АНУ, Египетийн нөхөрсөг тоглолт цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

АНУ, Египетийн нөхөрсөг тоглолт цуцлагдав

Египетэд үүсээд буй улс төрийн тогтворгүй байдлын улмаас тус улсын нийслэл Каир хотноо болох байсан АНУ болон Египетийн шигшээ багийн нөхөрсөг тоглолтыг цуцлахад хүрчээ. Боб Брэдлигийн удирдаж буй АНУ-ын шигшээ баг Африк тивийн зургаан удаагийн аварга багтай энэ сарын 9-нд тоглох ёстой байсан ч тодорхой бус хугацаагаар хойшлуулсан байна. “Бидэнд Египетийн багтай тоглох завшаан тохиосонд баяртай байсан. Харамсалтай нь, Египетэд үүсээд буй нөхцөл байдлын улмаас хоёр тал ярилцсаны дүнд тоглолтыг цуцлах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ” хэмээн АНУ-ын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Сунил Гулати мэдэгджээ.

АНУ-ын шигшээ багийн хувьд 2011 оны эхний тоглолтоо Чилийн багтай хийж, 1:1 харьцаатай тэнцсэн байгаа. Харин дараагийн тоглолтууд нь гуравдугаар сард Өмнөд Америкийн хүчирхэг багуудын эсрэг байх юм. Дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ гуравдугаар сарын 26-нд Нью-Жерси хотноо зочилж, Ийст Рутерфорд цэнгэлдэхэд АНУ-ын багтай тоглох бол үүнээс гурав хоногийн дараа Парагвайн багтай Нашвилл хотод нөхөрсөг тоглолт хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж