“Дорнод уран”-ыг хэлэлцэнэ гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

“Дорнод уран”-ыг хэлэлцэнэ гэж найдаж байна

“Дорнод уран”-ыг хэлэлцэнэ гэж найдаж байна
Манай улсын ураны үндсэн нөөц Дорнодод хамаарагддаг. Ураны ордын асуудал дотоодын компани гэлтгүй дэлхийн то­моохон корпорациудын ан­хаарлыг татаад байгаа билээ. Манай улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан компани болох “Дорнод уран” компани байгуулах ажил ямар шатандаа явж байгаа талаар Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгалангаас тодрууллаа.

-“Дорнод-Уран” компани бай­гуулах асуудал ямар шатандаа явж байна вэ?

-“Дорнод уран” хамтарсан компани байгуулах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцэх болов уу гэж найдаж байна. Уг асуудлаар судалгаанууд хийгдэж байгаа. Засгийн газраас гадаад харилцаа хамтын ажиллагаатай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэгт “Дорнод-Уран”-ы асуудлыг танилцуулах байх. Огт яригдаагүй биш яригдаж байгаа.

-Хамтарсан компанийн талаар Засгийн газарт танилцуулсан уу?

-Холбогдох дүрмийн сан болон бүх саналаа Засгийн газарт танилцуулаад байна. Оросын талаас ч саналууд ирсэн. Түүнийг нэгтгэж, танилцуулсан. Хамгийн гол нь компани байгуулагдсаны дараа хаана, аль талбайд үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг ОХУ-ын холбогдох аж ахуйн гэж компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээр шийдэх асуудал. Ер нь тусгай зөвшөөрлийн асуудал ярих эрт байна. Учир нь компани байгуулагдаагүй байгаа юм. Хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Тэр үед нь уг асуудлыг авч хэлэлцэх болов уу гэж бодож байна.

-Уг ордын хувьд гуравдагч тал байж болно гэж байгаа. Энэ асуудал юу болов?

-Манай улс ОХУ-тай Засгийн газрын хэлэлцээр хийх явцад гуравдагч талыг оролцуулж болох талаар заасан боловч яг тэр улс гэж заагаагүй. Ер нь Япон улс байж болох юм гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд ч ойрын хугацаанд Японы “Марубени”, “Мицуй”, “Тошиба” корпорацийн төлөөлөгчид манайд ирж, уулзалт хийж байна. Тэдний зүгээс сонирхлоо илэрхийлж байгаа. Ураны салбарт хөрөнгө оруулж, гуравдагч тал болон хамтарч ажиллана гэсэн санал хэвээрээ. Гэвч ямар хэмжээнд ажиллах вэ гэдгийг ярилцаж л байна.

-Ураны талаар олон асуудал хөндөгдөж байгаа. Үүний нэг нь “Хан ресурс” компани манай цөмийн энергийн төвийг шүүхэд өгсөн явдал. Энэ асуудал юу болж байна?

-“Хан ресурс” компани ураны ордын лицензийг урьд нь эзэмшиж байсан. “Хан ресурс”-ийн хувьд Японы “Марубени”, “Мицуй”, “Тошиба” зэрэг томоохон компаниудтай харьцуулах компани биш л дээ. Эдгээр компанийн хажууд жижиг компани. Тус компани хуулийн хэд, хэдэн заалт зөрчсөн, үүнийгээ залруулаагүй. Бидний зүгээс лицензийг нь өгөхгүй байх үндэслэл бий. Манай хуулийн байгууллага, шүүх хуулийн дагуу зөв шийдвэр гаргана гэж найдаж байгаа. Ялна гэдэгтэй бүрэн итгэлтэй байна.

-Тус компаниас олон улсын шүүхэд хандана гэсэн байсан?

-Манай агентлаг гадаадын хэд, хэдэн хүмүүнлэгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Асуудал олон улс руу хандвал мөн ялгаагүй өөрийн орны болон гадаадын хүмүүнлэгийн байгууллагуудаараа дамжуулж арга хэмжээ авах болно.

Ц.Энхцэцэг

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж