Л.Гүндалай: Би ерөнхий прокурорт хандсан

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай: Би ерөнхий прокурорт хандсан

Л.Гүндалай: Би ерөнхий прокурорт хандсан

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Төрийн ордны гаднах дуу хоолойг та сонсч байна уу. Иргэд, бас талбайн гадна үлдсэн улстөрчид “Наадмаас наадмын хооронд хоёр толгойг хуваан идэх технологио шаргал ордныхон хэрэгжүүлж байна” гэх юм. Л.Гүндалай гэдэг хувь улстөрчийн бодолд нийгмийн олон өнгө аясын аль нь давамгайлж байна вэ?     
-Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь монголчуудад огт ашиггүй ч биш л дээ. Оюутолгой, Тавантолгой ашиг, хаялгаа өгч байгаа. Харин бид ухаантай байж, улам их ашиг хүртэх тал дээр ур ухаанаа уралдуулах хэрэгтэй. Монгол төр мөнгө босгож, гангийн үйлдвэр барин Оюутолгой, Тавантолгойг төмөр замаар холбож, ялангуяа Оюутолгойд зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл манай орон орд газрууддаа түшиглэн хөл дээрээ босчих л юм. Гэвч Оюутолгойг хуйвалдаж өгсөн шигээ Тавантолгойг өгвөл ард түмэнд хүртээх үр шим нь улам багасна. Ер нь бид баялгаа их л хямдхан өгч байна даа.
-Улстөрчдийг баялаг тойрон “байлдаж” суухад Хонконгийн Хөрөнгийн бирж дээр нэгэн судалгааны байгууллагынхан Монголын ашигт малтмалыг бидний үнэлснээс 57 дахин их буюу найман их наяд 601 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн сар гаруйн өмнө зарласан. Манайхан анхнаасаа тооны машин дээр том алдаа хийсэн юм биш үү?
-Тавантолгой бол дэлхийд томоохонд тооцогдох коксжих нүүрсний орд. Бүтээгдэхүүнийг нь Хятадад шууд борлуулж болно. Зах зээлтэй ийм ойр нүүрсний том орд дэлхийд хаана ч байхгүй. Олон орон Австралиас нүүрс импортолдог.­ Гэхдээ ачна, хөлөг онгоцоор тээвэрлэнэ, буулгана. Гэтэл манайх ердөө ганцхан  удаа ачаад л үйлдвэрт нь буулгачихна шүү дээ. Зардал ийм багатай, үр ашигтай уурхай байхгүй. Тавантолгойгоос мөнгө босгоход тийм ч хэцүү биш. Мөнгө олдоно. Хүйтэн дайн зогсчихлоо.  Худалдаж авч болдоггүй үйлдвэр, технологи байхгүй. Хөлслөн ажиллуулж болдоггүй мэргэжилтэн, инженер гэж байхгүй. Тэгэхээр бидэнд юу дутагдаж байна вэ. Мэдээж хэрэг, мөнгө. Энэ их баялгийн эзэд бид мөнгийг босгож чадна. Үүгээр иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлж, улс орныхоо бүхий л хүнд асуудлыг шийднэ шүү дээ. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, цалин, тэтгэврийг амархан шийдчихнэ. Тэгэхгүй гадны хэдэн нөхдийн амыг хараад суух зам руугаа л яваад байх юм. Тэднээс хэдэн төгрөгийн урьдчилгаа авах байх. Гэвч сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхэд зарцуулна. Харин дараа нь яах билээ. Мөнгө авч чадахгүй шалдаа бууна. Иймэрхүү их ойлгомжтой замаар яваад байна.
-Иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийн төлөөх марафонд Тавантолгойг тавиад туучихна гэж үү?
-Тийм. Тавантолгойг ломбардад тавьж байна л гэж ойлголоо. Жирийн иргэд ломбардад эд зүйлээ тавихаар голдуу алддаг шүү дээ. Яг үүнтэй адил Монголын төр баялгаа ломбардад тавина гэдэг их л алдагдалтай тавьж байна гэсэн үг.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон өчигдөр Оюутолгой төслийн ажлын хэсэгт ажилласан сайд нараас УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлтийн талаар мэдээлэл сонссон. Орд газраа ашиглах нь зөв ч гэрээний зарим заалтыг зөрчиж, Хятадаас 2500 ажилчин оруулж ирэх гэнэ. Улстөрчдийн өгсөн мэдээллээр бол шүү дээ?
-Оюутолгойн  34 хувийг Мон­голын төр эзэмшинэ гэсэн ч үүнийгээ бид худалдаж авна. Хөрөнгө оруулалтыг нь өөрсдөө хийх ёстой. Ер нь Оюутолгойн гэрээний заалтуудыг бүхэлд нь зөрчиж байгаа. Мөнгөтэй хүмүүс төрийг худалдаад авчихдаг л юм байна. Түүнээс биш Монголын төр харсаар байж ингэж дээрэлхүүлж болохгүй. Тэр тусмаа ард түмнийг ингэж доромжилж болохгүй. Би гайхаж л байна. Ямар учраас ингэдэг юм бол доо. Улс орныхоо эрх ашгийг 100 хувь хамгаалж чадах төр засаг байвал ард түмэн юуг л бол юуг ойлгоно. “Оюутолгой, Тавантолгойн нөхөд биднийг дээрэлхэж, манай өрмийг хамж байна. Тийм учраас үүнийг зогсооё, өөрсдөө бүтээцгээе” гэвэл иргэд дэмжих байх.
-Төр битгий хэл томоохон бизнесмэнүүд ч гадаадын хөрөнгө оруулагчдын хэтэвчинд орчихсон нь ойлгомжтой биш үү. Тэдний зарим нь “Токсик Боб хочит Роберт Фрийдландад монголчууд талархах хэрэгтэй” хэмээн алга ташицгааж байна. Таныг “Алгаа таш” гэвэл таших уу?
-Үгүй яах вэ дээ, Оюутолгойг нээж өгснийх нь төлөө Р.Фрийдландад талархаж болох байх. Монголыг олон улсын тавцанд таниулж өгсөнд нь гэдэг ч юм уу. Монголчууд тэнэгтээ л тийм “юм”-аа нээж чадаагүй. Р.Фрийдланд ухаантайдаа ч биш шүү дээ. Бид тэнэгтээ л байхгүй юу. Өөрсдийнхөө тэнэгийг гайхуулж байгаа юм шиг тэгж яриад яах вэ.
-“Эцсийн эцэст Эрээнийг тэжээх үүцээ задалж байна”. УИХ-д ганц суудалтай намуудын энэхүү байр суурьтай санал нийлж байна уу?
-Бид өөрсдөө ашиглавал Эрээнийг тэжээхгүй. Харин бэлэн мөнгө тараавал өрөнд дарагдсан малчид өрөндөө өгч, зарим нь бизнес эрхлэх гээд “шатна”. Тэгээд ч нэг сая төгрөгөөр хийдэг ямар ч бизнес байдаггүй юм. Хүүхдийн сургалтын төлбөр, өөр юу байдаг юм ганц нэг дуртай зүйлдээ зарцуулаад л нэг хэсэг нь Эрээн рүү явж, 1.5 сая төгрөгөө дуусгачихна. Юу болох вэ дээ, тийм үү.
-УИХ 2010 оны төсвийн тодотголыг “амьгүй” болгочихов оо?
-Ардчилсан нам төсвийн тодотголыг батлахаас урьтаж, “Хүүхдийн мөнгө”-ийг хэлэлцэнэ, үүнийг өгүүлэх л болно гэдэг шаардлага тавьсан учраас асуудал хойшилсон.
-Улс орны асуудлыг намын эрх ашгаар бойкотолж болдог юм уу?
-Болно оо, болно. “Хүүхдийн мөнгө” ч бас бүхэл бүтэн улс орны ирээдүйн асуудал шүү дээ.
-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төсөл санаачилсан ч МАХН-ын бүлгийнхэнд загнуулаад чимээгүй болчихлоо. Олонхийн хандлага ийм байхад бүтэхгүй гэдэг нь тодорхой юм биш үү?
-Хүмүүс “Хүүхдийн мөнгө”-өө өгөөч” гэж байнга нэхэж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд босч ирээд л асуудаг. Өөр юуг ч тэгж нэхдэггүй. Түүнээс биш “Хурим хийсний мөнгө өг” гэдэггүй. Тэгэхээр энэ нь амьдралд ойр, нүдээ олсон халамжийн мөнгө байж гэдэг нь мэдрэгдэж байна. Тийм ч учраас ард түмэн нэхэж байгаа юм. Би үүнийг санаачилсандаа баяртай байдаг. Шударга сайхан зүйлийг ард түмэн нэхэж л таарна. Хэрэв санаачлаагүй байсан бол хэн ч нэхэхгүй биз дээ. “Хүүхдийн мөнгө”-ийг ямар ч байсан өгүүлнэ. Өгөөгүй төр засгийг ард түмэн дотроо хараах байх. Төр засгийн удирдлагууд ард түмэндээ хараалгахыг хүсэхгүй нь тодорхой. Иргэд дургүйцнэ, хараана гэдэг бол ирэх сонгуулийн үеэр “Муу” дүн тавина гэсэн үг. “Хүүхдийн мөнгө” өгөхгүй гээд үзэг л дээ. Хэрэв өгөхгүй бол Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна. Миний хувьд “Засгийн газраас гар. Өгөхгүй бол засгаас зайлаад өгөөрэй” гэж хэлнэ.
-Эрх баригчид “Хүүхдийн мөнгө” өгвөл төсөв дундарчихна” гэх хандлагатай байгаа. Энэ нь танай намынханд үзүүлж буй хариу бойкот биз дээ?
-Дундарч л байг. Төсөв гэж нэг тэнэг “юм”-аа ийш, тийш худал зарцуулахын оронд хүүхдүүдэд өгвөл илүү шударга болно.
-Та 70 мянган төгрөгөө авсан уу?
-Аваагүй. Тэгж байгаад авах байлгүй. Оочер дугаартай л байдаг гэсэн. Одоо тэгээд мань мэтийнх нь авах ээлж болсон уу, болоогүй юу би мэдэх ч үгүй байна. Авах ёстой хүмүүс эхний ээлжинд аваг. Бидэнд өнөө, маргаашдаа 70 мянган төгрөг хэрэгтэй байгаа биш.
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг та гурав Могойн голын уурхайд түшиглэн цахилгаан станц барих асуудлыг дэмжүүлэхгүй байх лоббиг УИХ дахь МАХН, Ардчилсан намынханд хийж байгаа гэв үү?
-Бид гурав лобби хийж сүйд болоогүй. Эсэргүүцлээ л илэрхийлсэн. Могойн голын асуудлаар УИХ-ын дарга, харьяа бүлгийн удирдлагууд, Ерөнхий сайдтай уулзлаа. Ерөнхий сайд, холбогдох сайд нарт асуулга тавьсан. Тэр ч атугай ярилцлага өглөө. Бид “Дулааны цахилгаан станцаа Монголын хөрөнгөөр барья. Төсвийн хөрөнгө оруулалтаар, аль эсвэл гадаадын зээлээр барья. Тэнд гадаадын хөрөнгө оруулалт хийлгэмээргүй байна. Гадны түшиц бааз байгуулахгүй” гэсэн. Монгол Улс харийнхны гарт орж гүйцлээ. Тиймээс нэг хэсэг газрыг ч болтугай тэдний мэдэлд өгөхөө больё. Яахаараа Монголын хойморт гадныхан очиж, 100 хувийн хөрөнгө оруулалтаар тэнд түшиц газраа байгуулах ёстой юм бэ. Үүнийг л бид гурав эсэргүүцэж байгаа. Могойн голын дулааны цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл гараагүй. Барих гэж буй станц нь хоёр дахин өндөр үнэтэй. Уурхай болон ажиллах хүчин нь хэнийх байх вэ гэхмэтчилэн тодорхойгүй асуудал олон бий. Бидний ойлгосноор, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт байна гэж байгаа. Эцэст нь тэрхүү нүүрсний уурхайн лицензийг худалдаж авахаар зарим хүнтэй тохиролцсон сурагтай. Ер нь биднийг “юм” мэдэхгүй, мөнгөгүйгээр далимдуулж, тэнд нэг их муухай зүйл хийх гээд байгаа юм билээ. Их хэмжээний мөнгө, лобби “үнэртээд” байна.
-Та бүхэн ийм байр суурьтай байгаа юм байж. Гэтэл төрийн зарим өндөр албан тушаалтан “Хятадууд тэнд их бүтээн байгуулалт хийж, бидэнд 22 жилийн дараа эргүүлэн өгнө” гэсэн. Нэг хэсэг нь бүр 14 жилийн дараа ч гэж байгаа?
-Гэрээгээ нуугаад өгөхгүй л байгаа шүү дээ. Гэрээн дээр 22 жил гэж байхгүй. Зуун хувь тэдний хөрөнгө оруулалт гэж бий. Хорин хоёр жил гэж худлаа ярьж байгаа юм. Угаасаа станц 22 жил болоод л хуучирчихдаг. Ер нь 25-30 жилийн дараа ямар ч станцыг шинэчлэх хэмжээнд хүрнэ. Тэгээд ч худлаа даа. Тийм зүйл болохгүй. Манайхан буцааж авч чадах ч үгүй. Гэрээгээ тэгж хийгээгүй. Худлаа. Тэгж ярихын оронд гэрээгээ хувилаад үзүүлчих хэрэгтэй.
-Эсэргүүцэл  илэр­­хийлс­нийхээ тө­лөө та Д.Оюунхорол гишүүнд “Жижиг эрх ашгаа хамгааллаа” гэж загнуулсан биз дээ?
-Би Завхан, Говь-Алтайнхныг гэрэл цахилгаантай болоосой л гэж байгаа. Төсвөөс хөрөнгө гаргаад хийчихэж болно. Бүхэл бүтэн хоёр аймгийн төлөө зээл, тусламж зарцуулж болно. Гэтэл яг хийе гэхээр эд “Үгүй” гээд суучихаж байна. Тэр талаар ярихыг ч хүсэхгүй байгаа. Гол зорилго нь Хятадын хөрөнгө оруулалтыг оруулах л юм байна лээ.
-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл арав гаруй хоногийн өмнө хуралдаж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг Могойн голын асуудалд буруутган огцруулах эсэхийг хэлэлцэх байсан. Яг хэзээ хуралдах болов?
-Хэн нэгэн сайдыг огцруулъя гэж бид бичиг баримт үйлдээгүй. “Хэрэв дураараа авирлаж, гэрээгээ цуцлахгүй хууль зөрчвөл асуудлыг чинь тавина” гэж онолын хүрээнд ярьсан. Ардчилсан намын бүлэгт бид үүнийг танилцуулж, Засгийн газраас хийсэн гэрээг хүчингүй болгуулах, улсын төсвийн хөрөнгө болон Тавантолгойд барих дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмж, Могойн гол руу татах хувилбаруудыг судал. Нүүрсний уурхайн лицензийг ямар ч нөхцөлд гадаадынханд зарахгүй байх тухай шийдвэр манай намын бүлгээс гарсан. Энэ талаар УИХ, Засгийн газарт мэдэгдсэн байх. Нэг ёсондоо гэрээг хүчингүй болгох бидний тэмцлийн үр дүн гарч байна.
-Та Улсын ерөнхий прокурорын газарт Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ дахин гаргасан юм уу?
-Улсын ерөнхий прокурорт “Авлигатай тэмцэх газраас намайг тагнаж, чагнасан тухай хоёр ч баримт нотолгоо олдлоо. Шалгаж өгөөч” гэж хандсан. Үүний дагуу өнөөдөр /өчигдөр/ надад хариу нь ирсэн. “Таны гомдлыг харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн” гэжээ. Тагнаж, чагнасан явдлыг Тагнуулын ерөнхий газрынхан шалгадаг юм байна гэж би ойлголоо.
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагийн талаар хэлэлцэнэ. Гэхдээ “Бусад” гэсэн ангилалд багтааж, нууцлах болсны учир юу вэ?
-Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Маргааш /Өнөөдөр/ ес дэх хоног нь болно. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалтад “Бусад” гэж бичсэн байна лээ. Үүнд Ч.Сангарагчааг огцруулах эсэх тухай сэдэв бий гэж Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр /уржигдар/ бүлгийн хуралдааны үеэр хэлсэн. Гэхдээ нуух хэрэггүй л дээ. Юуг нь нуудаг юм бэ. Хуулийн дагуу хэлэлцэхээс цааш биччих л хэрэгтэй. Хэлэлцэх асуудлаа нуугаад байх хэрэггүй. Улсын ерөнхий прокурор саналаа өргөн барьчихсан байхад “Хууль зүйн байнгын хороогоор ийм зүйл хэлэлцэнэ” гээд мэдээлэх байсан юм. Ер нь Ч.Сангарагчаа даргатай Авлигатай тэмцэх газар хууль зөрчсөн маш том үйл ажиллагаа явууллаа. Бусдыг зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнасан. Чагнах аппарат нууцаар худалдаж авсан. Дээр нь олон зөрчил бий. Байр байшингаас эхлээд машины цонхны тенийг бараг 10-аад сая төгрөгөөр худалдаж авсан байна лээ. Бас “Усан доор авлига байна уу” гэж хайдаг юм болов уу. Усанд сэлэхэд зургаан сая төгрөг зарцуулсан байна. Онцгой байдлын аврагчид биш дээ, ямар. Загас авлига өгдөг бол хамаа алга. Юу үзэх гээд байгаа юм бүү мэд. Их л тансаглаж, мөнгө үрдэг хүмүүс. Ч.Сангарагчаа гуай өөртөө 55 сая төгрөгөөр орон сууц авсан. Энэ нь нийт үнийнх нь 30 хувь гэж тооцохоор 170-аад сая төгрөгийн байр юм байна. Иймэрхүү маягаар хууль зөрчсөн муухай үйлдлүүд хийж, ичих ч үгүй “Би хууль зөрчөөгүй” гэж ярьдаг. Газар дээрээ баригдчихсан юм чинь яах вэ дээ. Эрхийг нь түдгэлзүүлэхээс өөр аргагүй.
-Авлигатай тэмцэх нь нийгмийн захиалга ч Авлигатай тэмцэх газар улс төрийн захиалгаар ажилладаг болсон нь үнэн. Тэгээд ч Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуяг, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа нарыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүмүүс гэдэг. Тэдний асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед сөхөж, солихыг нь сольж байгаа нь яалт ч үгүй өөр мөчлөг эхэлснийг харуулж байна?
-М.Алтанхуяг хуульд заасан хугацаанаас нэг жил гаруйн өмнө өргөдлөө өглөө. Ерөнхийлөгчийг “Өргөдлөө өг” гэж шахахад нь тэр хүн өргөдлөө өгчихсөн юм биш. Өргөдлөө бушуухан өгөөд явахгүй бол шалгуулах болно. Хууль зөрчсөн, нууж хаасан, хамгаалсан бүхий л бохир муухай нь ил гарна шүү дээ. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр эртхэн бууж өгөөд хөөрхий амьтан явлаа. Нэр цэвэр хүн байсан бол өргөдлөө өгөхгүй биз дээ. Яах аргагүй буруу зүйл хийсэн учраас өргөдлөө өгсөн байлгүй. Ерөнхийлөгчийн хувьд ч айхтар шахаж, шаардсан явдал байхгүй. Хүнийг юу гэж тэгэх юм. Асуудал угаасаа л ойлгомжтой байсан. М.Алтанхуяг үүнийгээ мэдэж “Миний бөгсийг битгий ухаарай” гээд явлаа.

 

С.БАТТУЛГА

ЗОХИОГЧИЙН ЭРХ: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж