Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Баярт мэдээ дуулгая

Баярт мэдээ дуулгая
Уулсыг шүлгээр, урсгал усыг дуугаар төсөөлөн бодох ирээдүй үеийнхний эмгэнэлт дүрслэлийн талаар эмгэнэн бичих нь олонтаа. Онги гол ширгэсэн түүх хэдийнэ 12 “нас” хүрч, Улаанцутгалан алдрав хэмээх эрэл хайгуул өнгөрсөн жилийн турш монголчуудын зүрхийг эгшээж байлаа. Уул усны ойр нь…хэмээн магтан дуулах монголчуудын байгалийн гоо сайхны тухай дүрслэлийн үнэ цэнэтэй бүхэн үгүй болж, хайрга чулуу, хар шавар төдий ширгэсэн голын шаналлыг та бид хэчнээн олон жил бичих байсныг төсөөлөмгүй.
Харин энэ удаад урсгал усны тухай ерөөл өргөсөн сайхан мэдээг дуулгая. Онги гол устай болж, Улаан нуур эргээ эвдэх нь холгүй усаар “баярхах” болсон гэнэ. Улаан голын эргээс 20 гаруй метрийн өндрөөс буух Орхоны цутгалан ч амь орчихож. Орох орохдоо олны сэтгэлийг баясгаж, их хүрхрээний сүр хүч өмнөх жилүүдийнх шигээ “эр бяр”-аа гайхуулж буй сурагтай. Монголоор бахархах сэтгэлийн нэгээхэн очыг өдөөх уул усны домог ийн амилж буй нь энэ. Дэлхий ертөнц цэцгэн хээгээр гоёж, шаагин урсах голын чимээ сэтгэлийн анирыг эгшээж, амьдрал тэр чигтээ нарны гэрлээр тэтгэгдэж байх энэ эгшинд уншигч олонд хүргэх үүнээс өөр сайхан мэдээ үгүй биз.
Дахиад дуулгая, Онги гол усаар баян, Орхоны хүрхрээ сүрээр хүчтэй болжээ. Цаана чинь ширгэсэн нуурын ус “шилгээж”, Улаанцутгалангийн далдарсан хүрхрээ амилчихсан байна. Хэзээ нэгэн цагт усгүй, уулгүй, урсгал усгүй болох тухай таагүй мэдээг та бид хэвийн л үзэгдэл мэт бичиж, хэвийн л мэдээ мэт унших болсон нь олонтаа. Амьдралын төлөө бүхнээ золиослон зүтгэх эгэл олны сэтгэлийн тэнхээ ийн гол руу, уул руу хандах хүч тэнхээгүй болсон мэт санагдах нь ч бий. Гэвч Орхон голын төлөө, Онги гол хийгээд Улаан нуурын төлөө зүтгэж ирсэн, цаашид ч зүтгэх болно хэмээн олон түмэн өдгөө баярлан хөөрч байна. Анх 12 жилийн өмнө “Эрэл” компанийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт эхлүүлсэн алтны уурхайн үйл ажиллагааны улмаас Онги гол “амь тасарсан” гэдэг. Ингэснээр 437 км-ын зайтай буюу Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Улаан нуурын хайрга төдийхөн үлдэж, ангасан байгалийн аймшигт төлөөлөл болон үлдсэн. Харин энэ удаа тэр үе түүх болон үлдэх нь. Харамсалтай нь, энэ бол ердөө л эхлэл. Цаашид Онги гол урсдагаараа урсч, Орхоны хүрхрээ шуугидгаараа шуугих эсэхийг та бид мэднэ. Дэлхийн дулаарал дэлхийг хатааж байгаа гэдгээс илүүтэй эх орныхоо байгалийг хамгаалах их үйлсэд хүчин зүтгэх олны сэтгэл оломгүй далай мэт арвин байг. Урсгал ус монголчууд бидэнд ерөөл өргөн, амьдрал тэтгэх усны домгийг аз жаргалтайгаар бэлэглэж буй ч юм билүү. Дэлхий дэлэгнэх цагаар хэний бөх төрүүлж, хэний морь хурдалснаас илүүтэй намуухан урсах голын чимээ сэтгэл тэтгэх нь илүү сайхан биз ээ. Дахиад дуулгая, Онги гол усаар баян, Орхоны хүрхрээ сүрээр хүчтэй болжээ. Цаана чинь ширгэсэн нуурын ус “шилгээж”, Улаанцутгалан “архирч”байна. Эргээ халих их усны чимээ эгнэгт нар дагуулах ерөөлтэй гэнэ билээ.

Тоймч Г.Отгонжаргал

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж