Хуулийн төсөлд банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламж, тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээд болон түүний холбогдох этгээдийн харилцах, мөнгөн хадгаламжийг төрийн баталгаанд үл хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн тухайн банкны холбогдох этгээд болон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанаас хасахаар тусгасан аж. Төрийн баталгаанд хамрагдах харилцах, хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүгийн түвшингээр хязгаарлах зохицуулалтыг ч хийж өгчээ. Хэрвээ хууль батлагдвал төрийн баталгаанд байгаа 3.1 их наяд төгрөгийн хадгаламж, харилцах данс 2.5 их наяд төгрөг рүү бууж, 558 тэрбум төгрөгөөр багасах юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд төрийн баталгаанд хамрагдах харилцах, хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүтэй уясныг хурцаар шүүмжлэв.
Төв банк өнгөрсөн хугацаанд валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханшийг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүгээ нэмж байсан. Энэ нь эргээд банкуудын зээлийн хүүг өндөрсгөж, бодит эдийн засгийг дэмжих боломжгүйд хүргэсэн. Одоо ч бодлогын хүү санасан хэмжээнд хүртэл буураагүй байгаа. Ийм үед дээрх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгасан нь бодлогын хүүг улам чангаруулах тал руу нь явуулж болзошгүй гэх анхааруулгыг өгч байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монголбанкны бодлогын хүү тогтмол байна гэсэн үг үү. Уг нь бодлогын хүүг бууруулж байж гэмээнэ зээлийн хүү буурах учиртай гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Төв банк бодлогын хүүгээ өсгөснөөс болж арилжааны банкууд танайд мөнгөө байршуулаад, зээлийн хэмжээгээ багасгаад байна. Ийм нөхцөлд яаж банкны зээлийн хүү буурч, хугацаа нь уртсах юм бэ. Монголчууд их хэмжээний зээлийг хүү багатай, урт хугацаатайгаар авахыг хүсч байна. Үүний эсрэг арга хэмжээг Монголбанк хийж ирсэн, одоо ч хийж байна” гэв.
Төв банкны ерөнхийлөгчийн тайлбараар бол Монголбанк бодлогын хүүгээ өсгөнө чиг, буулгана чиг. Бодлогын хүүг бууруулахын төлөө ажиллаж ирсэн. Хэрэв бодлогын хүүгээ өсгөж байгаа бол эдийн засгийн нөхцөл байдал тааруу, мөнгөө хадгалуулсан иргэдийн хувьд эрсдэл өндөрсчээ гэж ойлгож болно. Ер нь тэгээд Төв банк бодлогын хүүгээ бууруулж, арилжааны зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллая гэхнээ инфляци 13.4 хувьтай, хадгаламжийн дундаж хүү 11-12 хувьтай байгаа нь ийм алхмыг хийх боломжгүйд хүргэж буй гэх.
Банкны зээл тойрсон асуудлаар гишүүд Төв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт дараах асуултыг тавьж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Банкны хүү өндөр гэж ярьж байгаа. Гэхдээ төрийн баталгаанд хамрагдаж байгаа мөнгөн хадгаламжийн дүнгийн нэг хувьтай тэнцэх шимтгэлийг жил бүр Монголбанкин дахь тусгай дансанд төлөхөөр тусгасан нь өндөр байна. Үүнээс болж арилжааны банкууд нэг хувиа хадгалуулж байгаа юм чинь гээд зээлийн хүүгээ дахиад өсгөх хандлага гаргах вий дээ.
Л.Пүрэвдорж-3.1 их наяд төгрөгийн хадгаламж, харилцах данс төрийн баталгаанд байна. Хуульд өөрчлөлт орсны дараа 2.5 их наяд болно. Тэгэхээр шимтгэлийн жилийн дүн 25 тэрбум болно. Энэ нь банкны санхүүд ч, зээлийн хүүд ч нөлөөлнө. Хэрвээ 0.5 болгоё гэвэл хүлээж авч, буулгахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хямралтай холбогдуулж баталсан. Энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Одоо шууд хүчингүй болгож болохгүй юм уу. Монголбанк эдийн засгийн эсрэг бодлого явуулаад байна. Зөвхөн арьсаа хамгаалсан ханш, инфляци тогтвортой байлгах гэсэн бодлого барьж байна. Бусад орны жишгээр төв банк нь Засгийн газартаа байвал эдийн засгийн чиглэлээр хамтран арга хэмжээ авахад боломжтой байдаг.
Уул уурхай, барилгад өндөр хүүтэй зээл өгдөг. Жижиг дунд үйлдвэрт зээл өгөхгүй байна. Яагаад гэвэл тэдэнд барьцаа хөрөнгө байдаггүй. Үүнийг яах вэ. Төгрөг чангарч байна. Цаашдаа Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаад их хэмжээний валют орж ирнэ. Энэ үед төгрөг улам чангарна. Ингээд явуулаад байвал импорт л хөгжихөөс цаашгүй. Ямар арга хэмжээ авах вэ?
Л.Пүрэвдорж- Хуулийг шууд хүчингүй болгох юм бол Монголын харилцах, хадгаламж ямар ч баталгаагүй болно. Тиймээс дараагийн хууль хүртэл үе шаттай явахгүй бол болохгүй .
Монголбанк эдийн засгийн эсрэг арга хэмжээ аваагүй. Монголбанкийг мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлга, мөнгөний бодлогоор үнэгүйдэл битгий гарга гэдэг. Төв банк мөнгөний бодлогоор өнөөдрийг хүртэл инфляци үүсгээгүй. Харин төсвийн бодлогоор үүссэн инфляцийг багасгахын төлөө ажиллаж байна. Энэ бол эдийн засгийн эсрэг ямар ч арга хэмжээ биш. Жижиг дунд үйлдвэрт зээл олгож байгаа. Гэхдээ хүссэн бүхэнд олгож чадахгүй байна. Гол нь зээлийн баталгааны асуудал. Зээлийн баталгааны асуудлыг банк дотроо биш эдийн засгийн бүтэц дотор систем гаргаж, жижиг зээлийн барьцаа даадаг бүтцийг Засгийн газар, УИХ гаргаж өгөх ёстой.
Төв банкийг Засгийн газрын харьяа болгохын эсрэг байна. Өнөөдөр Засгийн газар, УИХ төсвийнхөө хүрээнд бодлого дээрээ алдаж байгаа. Инфляцийн гол шалтгаан тэнд байна. Асар их бэлэн мөнгө тарааж байна. Дээрээс нь төв банкийг Засгийн газарт авах юм бол эдийн засгийн тогтвортой байдлыг муудуулахаас сайжруулахгүй. Төгрөг алгуур чангарч байна. Төв банк өөрийнхөө бодлогоор зохицуулж чадахгүй. Аль болох жигд огцом биш байлгах л үүрэг хүлээж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа. Тогтворжилтын сангийн тухай хууль баталж байна. Энэ нь өөрөө асар их ач холбогдолтой. Оюутолгойгоос орж ирэх асар их валютийн чинь нэг хэсгийг энэ рүү татна. Зөвхөн энэ санд орох хөрөнгийг валютаар нь татах эрхийг Засгийн газарт өгөхөөс өөр арга байхгүй. Үүний дээр бүтцийн олон арга хэмжээ авах ёстой. Татварын бодлогодоо ч өөрчлөлт оруулах ёстой. Монгол Улс тавхан хувийн гаалийн татвартай. 15 болгож яагаад болдоггүй юм. Тэгсэн атлаа Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 байгаа.
УИХ-ын гишүүн Д. Зоригт “Одоо мөрдөж байгаа хуулиар мөнгөний хэмжээг харгалзахгүйгээр төр нийтэд нь баталгаа гаргасан. Ихэнх улсад үүнийг хязгаартай баталгаа гаргадаг. Ийм хэлбэр рүү оруулж болох уу, судалгаа хийсэн үү?
Л.Пүрэвдорж- Хэмжээгээр нь хязгаарлалт хийх боломжгүй. Монголд банк санхүүгийн зах зээл хөгжөөгүй учир иргэдийн хувьд мөнгөө банкнаас өөр өгөх газар алга. Үнэт цаас гэх мэт өөр газар байршуулах боломж байхгүй. Харин энэ хуулийн дараагийн арга хэмжээ нь хязгаарлах арга хэмжээ байж магадгүй, өнөөдөртөө ийм хязгаарлалтыг хийх цаг хугацаа хараахан биш ээ.
Г.Дарь