Тавантолгой ямар үнэ цэнэтэй, ямар
баялаг болохыг монголчууд бид мэдэхгүй байна. Эзэн нь өмч хөрөнгийнхөө
үнэ цэнийг мэдэхгүй байгаа болохоор түүнийг гадаадынханд үнэгүй өгөөд
ард түмнээ тэтгэх биш бүр өрөнд оруулах төслийг “Эрдэнэс МГЛ”
компанийнхан боловсруулаад байна. Оюутолгойн орд газрыг гадаадынханд
өгөөд, бид дээр нь давхар өрөнд ороод үлдэж байгаатай агаар нэг.
Оюутолгой
дээр юун өрөнд орсон юм бэ гэвэл ямар нь мэдэгдэхгүй нэг компанийн
хувьцааны 34 хувийг эзэмшсэний төлөө түүндээ ногдох хөрөнгө оруулалтыг
хийнэ. Мөн урьдчилгаа гэж 250,0 сая долларыг жилийн 10 гаруй хувийн
хүүтэй зээлснээ төлнө. Яагаад “ямар нь мэдэгдэхгүй нэг компани” гээд
байна гэвэл Торонтогийн бирж дээр арилжаалагдаж байгаа Оюутолгойгоор
барьцаалж бүртгэгдсэн, хувьцааных нь үнэ нь өсөхөөр эзэмшигчдээ ашиг
өгдөг хувьцааг л лав Монголын засгийн газар эзэмшдэггүй.
Тавантолгой
ямар үнэтэй вэ?
Овооттолгой гэж Тавантолгойгоос баруун урагш, Хятадын
хилээс 45 км зайтай байдаг нүүрсний орд ямар үнэ цэнэд хүрсэнтэй жишиж
үзвэл Тавантолгойн үнэ цэнийг мэдэх боломжтой.
Овооттолгойн ордыг
ашиглах тусгай зөвшөөрлийг өнөөх л “Айванхоу Майнз” эзэмшдэг юм байна.
2
сая орчим доллар төлөөд ордын нөөцийн хэмжээг болон уг ордыг ашиглахад
хөрөнгө оруулах нь ашигтай юу үгүй юу гэдгийг харуулдаг техник-эдийн
засгийн үндэслэл гэдэг баримт бичгийг олон улсын санхүүгийн салбарынхан
хүлээн зөвшөөрдөг мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна. Орд газрыг ашиглахад
хөрөнгө оруулах эсэхээ шийдэхэд энэхүү техник эдийн засгийн үндэслэл л
хамгийн чухал байдаг. Энэ бичиг баримтыг олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй мэргэжилтнүүд хийсэн эсхүл тэд хүлээн
зөвшөөрсөн байх нь чухал. Тэд яагаад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг вэ
гэхээр алдаа гаргаж байгаагүй, мөнгө ахиухан төлчихвөл хуурамч дүгнэлт
гаргаад өгчихдөг “хулхины” биш гэдгээ нотолж чадсанд байдаг. Ордын
нөөцийг тогтоолгоод, техник эдийн засгийн үндэслэлээ гаргуулаад авсан
бол нөөц сайтай орд дээр мөнгө босгоход нэг их хүндрэл байхгүй, ордоо
барьцаалаад урт хугацаатай, бага хүүтэй зээл авах боломж нээлттэй. Ийм
боломж байгаа гэдгийг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг
санхүүгийн байгууллагууд хэлж байна. Өөрсдөө нүүрсний уурхай байгуулах ч
албагүй. “Бидэнд ийм баялаг орд байна. Нүүрсний уурхай байгуулаад,
олборлож гаргасан нүүрснээсээ төлбөрөө ав, харин монголчуудыг ажиллуулах
хэрэгтэй” гэсэн болзол тавихад дуртай оролцох компаниуд хангалттай бий.
Овооттолгойн ордод яг л иймэрхүү байдлаар Лейтон гэдэг туршлагатай
компани уурхай байгуулах ажлыг нь Айванхоуд хийж өгч байна. Харин
Айванхоу монгол компани биш болохоор монголчуудыг ажиллуул гэсэн болзол
тавихгүй нь ойлгомжтой.
Овооттолгойн орд олон улсын санхүүгийн зах
зээлд ямар үнэ хүрсэн бэ?
Ордын нөөцийг үнэ цэнийг тогтоогоод,
техник эдийн засгийн үндэслэл хийлгэсний дараа Хятадын төрийн эзэмшилд
байдаг томоохон хөрөнгө оруулалтын сан Овооттолгойн ашиглалтын тусгай
зөвшөөрлийг эзэмшдэг Фрийдландын компанийн хувьцааны 15 орчим хувийг
550,0 сая доллараар худалдаж авчээ. Дараа нь Торонто, Хонг конгийн бирж
дээр бүртгүүлээд мөн л 500,0 орчим сая доллар босгосон байна. Одоо уг
компанийн хувьцааны нийт үнэ цэнэ нь 2,0 тэрбум доллар. Энэ мэдээллийг
та дараах сайтнаас үзэж болно. www. southgobi.com Энэ компанийн
хувьцааны 57 хувийг Айванхоу Майнз өөрийн эзэмшилд үлдээжээ. 2 сая
доллар зараад л 2,0 тэрбумын үнэд хүрсэн компанийн хувьцааны 57 хувийг
буюу 1,2 тэрбумын хөрөнгөтэй болчихсон байна. Үүний цаад учир нь ердөө л
баялаг нөөцтэй ордыг ашиглах эрхийг эзэмшиж байгаад, өөрөөр хэлбэл
түүний эзэн нь болчихсонд байгаа юм.
Тавантолгойн орд энэ ордтой
зүйрлэвэл ямар давуу талтай вэ?
Овооттолгойн ордын нөөц нь 150.0 сая
тн, тэгвэл Тавантолгойнх 6.4 тэрбум тн, өөрөөр хэлбэл 42,6 дахин илүү.
Төмөрлөг хайлуулах үйлдвэрлэлийн шаардлагыг хангахуйц өндөр илчлэгтэй
учраас илүү үнэтэй байдаг коксжих нүүрс Овоот толгойн нүүрсний дөнгөж 35
хувь нь байгаа бол Тавантолгойнх 65 хувьтай, уул геологийн нөхцөл буюу
энгийн үгээр хэлбэл олборлоход хир хялбар вэ гэдгийн хувьд Тавантолгойнх
мөн л илүү хялбар. Тэгэхлээр Тавантолгой маань Овооттолгойн ордоос
хамгийн багаар бодоход 50 дахин илүү үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл, хамгийн
хямддаа л 100.0 тэрбум долларын үнэд хүрэх боломжтой гэсэн үг.
Энэ
их мөнгө үү бага мөнгө үү?
Өнөөдөр Монгол улс бүтэн жилдээ бүтээн
бий болгож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн 5.0 тэрбум доллар гэхээр
бид бүгдээрээ 20 жил бий болгох нийт бүтээгдэхүүнтэй тэнцэнэ. Мөн гадаад
дотоодын шинжээчид Монгол улсын дэд бүтэц, аж үйлдвэржүүлэлт,
бэлчээрийн цөлжилт, утаа тоостой тэмцэх, бэлчээр усжуулах, мал сүргийг
эрүүлжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлт, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эмчилгээ үйлчилгээ, сургалт, тохирсон ажлын байрны
асуудал, хөдөлмөрийн чадвартай хүн бүрийг ажлын байраар хангах, өрх бүр
орон сууцтай болох асуудал гээд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж,
монгол хүн бүр эх орондоо сэтгэл тэнүүн, ажил төрөлтэй, хүүхэд нь
сургуультай, хот нь цэвэр цэмцгэр амьдардаг, хөгжин цэцэглэсэн орон
болгоход 31-42 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцоолоод
байгаа.
Монгол 999-ийн төсөл юугаараа давуу юм бэ?
Тавантолгойгоо
ашиглах эрхийг гадаадынханд өгөлгүй, Монгол 99-ийн санал болгож буй
хувилбарын дагуу Монголчууд өөрсдөө бүхэлд нь аваад үлдвэл бид бүх
асуудлаа шийдээд иргэн бүр чинээлэг болох боломж байна. 100.0 тэрбумаас
хөрөнгө оруулалтад эхний ээлжинд хэрэгтэй 30.0 тэрбумд оногдох хувьцааг
нь зарчихад цаана нь 70.0 хувь нь буюу 70.0 тэрбум долларын үнэ цэнэ
бүхий хувьцаа нь Монголын ард түмний өмчлөлд үлдэнэ. Өөрөөр хэлбэл
Монгол хүн бүрт 25.9 мянган долларын үнэ цэнэ бүхий хувьцаа оногдоно.
Үүнээсээ жил бүр хамгийн багадаа 7 хувийн ногдол ашиг хүртэнэ гэвэл
иргэн бүр жил бүр 2.4 сая төгрөг авна. 4 ам бүлтэй нэг өрх жил бүр 10.0
сая төгрөгийн нэмэгдэл орлоготой байх нь. Ингэснээр дэлхийд гайхагдаад
байгаа Катарын иргэд шиг л амьдрах боломж байна гэсэн үг.
“Эрдэнэс
МГЛ”-ийн төсөл ийм боломжийг олгох уу?
Өнөөдөр бидэнд амлаад байгаа
ганц удаа хүртэх 1.5 сая төгрөгийн төлөө энэ баялагаа “Эрдэнэс МГЛ”
боловсруулж, Засгийн газраас УИХ-д оруулсан төслийн дагуу гадаадынханд
30 жилээр олборлох, борлуулах бүх эрхийг нь өгчихөөд, дээр нь хөрөнгө
оруулалтын гэрээ байгуулж хэрэг дээрээ эзэн нь болгочихвол “Алтан дээр
сандайлсан гуйлгачин” биш, “алт байсан нүхэн дотор суусан гуйлгачин”
болно.
Ингэж бүх эрхийг нь өгвөл “Тавантолгойг ашиглах эрхээ Засгийн
газар бүхэлд өөрийн мэдэлд үлдээнэ” гэдэг нь зөвхөн цаасан дээр л
хоцорно.
Засгийн газар өдөр бүр шахуу хувилбараа өөрчлөөд УИХ-аар
Тавантолгойг ашиглах “Эрдэнэс МГЛ”-ийн хувилбарыг зүтгүүлсээр л байна.
Хамгийн сүүлд Тавантолгойг ашиглах эрхтэй үндэсний компанийн хувьцааны
10 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан ард түмэндээ, 10 хувийг
нь мөн биржээр монголын компаниудад худалдаад 51 хувийг нь төрийн мэдэлд
авч үлдэнэ, 29 хувийг нь гадаадынханд олон улсын хөрөнгийн зах зээлээр
дамжуулан худалдана гэсэн хувилбарыг оруулаад байна. Энэ хувилбарын сул
тал нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжих үед гадаадынханд үйлчилдэг
хэдэн компани тэдний мөнгөөр үнэ цохиж хувьцааны 10 хувийг нь аваад
дараа нь гадаадын бирж дээр зарахаас өмнө стратегийн хөрөнгө оруулагчтай
гэрээ байгуулсан гэсэн нэрийн дор Засгийн газартай тохиролцож 29 хувийг
нь гадаад эзэд нь нэмж аваад хяналтын багцтай болно гэсэн үг.
Монгол
Улс авлигын индексээр дэлхийн орнуудаас сүүл мушгиж яваа. Өөрөөр
хэлбэл, олон улсын байгууллагууд монголын эрх мэдэлтнүүдийг нарыг
авилгачид гэдгийг судалж тогтоогоод дэлхий нийтэд зарлачихаад байгаа.
Ийм төрд хувьцааны 51 хувийг эзэмшүүлсэн үед Э.Бат-үүлийн хэлсэнчлэн
“хулгайчид баялгаа мануулсан” хэрэг болно.
Бид яах ёстой вэ?
“Монгол
99”9-ийн санал болгож буй бүтэцтэй үндэсний компани байгуулж, Монголын
иргэн бүрт хувьцааг нь үнэгүй эзэмшүүлээд, Монголын 30 гаруй мянган
компаниас НӨАТ төлөгчөөр бүртгэгдээд байгаа 3000 гаруй компани буюу
жинхэнэ хэрэг дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 70 хувийг
эгнээндээ нэгтгээд байгаа “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-д цаашид
монголын хүссэн бүх компанийг нэгтгэх нөхцөлөөр хувьцааных нь 33 хувийг
эзэмшүүлбэл, нөөцийн хэмжээг тогтоох, техник-эдийн засгийн үндэслэлийг
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээр хийлгэх, олон улсын зах
зээлд гаргах хүртэл компанийн үйл ажиллагаанд гарах зардлыг
санхүүжүүлэх боломжтой болно. Энэ ажилд мэргэжилтнүүдийн тооцоолсноор 20
гаруй тэрбум төгрөг шаардлагатай болох юм. Үүнийг монголын үндэсний
компаниуд гаргаж чадна.
Ингэж чадвал нэг талд монголын ард түмэн
нөгөө талд монголын ард түмний төлөөлөл болж чадах үндэсний компаниуд
хувьцааг нь эзэмшсэн жинхэнэ монгол компани Тавантолгойнхоо жинхэнэ эзэн
болох нь хамгийн шударга, хамгийн оновчтой сонголт болно.
Бид
УИХ-аас юу хүсэж байна вэ?
Бид өнөөдөр л энэ сонголтыг хийхгүй бол
Монгол эх орон маань иргэний дайнд нэрвэгдсэн Африкийн орнуудын хойноос
орох аюулын харанга дэлдэж байна.
Та бидний итгэлийг хүлээж
сонгогдсон Их хурлын гишүүд маань ийм шийдвэр гаргаж чадах эсэхээс
бидний болон Монголын маань үр хойчийн хувь заяа шалтгаалах болоод
байна.
Тэднээс шаардах нь бидний эрх билээ.
2,7 сая хувьцаа
эзэмшигчтэй “Тавантолгойн уул уурхайн үндэсний корпораци” компанид
Тавантолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн болон ашиглах эрхийн хэсгийг
биш бүхэлд нь өгөх шийдвэр гаргуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе,
монголчуудаа.
Б.Аюуш
Холбоотой мэдээ