-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
-УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/
-Байнгын ажиллагаатай Парламентын 20 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.
Харин УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй хамтад нь хэлэлцэхээр урьд нь авсан завсарлагын хугацааг сунгахыг хүссэний дагуу эдгээр асуудлын хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Энэ хооронд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг нэгтгэн боловсруулахаар байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дахин хуралдаж байр сууриа нэгтгэхээр болов.
Дараа нь УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах үүрэг эрх бүхий байнгын ажиллагаатай парламент /Улсын Бага Хурал/-ыг Монгол Улсад байгуулснаас хойш 20 жилийн ой нь энэ жил тохиож байгаа юм. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 5, 10, 15 жилийн ойг урьд нь тэмдэглэн өнгөрүүлсэн уламжлалыг харгалзан одоогийн түвшинд хүрсэн амжилт ололтоо үнэлэхийн зэрэгцээ ойг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газраас “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг 2010 оны аравдугаар сарын эхний хагаст тэмдэглэх, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл, зохион байгуулалтын ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээр ахлуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, С.Баярцогт, Су.Батболд, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Д.Дондог, З.Алтай нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.