Төрийн далбааны өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Төрийн далбааны өдрийг тэмдэглэнэ

Төрийн далбааны өдрийг тэмдэглэнэ
Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан байдаг. Мөн эдгээр нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг билээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа Бээжингийн олимпиос алтан медаль авсны дараахнаас төрийн далбаагаа Монголчууд өргөнөөр хэрэглэж мандуулцгаах болсон. Үүнтэй зэрэгцээд буруу зөрүү дүрстэй хийсэн далбаагаар эх оронч үзлээ илэрхийлэх болсон нь харамсалтай. Иймээс монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төлсийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингээд Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлээд байна. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг болоод хоёрдахь жилтэйгээ золгож байна. Төрийн далбааны өдрийг ганц манай улс ч тэмдэглэдэг бус дэлхийн олон улс оронд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тухайлбал: Аргентин зургадугаар сарын 20-нд, ОХУ наймдугаар сарын 22-нд, АНУ зургадугаар сарын 14-нд тэмдэглэдэг ажээ.

Төрийн далбааны төрсөн өдөр долдугаар сарын 10

1945 оны долдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Х.Чойбалсан ЗХУ-д нэлээд богинохон хугацаанд яаралтай айлчлал хийсэн байна. Учир нь Москвад ЗХУ, Хятадын хооронд хэлэлцээ болж, түүний нэг чухал асуудал нь БНМАУ-ын тусгаар тогнолын тухай асуудал байсан ажээ.

Энэ айлчлалаас эх орондоо буцаж ирсний маргааш нь буюу 1945 оны долдугаар сарын 10-ны өдөр Х.Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ.

Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2 x 1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Энд улсын нэр бичихээ больсныг анзаарах хэрэгтэй. Энэ нь тугийн дэвсгэр өөрчлөгдсөнтэй холбоотой ажээ. Үүнээс өмнөх Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичсэн байдаг аж. Харин энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болжээ. Энэ үйл явдлыг Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлж байжээ.
Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж