
Мэргэжлийн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй, 100 гаруй жилийн түүхтэй Tour de France уралдааны энэ жилийн гурав дахь гараа өчигдөр Бельгийн Вэйнцээс гараагаа хийж, Францын нутаг дэвсгэрт орж ирлээ. 213 км зайд болсон энэ удаагийн гараанд Лэнс Армстронг, Альберто Контадор нарын алдарт дугуйчид замын дунд болсон ослоос саатсан бол Фрэнк Шлек ослын улмаас уралдааныг орхижээ. Ийнхүү шилдгүүдийн бүтэлгүйтэл тэргүүлэгчдэд цагаа холдуулах боломжийг олгосон юм. Ялангуяа өмнөх гарааны дараа шар цамцаа алдаад байсан Швейцарийн Фабиан Канчеллера зургадугаарт бариалснаар нийлбэр дүнгээр 14 цаг, 54 минутын амжилттай тэргүүлж эхэллээ.
Нийлбэр дүнгээр тэргүүлж явсан Францын дугуйчин Силвайн Каванелийн хувьд энэ гараанд 95-р байрт орсноор нийлбэр дүнгийн тавдугаар байр хүртэл ухарсан байна. Tour de France 2010-ын гурав дахь гарааны ялагчаар Норвегийн Тор Хушовд дөрвөн цаг, 49 минут, 38 секундын амжилттай тодорлоо. Түүний араас барианд орсон Их Британийн дугуйчин Герайн Томас нийлбэр дүнгээр Швейцарийн Фабиан Канчелларагийн ард хоёрдугаарт орж ирсэн байна. Тэрбээр 23 секундын алдагдалтай бичигдэж байгаа байгаа юм.
Tour de France-ын дараагийн гараа Францын хойд хэсэгт орших Камбрайгаас Рэймс хүртэл 153 км тэгш замд болно.