломжгүй гэдгийг
ойлгуулах хэрэгтэй. Мөн 2.7 сая иргэнд байгалийн баялгийн хишиг гээд
өгөхөөр дараа нь төрөх тэр хүнийг яах юм. Байгаагаа хуваагаад
тараачихаар тэр хүн дараа нь төрсөн нь хохь болох уу. Дахиад 10 хувийг
шинээр өгөх юмуу. Гэх мэтчилэн бодох зүйл их байна.


-Ерөнхий сайд сүүлийн үед бэлэн мөнгө тараах, Тавантолгойгоос хувь
хүртээх тухай гээд гэнэтийн, бас хаана тэр мөнгө нь байгаа юм гэмээр
огцом мэдэгдэл хийгээд байна. Амьдрал дээр тэр нь бодитоор үр дүнгээ өгч
чадах эсэх нь эргэлзээтэй байхад ийм амлалт өгч байгаа нь сөрөг үр
дагавар дагуулж мэдэх юм биш үү. Та юу гэж бодож байна?

-Наадуул чинь яах вэ дээ үндсэндээ сонгуулийнхаа амлалтад бантсан
улстөрчдийн л балаг шүү дээ. Энэ бол үнэхээр эдийн засгийг сөхрүүлнэ.
Гарцаа байхгүй. Одоо тэгээд балиар юм амлачихсан юм чинь яах вэ дээ. Эд
2012 оноо л бодож байгаа. Түүнээс бус эх орон, ард түмнээ бодоогүй.
Зөвхөн намаа, өөрийгөө, арьсаа л бодоод байгаа юм. Ийм балиар аргатай
байхгүй юу. Эд өгнө гэснээ өгөх нь ойлгомжтой. МАХН-тай барьцаад
Ардчилсан нам хүүхдийн мөнгөө дахин гаргаж ирж байна. Хүүхдийн мөнгө
өгөхгүй бол Сонгуулийн хуулиар тохиролцохгүй, наймаалцахгүй гэж байна.
Улс төр гэдэг үнэхээр бохир. Монгол улс төрийн тоглоом л болж байна.
Минийхээр бол хавтгайруулан 20 мянган төгрөг битгий өгөөч гэж хэлж
байгаа. Халамжийн мөнгө өглөө гэхэд яг  хэнд мөнгө хэрэгтэй байгаа юм,
үнэхээр энэ хүн халамж хүртэхээс өөр аргагүй юу гэдгийг сайтар судалж
байж өгөх хэрэгтэй. Боломжтой улсад өгч яах юм. Хүүхэд бүрт өгнө.
Ялгаварлан гадуурхаж болохгүй гэж худлаа шоудах ямар хэрэг байна. Ингээд
байхаар энэ улсын эдийн засгийн даац өөрөө даахаа болиод байна л даа.
Ер нь үнэгүй юм өгнө гэдэг бол төр засгийн хэрэгжүүлдэг хамгийн муу арга
л байхгүй юу. Сая би тойргийнхоо сонгогчдод нөгөө тэрбум төгрөгөөс 14
хүнд гэр өгье гээд туслахаараа судлуулсан. Судалж үзэхэд үнэхээр гэр
өгөхөөс өөр аргагүй хүн тэнд байна. Гэхдээ тэнд үнэхээр арчаагүй дүр
зураг харагдаж л байсан. Хүмүүсийн сэтгэлгээ их буруу болчихсон байна.


-Ямар дүр зураг гэж. Бас та юуг буруу болчихсон гэж тодорхойлсон юм бэ?

-Нэг залуухан хүүхэн байна аа. Дөрвөн хүүхэдтэй юм. Овоохой шиг юманд
амьдардаг. Дахиад гэдсэнд нь тав дахь хүүхэд нь байна гээд бод л доо.
Тэр хүнд өгөхөөс өөр арга байхгүй. Би тэр хүүхнээс “Үгүй ээ, та
амьдралын ямар ч баталгаагүй байж яагаад таван өөр хүний хүүхэд төрүүлж
байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхэд “Би одон авах гэж байгаа юм” гэж
байгаа байхгүй юу. Би гайхсан. “Алдарт эхийн одонгоор чи яах гэж байгаа
юм. Тэр одон чинь амьдрал юмуу” гэхэд “Мөнгө өгдөг юмаа“ гэж байсан.
Хүмүүсийн сэтгэхүй ийм болчихсон байна. Түүнээс бус хүүхдээ өсгөж,
хүмүүжүүлж чадах уу, үгүй юү гэдэг нь хамаагүй. Зөвхөн сул мөнгө авах
тухай л боддог болчихсон байна.


-Та тэгээд тэр эмэгтэйд гэр өгсөн үү?

-Өгсөн. Өгөхгүй гээд яах юм бэ. Харсаар байж тавын таван хүнийг овоохой
шиг юманд амьдарч байхад яаж өгөхгүй байх юм. Дэмий л “Нөхөр минь дахиж
хүүхэд гаргав. Ажил хий. Амьдралын төлөө зүтгэ л дээ” гэж хэлсэн.

-Тэр эмэгтэй ойлгосон болов уу?

-Тэр ойлгохгүй л дээ. Одонгийн төлөө л хүүхэд гаргаж байгаа хүн яаж
ойлгох вэ дээ. Төр нийгэмд ийм  сэтгэхүйг бий болгочихсон байна.


-”УИХ-д асуудлыг МАХН болон Ардчилсан нам гэсэн хоёр улс төрийн гол
хүчин л шийддэг. Би ч яах вэ ганцаараа гээд байх болсон нь их”
анзаарагдаж байгаа?

-Гутранги болсон байна уу.


-Бараг л тиймэрхүү өнгө аяс илрээд байх шиг санагддаг. Та энд өөрийнхөө
оролцоог хэрхэн тодорхойлж байна вэ?

-Ер нь өнөөгийн төр засаг, ялангуяа төрөөс явуулж байгаа бодлогыг
харахаар үнэнхүү дургүй хүрмээр байгаа байхгүй юу. Дөнгөж өчигдөр гэхэд
Монгол Улсын 2012 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлээ
ярьж байхад “Тэнд байшин барина”, “Энд худаг гаргана” гэсэн юм л яриад
байсан. Энэ чинь парламентын хийдэг ажил биш шүү дээ. Ардчилсан нам
гэхэд 40 гаруй санал оруулж ирж байгаа байхгүй юу. Тэгж болохгүй л дээ.
Засгийн газрын хийх ажлыг УИХ-ын гишүүд нь хийдэг болчихсон. УИХ зөвхөн
бодлого л тодорхойлох ёстой. Тэгэхэд баахан юм барина, босгоно гээд
суучихдаг. Тэр нь үлгэр байхгүй юу. Тэр үлгэртээ бүгд итгэчихсэн. Тэр
үлгэрээ хэдэн гишүүн лоббидож батлуулахаараа ямар их баярлаж, гар барина
гээч. Тэрийг нь барих мөнгө байхгүй гэдгийг мэдсээр байж шүү. Тийм
утгагүй юм хэлэлцээд л. Би тэр дотор нь суучихсан бас гараа ч өргөөд
байх шиг. Бас нэг юм дуугараад ч байх шиг. Үнэхээр гутмаар байгаа
байхгүй юу. Ийм төртэй ч байх гэж. Ийм үлгэр энд ярьж суух ч гэж дээ гэх
үе байна.


-Тэгээд та энд ямар гарц олж харж байна. Дунд нь гутраад л суугаад
байхгүй биз дээ?

-Энэ хоёр намын олон жил төрийн ажил эрхэлж байсан практик буруу байхгүй
юу. Ийм байлаа гээд би гутраад л суугаад байлтай биш дээ. Миний бодлоор
цаг цагаараа байдаггүй юм гэж бодоод байгаа. Энэ Сонгуулийн хууль нь
гараадхаг. Тэгээд 2012 оны сонгуулиар энэ дунд нэг тээг болох, “Үгүй шүү
найз нар аа…, Тэгэхгүй шүү найз нар аа…” гээд нэг саад хийх найман
хүнээс доошгүй бүлэгтэй болох хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа. Ямар ч
байсан баг бүрдүүлэх ёстой юм байна. Дор хаяж найман хүнтэй баг
бүрдүүлж байж энэ хоёр намын хоолой дээр яс болж, буруу юман дээр нь
тээг болоод хэвтэнэ гэж бодоод байгаа юм. Түүнээс бус энэ хоёр намаас
цаашид юм хүлээгээд хэрэггүй юм байна. Цааш явах ч үгүй юм байна. Хоёр
нам дотроо ч учраа олдоггүй юм байна гэдэг нь тодорхой болсон.


-Тэгэхээр энэ хоёр намын ашиг сонирхолд саад хийх шинэ хүчин хэрэгтэй
гэсэн үг үү?

-Тийм ээ, шинэ хүчин гараасай билээ. Ард түмэн шинэ хүчинд итгэл
үзүүлээсэй билээ. Тэгэхгүй бол урагшаа алхахгүй нь.


-Ногоон нам болон Иргэний зориг намын удирдлагууд нэгдэж нийлэхээр
ярилцаж байгаа. Та ч өөрийгөө тэр дунд байхад боломжтой гэдэг яриа өгч
байсан. Дээрх бүлгийн гишүүдийг та энэ хоёр улс төрийн хүчнээс олох уу?

-Нэгдэж нийлнэ гэдэг нь энэ хоёр намын дотооддоо шийдэх асуудал. Саяхан
үндсэн тохиролцоондоо хүрсэн гэж дуулсан. Сайн өдөр хүлээгээд байгаа юм
байлгүй сайн мэдэхгүй байна.


-Нэгдэхэд та элсэх үү?

-Би харна. Ямар бодлого барьж ажиллах нь вэ гэдгийг нь ажиглана. Намын
найз нар дунд хэн хэн орж ирэх нь гэдгийг хүртэл харахгүй бол хүү хаа
гээд л гүйж ороод дараа нь амаа баривал яана.


-Эс бол бүр шинэ намын тухай санаа танд бий юү?

-Би одоо ч шинэ нам байгуулж, намын дарга гээд явна гэдэг бол худлаа.
Надад тэгж явах сонирхол ч алга. ИЗН, Ногоон нам хоёрын удирдлагыг бас ч
гэж элдэв юманд оролцоогүй их боломжийн юмуу гэж бодоод байгаа.
Ойлголцоход ч миний үзэл бодолд их дөхөм. Иймд энэ хоёр намыг л ажиглаад
суугаад байна. Тэгж байж л шийд гаргана. Түүнээс бус шинэ нам байгуулна
гэж бол ёстой байхгүй шүү.


-УИХ-ын гишүүдийг харж байхад “Би бол төр юм. Би бол хамгийн мундаг нь”
гэх хүн нэгээр тогтохгүй олон байх шиг санагддаг. Магадгүй өөрсдийгөө
энэ насандаа зөвхөн УИХ-ын гишүүн байх ёстой гэж итгэчихсэн ч юм шиг.
Тэдний энэ “хаанчлал”-ыг хязгаарлах боломж байна уу?

-Үнэхээр үе уламжилчихсан юм шиг гишүүн, сайд нар байна. Анх 1990 оноос
хойш парламентад буг чөтгөр болтлоо суучихсан хүмүүс байна. Би тэднийг
эндээс гарвал амьдарч чадахгүй гэж боддог. Ерөөсөө л нэг зангиа зүүсэн,
нэг их мундаг ухаантай, үгээ хүртэл бодсон хүмүүс. Тэднийг өнгөрсөн 20
жилийн хугацаанд нэг нийгмийн зүтгэлтэн гэдэг шавар баримал л
болгочихсон байхгүй юу. Энэ нөхдийг төрөөс гаргаад хаячихвал гудамжинд
гараад алхаж, гишгэж чадахгүй хөгийн амьтад болно. Тийм учраас үхэн
үхтлээ эндээс зууралдаж, ёстой новширно гэдгийг л үзүүлэх гээд байгаа
байхгүй юу. Одоо Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
хар л даа. Р.Гончигдорж гишүүний ярьж байгааг сонсоорой. Иргэд намыг
шууд сонгоно гэж. Үндсэн хуульд иргэн шууд иргэнээ сонгоно гэж байгаа
биз дээ. Тэгэхэд тэр хамаагүй цаг өөр болсон гэж байна. Намаа сонгуулаад
нам хэнийг сонгохоо өөрөө мэдэг гэж байна. Нам хэнийг сонгох вэ гэхээр
нөгөө л үлэг гүрвэлүүдийг сонгоно шүү дээ. Тэд өөрсдөө сонгогдох
магадлал их бага учраас нам гэдэг халхавчин дор дахиад буг чөтгөр, шавар
баримал болж өөрийгөө мөнхрүүлэх гээд байна.


-Нам сонгоно гэхээр бусад улс төрийн хүчинд хэцүү байх нь ойлгомжтой. Та
хууль батлалцаж буй гишүүний хувьд ямар хувилбар санал болгож байгаа
вэ?

-Би 2012 оны парламентад хүмүүс нь солигдоосой гэж хүсч байгаа. Миний
хувилбар муйхар, мангар байж болно. Ингэж намд нь, хүнд нь гэж толгой
эргүүлэх шаардлагагүй шууд бүх нэр дэвшигчээ улс орны хэмжээнд
өрсөлдүүлчих. Иргэд нэр дэвшигчдийн нэрийг хараад нэг хүний нэрийг
дугуйлаг. Тэгээд тэндээсээ хэдэн нэр дэвшигч байх нь хамаагүй. Хамгийн
олон хүний санал авсан эхний 76 хүнийг морь барьж байгаа юм шиг таслаад
авчих хэрэгтэй. Хэнд ч гомдол байхгүй шүү дээ. Одоогийн энэ заваан
хуулийн төслөөр намд нь саналаа өгөөд л, хүнд нь саналаа өгөөд л. Ийм
байж болохгүй л дээ.


-Таны хувилбарыг тэгээд дэмжих хүн байна уу?

-Алтай тийм заваан юм байж болохгүй ээ. Наад дунд чинь есөн шидийн юм
орж ирнэ гээд байна лээ. Яагаад тэр есөн шидийн хүн байж болохгүй гэж.
Ард түмэн сонгосон нь л үнэн шүү дээ. Ийм хөгийн юм ярьж байгаа байхгүй.
Өөрсдөө болохоор есөн шидийн хүмүүс нь биш юм гэнэ ээ.


-Энэ тайлбар нь одоогийн гишүүд, олон удаа сонгогдсон гишүүд бол мундаг л
гэсэн үг юм биш үү?

-Үгүй яах вэ, хөөрхий дөө. Надад бол сонгогдох, сонгогдохгүй нь нэг их
хамаагүй. Гол нь энэ хоёр намын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг
харахаар Монголын ард түмэн л хохироод байна. Би сонгогдвол бүхнийг
эргүүлээд сайхан болгочихно гэж хэлэх юм алга. Гэхдээ үнэн хөгийн байна
гэдгийг энэ хоёр жилийн хугацаанд мэдэрлээ. Энэ хоёр намтайгаар
монголчууд урагшаа явна гэж байхгүй юм байна. Төр нь зогсчихсон. Хөгжил
гэж алга. Иргэдийг одоо молгидож байгаа нэг юм нь шороогоо зөөгөөд,
зараад, хэдэн ядуу хүний амыг таглаад бид дахиад сууна гэсэн бодол л энд
байна.


-Тэгвэл шорооноос өөрийг бодохоо больсон төр засагт таныг ямар хувилбар
санал болгож байгааг тань сүүлчийн асуултаар тодруулмаар байна?

-Монголын хөгжлийн гарцыг нээж байгаа өөр ямар ч юм алга. Шороогоо заръя
гэдэг гарц л яриад байна. Энэ шороог Засгийн газар бүтээгээгүй, нам
ургуулаагүй биз дээ. Байгалиасаа байсан л зүйл шүү дээ. Одоо дэлхий
нийтийн хөгжлийг дагаж хөгжмөөр байна. Тийм зорилго, чиглэл гэж энд
үнэндээ алга. Шороогоо хаяад баялаггүй улс орон яаж хөгждөг юм. Тэр
талаас нь асуудлыг бодох хэрэгтэй байна. Сингапур, Хонконгийг хар л даа.
Ямар ч баялаггүй байж ямар сайхан хөгжиж байна. Тэднээс суралцах
хэрэгтэй. Төр нь сэтгэдэг, ажилладаг, улс орныхоо төлөө шинийг
санаачилдаг баймаар байна. Түүнээс бус энэ шороог ухаад ард түмнээ
хуурчихна гэж бодоод байж болохгүй л дээ. Үнэхээр болохгүй ээ.

Г.Отгонжарагал Тоймч

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж