УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэхийн өмнө Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Д.Алтайг томилох тухай асуудлыг авч хэлэлцэхээр болж, дүгнэлтээ танилцуулсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. Завсарлага авч байгаа үндэслэлээ бүлгийн дарга Ч.Сайханбилэг тайлбарлахдаа “Хүний эрхийн үндэсний комисс бол өөрөө их онцлогтой, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тиймээс энэ албанд томилох хүн хууль эрх зүйн чиглэлийн мэргэжлийн хүн байхаас гадна хүний эрхийн чиглэлээр тодорхой мэдлэгтэй хүн байх ёстой. Энэ шаардлагыг харгалзан үзэж, Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна” гэв. Уг үндэслэлийг УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан эсэргүүцэж “Байсхийгээд танай бүлэг завсарлага авч, ажил урагш явуулахгүй байна. Ямар учиртай юм бэ. Д.Алтайг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр сонгохоор Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлснийг би хувьдаа боломжийн хүн оруулаад ирлээ гэж бодсон. Д.Алтай бол УИХ-ын гишүүн байсан, улстөрийн зүтгэлтэн хүн, олон жил багшилсан, хууль батлах чиглэлээр бас ажилласан. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсад танигдсан, юмсыг олон талаас нь харж чадах эмэгтэй” гэв.
Гэвч дэгийн дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлага үргэлжилж, дараагийн асуудал болох Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттайгаар хэлэлцэж эхэлсэн юм.
Г.Дарь
Гэвч дэгийн дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлага үргэлжилж, дараагийн асуудал болох Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттайгаар хэлэлцэж эхэлсэн юм.
Г.Дарь