Эрх баригч ба сөрөг хүчин МАХН-ын их хагарал

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Эрх баригч ба сөрөг хүчин МАХН-ын их хагарал

Нам салж, нам нэгдэв. Улс төрийн ферм дэх жижиг намууд нэгдэж, удирдагч хүчин болох МАХН задрав. Хавар, хаврын синдромыг Ж.Батзандан, О.Магнай нараар төсөөлдөг үе ч ард хоцорчээ. Харин МАХН хэмээх товчлол магнаг болж, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эрин үеэ нэн шинээр эхэлснээр энэ хаврын улс төрийн синдром улаан өнгөөр будагдах нь тэр. Тэр өөрийгөө “Би МАХН-ын даргаар дахин сонгогдсондоо баяртай байна” гэв. “Намынхаа мянга, мянган гишүүд, дэмжигчдийг өөртөө татаж чадсанаараа бахархаж байна” гэж гайхуулав. Аан, бас “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд минь намайг хэн унагалаа. Тухайн үеийн МАХН-ын удирдлагууд надад ямаршуухан ааш аяг гаргалаа” хэмээн илт өсөрхөв. Тийм ээ, баяр хөөр, бахархал, омогшил, хорсол, зэвүүцлээр дүүрэн Н.Энхбаярын өдрүүд үргэлжилж байна. Тэр гарахдаа гэрлээ унтраахыг хүссэнгүй. Нэгэн цагт журмын нөхөд явсан, харин одоо өөрт нь дургүйчүүдийн нэгдэл болчихоод байгаа хүмүүст “Баяртай” хэмээн хэлж, шуудангаар захидал дайлаа. МАХН-ын үе, үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ирүүлсэн өдтэй бичигт хариу бичсэн нь энэ.
Экс Ерөнхийлөгч Н.Энх­баяр ноднин өдийд “Ерөн­хийлөгчийн сонгуульд ялагд­саны минь гол буруутан бол С.Баяр тэргүүтэй МАХН-ын зарим бүлэглэл” хэмээн ил тод зарлаж байв. Тэгмэгцээ С.Баярыг АНУ-аас ирэхэд гомдлын маршаар угтсан удаатай. Харин одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын экс даргыг улаан сарнай барин тосох гэж байна. Тэр ч бүү хэл зүүн төвийн үзэл баримтлал бүхий 90 жилийн түүхт МАХН хэмээх сэтэртэйгээр шүү. С.Баяр ирээд балмагдах л байх даа. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзан 1920 оны зун эхлэх цэгийг нь тавьсан Ардын намын 90 жилийн ой ийнхүү МАХН хэмээх товчлол дээр дөрөөлсөн их хагарлын үед тохиож байна. Эрх баригч хүчний эмблемийг сөрөг хүчний эмблемээр солих үйл явц улс төрийн ууган намд өрнөсөөр ужиг үзэгдэл болтлоо гаарав. Эрх баригчаас сөрөг хүчний индэрт шилжих урвалыг Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан явуулж эхэлмэгц МАХН-ыг эрх баригч хүчний нэрийн хуудас хэвээр үлдээх гэсэн амбиц МАН-д газар авч байна. Угшил нэгт улаан зангиатнуудын дунд өрнөсөн тулаан утга учраа ч алдав.

Ингэхэд МАХН хэмээх товчлолыг яг хэн нь патент­жуулчихсан юм бэ. Солийн Данзан яг аль намынх нь анх­ны дарга байв. МАН-ынх уу, МАХН-ынх уу. Түүнийг 1924 онд намынхаа их хурлын үеэр буудан хөнөөсний хариуцлагыг хэн нь хүлээх вэ. МАН уу, МАХН уу. Эрх баригч тодотголтой, 90 жи­лийн түүхийн дансыг аль, аль нь хөтөлчихсөн эл хоёр намынханд одоо С.Данзан, Д.Сүхбаатар, тэр ч бүү хэл мар­шал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг өмчлөн патентжуулах л үлдлээ.        
Хуанлийн хуудаснаас үүдэл­тэй маргаан ч манай, танай нам болон хуваагдсан МАХН-ын хагаралд хөг нэм­нэ. Ардын хувьсгалын түүхэн ач холбогдол, жанжин Д.Сүхбаатарын байгуулсан гавьяа, ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг хүлээн зөвшөөрсөн Ж.Батмөнхийн холч ухаан, тэр ч бүү хэл С.Баярын санаачилсан “Ат­рын III аян”-ы авторын эрх чухам аль намд нь хамаатай болчихов оо. Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр буюу жил бүрийн хоёрдугаар сарын 2-нд МАХН-ын удирдлагууд жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Харин үүнээс хойш, түүнээс цааш МАН, МАХН-ынхны чухам хэн нь энэхүү уламжлалыг дагах ёстой вэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард XXVI их хурлаа хийж, Монгол ардын нам хэмээх анхны нэрээ сэргээсэн МАХН-ынхан уу. Аль эсвэл өнгөрсөн баасан гарагт Монгол ардын хувьсгалт нам нэрээр Онц их хурлаа хийж, Н.Энхбаярыг намын дарга болгосон МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх болж байна уу. Ирэх гуравдугаар сарын 1-нд МАХН-ын 90 жилийн ой тохионо. Хэдийгээр Ренчино Элбэгдорж Коминтерний зааврын дагуу Монгол ардын нам хэмээгчид “Хувьсгалт” гэдэг шошгыг 1924 онд наасан хэдий ч 90 гэдэг энэ тоо МАН, МАХН хоёуланд нь хамаатай. Тэгэхээр Монголын улс төрийн ууган хүчин байгуулагдсаны 90 жилийн ойг хэн нь ёслол төгөлдөр тэмдэглэх болж байна вэ. МАН уу, МАХН уу. Хоёр намынхны дунд өрнөж буй хошин реалити шоу тэр үед улам сонирхолтой өрнөж, С.Батболд, Н.Энхбаяр нар 90 жилийн түүхт намын даргын хувьд ард түмэнд мэндчилгээ дэвшүүлбэл мянга, мянган гишүүд нь нүүрээ хааш нь хийх болж байна вэ. Энэ мэт үзэгдлээс авахуулаад тэнэглэл дээд цэгтээ хүрэх нь.

Н.Энхбаяр өөрөө энэ намын эмблем нь болж явсан кандидат. Соёлын сайдын суудлаас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд 1997 онд дэвшсэн тэрбээр намдаа түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь маргашгүй үнэн. УИХ-ын ээлжит сонгуульд МАХН үнэмлэхүй ялагдаж, нэр ч үгүй, сүр ч үгүй болчихоод байхад нь үзэгнээс өөр өмчгүйгээр МАХН-ын босгоор алхсан Н.Энхбаяр өргөж босгосон нь ч бас үнэн. УИХ-ын 2000 оны сонгуулиар намдаа 72 суудал авч, парламентад олонхи болсон нь хэний гавьяа вэ. Мэдээж хэрэг, тухайн үеийн намын дарга Н.Энхбаярынх. МАХН хэмээх товчлол дээр маргалдаж суугаа зарим хүн үүнийг үгүйсгэнэ гэвэл ёстой хоншоор дутна биз. Гэвч намын Ерөнхий нарийн бичгийн даргаас Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшихдээ МАХН-ын тугийг эрх баригч хүчний туг болгон өргөж явсан түүний гавьяаг өдгөө аль нам нь өмчлөх гээд байна вэ. МАН уу, МАХН уу. Ингэхэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАН-ын брэнд улстөрч үү, МАХН-ын брэнд менежер үү. Үүгээр ч зогсохгүй үе, үеийн Засгийн газрыг огцруулж, төрийг завхруулан түмнийг ядууруулсны лайг ард түмэн хэнд нь нялзаах болж байна вэ. МАН-д уу, МАХН-д уу, аль эсвэл Н.Энхбаярт уу. Экс Ерөнхийлөгчийн “нэхсэн” гэх авлига хэмээгч аалзны торыг өдгөө аль намынхан нь шкафандаа хадгалчихаад байгаа юм бэ.  

Ингэхэд Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн үйл явдлуудад хэн нь хариуцлага хүлээх болж байна вэ. МАН, МАХН-ынхан хамтдаа 1937 оны их хэлмэгдүүлэлт, сэхээтний төөрөгдөл, банкуудын дампуурал, өмч шамшигдуулалт, МИ-8 нисдэг тэрэгний осол, 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн, ер нь урсгасан цус, нулимс болгоны төлөө хариуцлага хүлээх үү. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Муу болгоныг надтай холбодог шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр түүний удирдлага дор нэгэн цагт явсан МАН-ынханд ч энэ үг хамаатай болж таарах уу. Ерөөс үүх түүх, үзэл номлол, угсаа гарвал нэгт МАН ба МАХН-ынханд Монголын нийгэмд болоод өнгөрсөн сайн, муу бүх үйл явц хамаатай билээ. Хоёр намын дарга нарын дунд мэтгэлцээн зохиовол тэд дээрх асуултад хэрхэн хариулах нь сонирхол татна. Тэгээд ч МАН-ыг АН-тай андуурч, МАХН-ыг Манхеттантай эндүүрч сонсоно гэж хэн саналаа. Гэвч Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг албан ёсоор “өмчлөх”-ийн тулд МАН-ын байрны үүдэнд энэ хаваржин өлсгөлөн зарлаж хэвтэхийг хэн байг гэх вэ. Тэд лав Нью-Йорк хотын Манхеттан дүүрэг гэдэгчлэн МАН-ын “дүү” МАХН гэж хэлүүлэхийг зөвшөөрөхгүй нь лавтай. Ингэхэд МАН “ах” нь уу, МАХН “дүү” нь юм уу. Ирэх сонгуулиар “ах”, “дүү” хоёр намынхан санал булаацалдаж булай юм болно оо. Ядаж байхад МАН нь АН, МАХН нь Манхеттан гэж сонсогдоод байх юм. МАН, МАХН хоёрын аль нь УИХ-д олонхи, аль нь ганц суудалтай билээ. Уучлаарай, үүнд хариулах хүн алга.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж