Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Бош, Уейд нэг багт

Двейн Уейд болон Крис Бош нар “Майами Хит” багт тоглохоор байгаа нь Леброн Жеймсийг багтаа авчрах гэсэн томоохон оролдлого хэмээн лигийн албаны хүн хэлжээ. Мэдээж том хэмжээний супер хоёр од тоглогч нэгдэж байгаа нь шинэ эрин үеийн их гурвалыг үүсгэхийг үгүйсгэх аргагүй.
Өөр нэг албаны хүний хэлж байгаагаар бол Леброн “Кливлэнд” эсвэл “Майами”-г сонгох гэнэ. Гурван тоглогч лхагва гаригийн шөнө дунд утсаар холбогдсон бөгөөд Бош, Уейд хоёр нэгдэж Майамиг сонгож байгаагаа Лебронд дуулгажээ. Леброн харин хариугаа хэлээгүй бөгөөд пүрэв гаригт телевизээр шийдвэрээ хэлнэ гэдгээ эрт мэдэгдээд байсан юм.
Харин үүнээс нь өмнө амжиж, Уейд, Бош нар шийдвэрээ түүнд дуулгаж байгаа нь энэ юм.
Гэхдээ үүнээс өмнө “Майами Хит” цалингийн цэсээ зохицуулах шаардлагатай. Хэрэв тэд Двейн Уейдэд хамгийн өндөр үнэтэй гэрээг санал болговол Уейд ирэх жилээс 16,5 сая ам.доллараар цалинжиж эхэлнэ. Ингэснээр ердөө 30 сая ам.долларын цалин Бош болон Лебронд үлдэх учраас Майкл Бийслиг солилцоонд оруулж, түүний 4,9 сая ам.долларыг од тоглогчдод нэмэх боломжтой. Хэрэв ингэх бол Бийсли “Торонто” руу солигдох биз.
Харин Леброн “Хит”-ийг сонгохгүй байлаа гэхэд Майк Миллерийг “Хит” онилоод байгаа бөгөөд Уейд багийн ерөнхийлөгч Пат Райлид Миллерийг авчрах талаар хувийн зүгээс шахалт үзүүлж байгаа бололтой. Миллер “Майами”-гийн хамгийн эхний сонголтуудын нэг гэж албаны хүн мэдээлжээ.
Одоо бүгд л Лэброныг хүлээж байна. Лэброны шийдвэрээс одоо цаг үеийн дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн хүчтэй лиг тэнцвэртэй байх эсэх нь шалтгаална.
Бусад мэдээллээс дуулгахад Нью Жерси Нетс бараг л Дэйвид Лийг авч байгаа юм байна. И Жинлианыг явуулсан тэд Брүүк Лопезд хамтрагч хайж байгаа бол Шакийл Онийлийг Бостон Сэлтикс сонирхож байгаа гэнэ. Яагаад гэвэл тэдний төвийн тоглогч Кэндрик Пэркинс олон сар талбайд гарахгүй бөгөөд Док Риверс өөрөө туршлагыг илүүд үздэг. Харин гэрээндээ төдийлөн санаа зовохгүй байсан Кэвин Дурант багийнхаа зүгээс 5 жилийн 85 сая долларын гэрээг саналыг хүлээн авч байгаа талаар Твиттерээрээ дамжуулан мэдэгджээ. Харин Фэникс Санс Бразил хамгаалагч Леандро Барбосаг явуулж ирэх зун чөлөөт агентаас тоглогч авах боломжоо нэмэгдүүлэх зорилготой байгаа гэнэ. Түүнийг Кливлэндийн Жамарио Мүүн, Дэлонтэ Уэстээр солих саналтай байгаа ч Кливлэнд одоо юун бусад солилцоо. Зөвхөн Леброныг зурагтын ярилцлагыг хүлээж суугаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж