Европын удирдагчид еврог үлдээхээ амлав

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Европын удирдагчид еврог үлдээхээ амлав

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарийн Давост амжилт­тай болж өндөрлөлөө. Энэ үеэр олон улсын эдийн засгийн орчинд үүсээд байгаа сайн гэхээс илүү саар зүйлсийн талаар хэлэлцлээ. Тус чуулганд оролцсон дэлхийн улс төр, бизнесийн салбарын лидерүүд Хятад, Энэтхэг, Бразиль тэргүүтэй орнуудын эдийн засгийн тэсрэлтэд санаа зовниж байгаагаа байн байн илэрхийлж байв. Түүнчлэн зарим орон дахь улс төрийн хурцадмал байдал, байгалийн баялгийн хомс­дол зэргийг авч хэлэлцэхээ ч мартсангүй.

Европын удирдагчид энэ үеэр еврог хамгаалж үлдэхээ амласан. Их Британийн Засгийн газар Билл Гейтсийн сантай хамтарч хүүхдийн саажилт өвчинтэй тэмцэхээр боллоо. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон энэ ажилд зориулж Гейтсийн санд 60 сая ам.доллар хандивлахаа мэдэгджээ. Тэрбээр эдийн засгийн хувьд хүнд хэцүү цаг үетэй нүүр тулж байгаа ч бяцхан хүүхдүүдийг зовоож буй өвчин эмгэгтэй тэмцэх хэрэгтэйг сануулсан юм.

Өмнө нь 2009, 2010 онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд дэлхийн удир­дагчид юун түрүүнд үл хөдлөх хө­рөнгийн зах зээлийн тогтвортой байдал, эдийн засгийн хямралын  нөлөөнөөс сэргийлэх арга хэм­жээ зэрэгт анхаарч байсан юм. Өн­гөрсөн онд дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй эерэг бай­сан. Зарим орны зах зээл 2010 онд хурдацтай өсөн нэмэгдсэн. Зарим эдийн засагчийн тайлбарлаж байгаагаар энэ онд ч харьцангуй эерэг үзүүлэлттэй гарах гэнэ. Гэхдээ тав хоног үргэлжилсэн Давосын чуулганы үеэр болж бүтэж байгаа зүйлийн тухай яриагүй гэд­гийг онцлох хэрэгтэй.

ЕВРО БҮС ЭНЭ ОНД Ч ДЭЭРДЭХГҮЙ

Дэлхийн эдийн засгийн чуул­га уулзалтын үеэр Францын Ерөн­хийлөгч Н.Саркози, Германы Канц­лер Ангела Меркел тэргүүтнээс хөрөнгө оруулагчид ганц зүйлийг дахин дахин асуужээ. Энэ бол евро бүсийн эдийн засаг хэзээ тогтвортой болж, хөрөнгө оруулахад таатай орчин бүрдэх вэ гэсэн асуулт юм. Түүнчлэн тус бүс нутгийн жижиг орнуудын гадаад өр нэмэгдэж байгаагаас еврогийн ханш унаж, энэ валют цаашид оршин тогтнох эсэхийг эргэлзээтэй болгож байгаа билээ. Энэ бүхнийг Евро бүсийн удирдагчид хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ евро хэмээх нэгдсэн валютаа хадгалж үлдэхийн тулд бүх хүчээ дайчилна хэмээн мэдэгдсэн байна. Евро бүсийн хямрал анх Грекээс үүссэн гэдгийг мөн чуулганы үеэр онцолжээ. Шведийн “Investor AB” компанийн тэргүүн Жакоб Уолленберг “Н.Саркози, А.Меркел нарын өгсөн тайлбар асуудлыг хэтэрхий хялбархан мэт харагдуулж байна” хэмээн дүгнэсэн аж.

ХОЙД АФРИКИЙН ОРНУУДЫГ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ

Тунис, Египет тэргүүтэй Хойд Африкийн орнуудад хурцадмал байдал үүсч, энэ нь даамжирсаар иргэний дайн болоход ойртож байгаа. Энэ талаар Давосын чуулганд оролцогчид онцлон авч үзжээ. Тунисийн нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалаас болж тус улсын Засгийн газар огцорсон. Одоо Египетийн нийслэл Кайрт мөн л нөхцөл байдал ийм болох шинжтэй байна. Цаашлаад эдгээр нь олон улсын харилцааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар Давосын чуулганы үеэр ярьсан аж. Дашрамд дурьдахад, сүүлийн үед АНУ-ын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн мэдээлэл нэлээд цацагдах болсон. Хойд Африкийн орнуудад үймээн гарч байгаа энэ үед АНУ-ын Засгийн газар тэдгээр улсын эрх баригчдыг хамгаалсан байр суурьтай байгаа аж.

ЭНЭТХЭГ, ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ

Олон улсын хүчний тэнцвэр Хятад, Энэтхэг зэрэг өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орнууд руу шилжиж байгаа. Тийм ч учраас тэдгээр орны байр суурь, нөлөө асар их болсныг Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр онцолжээ. Энэ нь нөгөө талаар асар их хариуцлага хүлээж буй явдал гэдгийг ч анхааруулсан байна. Энэ удаагийн форумд тус хоёр орноос хамгийн олон төлөөлөгч ирсэн   билээ. Гэхдээ улстөрч, бизнесмэн гэхээс илүү эрх баригч талын удир­дах албан тушаалтнууд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд түлхүү байжээ.

БАНКУУД ДАМПУУРАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ҮҮ

Санхүүгийн хямралын үед “Lehman Brothers”, “AIG”, “Royal Bank of Scotland” зэрэг томоохон банкууд хүнд байдалд орох үед тэднийг дампууруулахгүйн тулд Засгийн газрууд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжилт олгосон. Энэ нь олон нийтийн эсэргүүцлийг хүчтэй өдөөсөн юм. Үүнд хариу болгож эрх баригчид нь дахин тийм зүйл давтагдахгүй гэдгийг анхааруулсан. Хэрэв өнөөдөр дахин тийм том банк дампуурлын ирмэгт тулбал яах вэ гэдэгт их гүрний удирдагчид энэ удаа мөн л хариулт өгч чадсангүй.

Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 41 дэх чуулга уулзалтын үеэр хэлэлцэх, мэтгэлцэх олон асуудал үлдсэн гэж шинжээчид онцолж байна. Гэвч таван өдрийн дараа ч тэдгээр асуудалд шийдэл гарсангүй. Олон улсад хүнсний хямрал болох уу гэж асууна. Болно гэж хариулна. Евро бүс тогтворгүй хэвээр байх уу. Хэвээр байна. Дашрамд дурьдахад, Давосын чуулганы үеэр “Facebook” компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж, 2011 оны эцэс гэхэд санхүүгийн бүх тайлан тооцоогоо олон нийтэд дэлгэхээр болсноо мэдэгдсэн юм. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Шерил Сэндберг ярьсан байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж