Газар сайгүй цогцолбор барина гэдэг худлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Газар сайгүй цогцолбор барина гэдэг худлаа

Газар сайгүй цогцолбор барина гэдэг худлаа
УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-УИХ-аас Тавантолгойн ордыг ашиглах шийдвэр гаргах гэж байна.Та үүнийг Монголын гэхээсээ даяаршлын шаардлага, цаг үеийн шаардлага гэж хэлж байсан. Энэ нэлээд содон сонсогдож байсан л даа?

-Манай Монгол Улс нүүрсээр баялаг. Тавантолгой бол нэлээд дээр үеэс судлагдсан орд  л доо. Зургаа гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй орд гэдэг. Түүний үндсэндээ 30 ша­хам хувь нь буюу ойролцоогоор хоёр тэрбум тонн нь сайн чанарын кокс­жих нүүрс гэсэн судалгаа бий. Өнөөдөр дэлхий даяаршиж, ялан­гуяа Зүүн өмнөд Азийн орнууд, БНХАУ Тавантолгойг нэлээд сонир­хож байна. Коксжих нүүрс ме­тал­­лур­гийн үйлдвэрт ихээхэн ач холбогдолтой. Металлургийн үйлд­вэр хөгжсөн Азийн орнуудад кок­сын хэрэгцээ нэмэгдэж байна. Манай­хан нэлээд дээр үеэс энэ ордыг эргэл­тэд оруулах, нүүрс худалдан борлуулах, түлш боловсруулах үйлд­вэр байгуулах талаар сонирхож бай­сан юм билээ. Харин цаг хугацаа нь болоогүй байснаас өдий хүртэл Та­ван­толгойг хөндөөгүй байсан. Бид Тавантолгойгоо ашиглах шийдвэр гар­гаж байна гэхээсээ илүү дэлхий глобалчлагдсан өнөөгийн цаг үе энэ ордыг эргэлтэд оруулахыг өөрөө шаардаж байна гэж хэлж болно.
Энэ боломжийг ашиглаж Зас­гийн газар идэвхтэй ажиллаж Мон­гол Улсын төсвийн орлогыг нэмэг­дүүлэх, ялангуяа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлага бий болж байна. Үүнтэй уялдуулж Оюутолгой, Таван­толгой, томоохон бусад орд газруудаа эргэлтэд оруулж, ашигт малтмалаа гадаад орнуудад ху­дал­дан борлуулах, уул уурхайн за­рим бүтээгдэхүүнийг дотооддоо бо­ловс­руулах нөхцөл бүрдэж байна. Ингэс­нээр Монгол Улсын Засгийн газар төсвийн орлогоо нэмэгдүүлж, ард иргэ­д­ийн амьжиргааны төвшинг сайж­руулах зүй ёсны шаардлага ч тул­гарч байна. Хөрөнгө оруулагчдыг эрж хайх, эрэмбэлэх асуудал ч гарч байгаа.
УИХ-аар одоо Тавантолгойн ор­дыг ашиглах тухай Засгийн газрын гар­гасан тогтоолын төслийг хэлэлцэж байна. Мэдээж аль болохоор хурдавч­лах, ордоо эргэлтэд оруулахыг чухал­чилж байгаа. Өнөөдөр олон улсын хам­тын ажиллагаа бизнес, уул уур­хайн салбарт өргөжиж байгаа тийм үе таарч байгаа нь олзуурхууштай. Энэ баялгийг олборлох, боловсруулах асуудалд дэд бүтцийн хөгжил ихээхэн онцгой шаардагдах боллоо.
-Тавантолгойн Цанхийн хэс­гийг баруун, зүүн хоёр хэ­сэгт хуваагаад нэг хэсгийг дан дотоодын, нөгөө хэсгийг гадаа­дын болоод хувь нийлүүлсэн хам­тар­сан компаниудад эзэм­шүүлье гэж Засгийн газар үз­сэн. Гэхдээ үүн дээр УИХ-ын гишүүдийн байр суурь зөрөл­дөөнтэй байсан. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэлээд маргаантай байна. Тогтоо­лын төслийн хэлэлцүүлгийг хий­гээд явж байна. Гишүүдээс янз янз­ын санал гарч ирж байгаа. Гол нь ордыг даруй эргэлтэд оруулах ёстой гэсэн дээр санал нэгдэж байна. Миний хувьд Засгийн газраас  оруулж ирсэн хувилбарыг дэмжиж байгаа.
-Тавантолгойгоос Сайншанд руу төмөр замын шинэ чиглэл тавихаар боллоо шүү дээ. Танай аймаг хөгжлийн том ирээдүйтэй болох нь дээ?
-Монгол Улсын хоёр дахь том зорилт бол дэд бүтцээ хөгжүүлэх гэж би дээр хэлсэн. Үүнтэй уял­дуулж хэлэхэд би Дорноговь айм­гийн Засаг даргаар ажиллаж байх­даа Зүүнбаянгийн төмөр замыг Оюу­толгой, Тавантолгойн чиглэлд өр­гөт­гөх, Сайншандаас Сүхбаатар, Дор­нод руу чиглүүлсэн төмөр зам тавих төсөл боловсруулаад тухайн үеийн Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд явуулж байсан юм.
-Тийм үү. Холыг харж байж дээ. Хэзээ тийм төсөл гаргасан юм бэ?
-Бүр 2003 онд. Долоо, найман жи­лийн өмнө шүү дээ.
-Сая УИХ-аас баталсан төсөл­тэй бараг ижил хувилбар байсан гэсэн үг үү?
-Тухайн үедээ бас иймэрхүү зүйлийг төсөөлж байсан гэх үү дээ. Яг миний тэр төсөлтэй ижил хувилбараар, ми­ний санаж бодож байснаар дөрөвхөн хо­но­гийн өмнө, өнгөрсөн долоо хоно­гийн сүүлээр Монголын төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэдэг баримт бичгийг ба­талж гаргалаа. Миний төлөвлөж бай­сан тэр маршрутаар 1000 гаруй км төмөр замыг эн тэргүүн ээлжинд барихыг дэмжсэн тийм шийдвэр гарсанд баяртай байгаа. Төмөр зам, авто замаас гадна бас эрчим хүчний асуудлаа шийдэх ёстой. Ингэсэн цагт уул уурхайн салбарыг хөгжүүлэх, баяжуулах үйлдвэрүүд барих, Мон­гол­доо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бо­ломж бүрдэнэ.
-Тавантолгой ашиглалтад оро­хоор Сайншандад аж үйлд­вэрийн том цогцолбор барина гэж байгаа. Гэхдээ хүн хүний бодол өөр байх шиг байна. Нэг газар биш, нэлээд хэд хэдэн газар цогцолбор байгуулна ч гэдэг юм уу. Тийм боломж байна уу?
-Газар сайгүй л цогцолбор, үйлд­вэр барина гэж ярьдаг болсон байна. Ээлж дараатай шийдэх байх л даа. Ер нь хот болгонд, газар бүрт цогцолбороор нь үйлдвэр бариад байна гэдэг худлаа л даа. Аливаа юм хэтэрхий туйлширдаг шиг л юм ярьж байх шиг байна. Яагаад Сайншандад гэж ярьж байна вэ гэвэл нэгд, манай Дорноговийн бүс нутаг бол яах аргагүй тээврийн том зангилаа. Хоёрдугаарт өмнөд хил, зах зээлд ойрхон оршдог том боомт бол Сайншанд. Хилийнхээ гүнд байдаг гэдгээрээ Сайншандыг сонгосон хэ­рэг. Тэрнээс биш шууд торгон хил дээ­рээ, Замын-Үүдэд цогцолбор бай­гуулж болохгүй шүү дээ. Тийм үндэс­лэлээр Сайншандад том цогцолбор байгуулах нь зайлшгүй.
-Дорноговьд бас Өмнөговиос ду­тах­гүй ашигт малтмалын ор­дууд илрээд байгаа бил үү?
-Манай аймаг баялаг ихтэй. Дорно­говьд нефтийн олборлолт эхэл­­чих­­лээ. Хэд хэдэн компани неф­тийн хайгуул хийж байна. Тэнд ойрын үед нефть боловсруулах үйлдвэр баригдаж таарна. Яаравчлах ч ёстой. Зүүнбаянд дээр үед нефтийн үйлдвэртэй байсан.
-Одоо хуучин үйлдвэрээс нь үл­дэг­дэл байдаг юм уу, тэнд?
-Хуучин нефть боловсруулах үйлдвэр ажиллуулж байгаад 1950-иад оны сүүлээр дэлбэрэлт үүсээд больчихсон. Ер нь эргэн тойрондоо нефтийн орд элбэгтэй. Хайгуул хийж байна. Энэ оноос олборлолтын үе шат эхэлсэн. Олборлолт тодорхой хэмжээгээр нэмэгдээд ирэхээр нефть боловсруулах үйлдвэр барих нөхцөл бүрдэнэ.
-Хаанахын компаниуд Дорно­го­вийн нефтийн орд дээр ажиллаж байгаа вэ?
-1997 оны хайгуулын талбай гэж нэрлэдэг хэсэг бий. Тэнд Английн компани байж байгаад гарсан. Дараа нь Хятадын компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулаад хайгуул хийсэн. Одоо олборлолт эхэлж байна.
-Доншин гэдэг компани уу?
-Тийм, “Доншин-газрын тос Мон­гол” гэдэг компани. Одоо бол долоо найман талбайд нэлээд хэдэн компани ажиллаж байна. Швейцарийн BWM гэж компани хоёр талбайд хайгуул хийж байна. Сингапурын компани байна. Монголын Сансрын геологи, Шунхлай энержи гээд хэд хэдэн хайгуулын компани бий. Олборлолт нэмэг­дэхээр яваандаа нефтийн үйлд­вэр байгуулна.
-Өмнөговиос дутахгүй ашигт малт­малын бизнес  хөгжүүлэх нь дээ, Дорноговьд. Өөр ямар баялагтай билээ?
-Барилгын материалаар баялаг нутаг. Аймгийн төвөөс баруун урагш, төмөр зам дагуу Өргөн сумын нутагт шохойн чулууны томоохон ордуудтай. Шохойн чулуу нь цементийн гол түүхий эд болдог. Тэр орд дээр Мон­по­лимет гэж компани жилдээ нэг сая тонн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр бари­хаар ажлаа эхлээд байна. Тэнд Германы тоног төхөөрөмж суури­луулахаар гэрээ байгуулаад мэргэжилтнүүд ирээд ажиллаж байгаа. Судалгааны ажил хийж нэ­лээд үр дүнд хүрсэн. Мөн МАК гэдэг компани Даланжаргалан сумын нутагт нүүрс олборлож байна. Энэ компани Европын Сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар нүүрс баяжуулж түлш үйлдвэрлэхээр 25 дугаар зөрлөгийн орчимд үйлдвэр байгуулах ажлаа эхлээд явж байгаа. Нүүрс боловсруулах том үйлдвэр байгуулна гэж хэлж болно. Зөвхөн Сайншанд дээр бөөгнөрөөд байх биш, Дорноговийн сав газарт ашигт малтмал боловсруулах нэлээд олон үйлдвэрийн эх суурийг тавина. Ер нь бол Сайншандад төмөр замаар Тавантолгойн нүүрсийг авчирч кокс гаргана, зэс хайлуулна, төмөр хайлуулна гэж олон зүйл дээрээс ярьдаг юм билээ. Гэхдээ үүнийг ойрын биш, нэлээд хэтийн ирээдүйн ажил болов уу гэж бодож байна.
-Нүүрсийг Сайншандад боловс­руу­лах нь ойрын ирээдүй биш үү?
-Нүүрсийг Тавантолгойгоос төмөр замаар тээж Сайншандад авчраад кокс ялгаад, түүний үлдэгдэл баахан хар шороо хаяж болохгүй байх аа. Их салхитай бүс нутаг шүү дээ. Үүнийг би нутгийнхаа онцлогийг мэдэхийн хувьд нэг их дэмжмээргүй байгаа юм. Тэртэй тэргүй бүтээн байгуулалт өрнөөд, шинэ төмөр зам бариад ирэхээр Дорноговьд маш олон ажлын байр гарч ирнэ. Сайншанд их том боомт хот болж таарна. Барилгын материал, цемент, нефтийн үйлдвэрүүд зайлшгүй баригдаж таарна. Ингээд ирэхээр нүүрс боловс­руулсан боловсруулаагүй Сайн­­шандад аж үйлдвэрийн том цогцол­бор босно л доо. Гэхдээ одоо бол цог­цолбор барина л гээд байгаа болохоос биш техник эдийн засгийн үндэслэл, судалгаа тооцоо хийсэн юм байхгүй шүү дээ.
-Танай аймаг бас урантай  байх аа?
-Ураны томоохон орд газрууд бий. Дорноговийн сав газарт ураны том баяжуулах, олборлох үйлдвэр байгуулах ирээдүйтэй. Францын Засгийн газраас тийм санал тавиад байгаа. Бас нэг том цогцолбор босох ирээдүй бий. Гэхдээ энд бодох юм бас байгаа. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цахилгаан станц барьж эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүй бол тэр цогцолбор, үйлдвэрүүдийн аль нь ч ашиглалтад орох боломж байхгүй.
-Шивээ-Овоогийн уурхайн дэр­­гэд том станц байгуулж, дотоодоо хангах бүү хэл БНХАУ руу эрчим хүч экспортлоно гэ­сэн төлөвлөгөө байгаа юм билээ шүү дээ?
-Сүүлийн хэдэн жил Шивээ-Овоо­гийн нүүрсний уурхайг түшиглээд цахил­гаан станц байгуулна гэж Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. Илүүдлийг нь экспортлож, урагш нь эрчим хүч гаргана гэж  БНХАУ-ын талтай нэлээд ярьж хөөрсөн тал бий. Гэхдээ одоогоор ямар нэг ахиц дэвшил гараагүй л байна. Ажил эхлээгүй. Тийм болохоор аливаа том ажлыг төсөөлөхөд цаг хугацаа шаардана. Харин бодитой байж болох бүтээн байгуулалтуудаас би дээр хэллээ.
-Хэдэн оноос энэ бүтээн байгуу­лалтуудыг эхлэх боломжтой вэ?
-Зарим нь эхэлчихээд явж байна. Нефть гэхэд 10 гаруй жил бэлтгэлээ хийлээ. 1997 оны талбай гэхэд 13 жил хайгуулаа хийгээд энэ оны тав, зургадугаар сараас олборлоод эхэлсэн. Үйлдвэр барих анхны нөхцөл нь бүрдсэн.
-Одоо газрын тосоо Хятад руу гаргаж байгаа юу?
-Гэрээний дагуу татварыг нь Монголын Засгийн газарт төлүүлээд боловсруулж чадах газар руу нь л явуулж таараа шүү дээ. Одоогоор манайх түүхий нефть боловсруулж чадах биш.
-Аль боомтоор гаргаж байна?
-Замын-Үүдээр галт тэргээр явуулж байна. Төсөвт нэлээд дэмжлэг үзүүлж байгаа.
-Хэдий хэмжээний түүхий нефть олборлоод байгаа бол?
-Яг тийм хэмжээтэй гэж хэлж чадахгүй байна. Газрын тосны бие төлөөлөгч газар дээр нь ажиллаж байгаа. Тэдэнд тодорхой тооцоо судалгаа бий байх.
-Өнгөрсөн баасан гаригт гар аргаар ашигт малтмал олбор­логчдод зориулсан хууль бат­лагдлаа. Хэдэн парламент дам­жуулаад баталж чадахгүй байсан тэр төслийн ажлын хэсгийг та ахалсан байх аа?
-УИХ-ын гишүүний хувьд нэлээд хэдэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Хамгийн сүүлд  Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хууль маань батлагдлаа. Бичил уурхайд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор өргөн барьсан төсөл байсан. Гар аргаар ашигт малтмал олборлодог 30 гаруй мянган хүн байна. Нинжа нар ч гэж хэлдэг. Албан бусаар 100 мянга гаруй хүн бий гэсэн тоо байдаг юм билээ.
Нийгмийн энэ том бүлгийг хууль, эрх зүйн орчинтой болгож баталгаажуулах тийм хуультай болсон. Газрын хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулаад бичил уурхайн зориулалтаар газар олгох боломж бүрдүүллээ. Нийгмийн энэ бүлгийг хаана хаанаа хууль зөрчөөд байхааргүй болгосон тийм шийдвэр гарсан.
-Гадаад орнуудад гар аргаар ашигт малтмал олборлогчид яаж ажилладаг юм бол?
-Швейцарийн хөгжлийн агентлаг бичил уурхайн төсөл хэрэгжүүлээд тав зургаан жил болж байна. Манайхан ч судалж байна. Дэлхийн бусад улс оронд ч ийм хүмүүс байдаг юм билээ. Гэхдээ орчныг нь хуульчилж бүрдүүлж өгдөг юм байна. Манайх хуультай болсноороо үр дүнгээ өгнө гэж ойлгож байгаа. Яаж ч бодсон тэр олон хүн амьжиргаагаа залгуулж байхад хуулийн орчингүй орхиж таарахгүй л дээ. Олон жилийн дараа хуультай болсон нь сайн хэрэг гэж үзэж байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж