Х.Клинтон ”Америк мөрөөдөл”-өө биелүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Х.Клинтон ”Америк мөрөөдөл”-өө биелүүлэх үү?

Х.Клинтон ”Америк мөрөөдөл”-өө биелүүлэх үү?
Барак Обамагийн засаг захиргаа ОХУ-тай харилцах харилцаагаа шинэ шатанд гаргана хэмээн зорьж байгаа. Үүний зэрэгцээ Евроазийн зүрхэнд орших бусад улс руу хараа бэлчээхээ ч мартсангүй. Өмнө нь Жорж Бушийн засаг захиргаа Гүрж, Украйн, Киргизэд гарсан өнгө өнгийн хувьсгалыг түлхүүрдэж өгснийг ажиглагчид нотолдог. Гэтэл тэр үед засгийн эрхэнд гарсан удирдагчдын ихэнх нь өнөөдөр сөрөг хүчнийхэндээ байраа тавьжээ. Ингээд эхлэхээр АНУ-ын эсрэг бодлого хөврөх нь ойлгомжтой. Ингээд энэ асуудлыг шийдвэрлэж, тэдний хандлагыг нааштай болгохыг зорьсон, Б.Обамагийн засаг захиргааны “гал тогоон дахь” хамаг үйл хэргийг хөдөлгөж яваа нэгэн дипломатач хатагтай зүүн Европыг зорив.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ сарын 2-нд Украйн, Польш, Азербайжан, Армян, Гүржид зочлох таван өдрийн айлчлалаа эхлүүлсэн юм. Тэрбээр хамгийн түрүүнд Украйнд хүрэлцэн ирснээр зүүн Европын орнуудад хийх айлчлалынхаа эхлэлийг тавьсан билээ. Украйн гэж ямар улс вэ. Байгалийн баялгийн асар их нөөцтэй, дээр нь Европыг бүхэлд нь хангадаг байгалийн хийн нөөцийг дамжуулах газар зүйн ашигтай байрлалтай улс. Гэтэл америкчуудын ил далд хэлбэрээр дэмжиж байсан Юлия Тимошенко тэргүүтэй улбар шартнууд сонгуульд ялагдал хүлээсэн. Харин оронд нь барууны хэвлэлээр “Москвагийн утсан хүүхэлдэй” хэмээн нэрлэж байсан Виктор Янукович сонгогдсон юм. Ингээд Украйныг НАТО-д оруулж, хийн хоолойд хязгаарлалт тогтоох гээд л олон зүйлийг өөртөө агуулсан “Америк мөрөөдөл” талаар болсон билээ. Ингээд хөлгийн жолоог Украйны зүг залсан Х.Клинтон өнгөрсөн баасан гарагт Киевт Украйны шинэхэн сонгогдсон Ерөнхийлөгчтэй уулзлаа. Энэ үеэрээ НАТО-гийн үүд Украйны өмнө хэзээд дэлгээтэй байх болно гэдгийг сануулсан юм.

Азербайжаны удирдагчид өнгөрсөн жил АНУ-ын түлхээс дор өөрсдийн гол өрсөлдөгчид болох Армян, Турктай залгадаг хилийн асуудлаа хөндөж байв. Тэд улс орных нь эн тэргүүний сонирхлыг АНУ хүндэтгэж үзэхгүй байна гэж уурч байсан юм. Азербайжан, Армяны хоорондын зөрчилдөөнтэй бүс нутаг болох Уулын-Карабахын дайны гал 1994 онд албан ёсоор зогссон гэх боловч түүнээс хойш хоёр орны харилцаа хурцадмал хэвээр байгаа билээ. Гэтэл Азербайжаны нийслэл Бакуд суух АНУ-ын Элчин сайдын суудал бүтэн жил эзэнгүй байсан. Тиймээс ч Москвад худалдах байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлж, Тегерантай харилцаагаа сайжруулах шийд­вэрийг Азербайжаны удирдагчид гаргасан. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Анти-америк” нийтлэл, нэвтрүүлэг ца­цагдаж, албаны хүмүүс нь АНУ-тай харилцах харилцаагаа дахин анхаарч үзэх хэрэгтэй боллоо хэмээн мэдэгдэж байв. Үүний цаана АНУ-ын эрчим хүчний компаниудтай хийсэн гэрээ хэлэлцээр, Афганистан руу чиглэсэн урсгал гээд олон зүйл агуулагдаж байсан нь мэдээж. Азербайжан, Армянд хийсэн айлчлалынхаа үеэр Х.Клинтон Уулын-Карабахын асуудалд туслахаа амлаж, “АНУ бол энх тайвныг тогтооход хэзээд бэлхэн байдаг” хэмээн манжилсан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Польшид хийж буй айлчлал харвагч пуужингийн суурь тавих талаар хэлэлцэж, зөвшөөрүүлэх явдалтай холбоотой байсан нь мэдэгдсэн. Хоёр орны төлөөлөгчид АНУ-ын харвах пуужинг Польшийн нутагт суурилуулах талаар тохиролцож чадсан юм. Мэдээж хэрэг америкчуудын энэ үйлдэлд Оросын тал дургүй байгаагаа илэрхийлсэн. Хариуд нь Х.Клинтон шинэ хэлэлцээр ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлэл учруулахгүй хэмээн мэдэгдсэн юм. Мөн “Иран зэрэг орноос учирч болох аюул заналхийллээс сэргийлж, Польш тэргүүтэй холбоотнуудаа хамгаалж байна” гэжээ. Түүнчлэн байгалийн хийн асуудалд бүхэлдээ Оросоос хамааралтай байдаг тус улсад энэ тал дээр тусламж үзүүлэх боломжтойг ярьсан байна. ОХУ-тай тааруухан харилцаатай польшуудын санааг өнгөрсөн дө­рөвдүгээр сард амь насаа алдсан Ерөнхийлөгч агсан Лех Качиньски тэргүүтэй албаны төлөөлөгчдийн осол бүр даамжруулсан. Сон­гуулийн урьдчилсан шатны дүнгээр Ерөнхийлөгч болох нь нэгэнт тодорсон Бронислав Коморовский ч мөн энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн билээ. Үүнийг нь ашиглаад харилцаагаа өргөжүүлээд авахаа америкчууд юу гэж мартах вэ.

Х.Клинтон энэ удаад Киргизэд очихыг яаравчилсангүй. Уг нь олон хүний амь эрсэдсэн цуст мөргөлдөөн гараад удаагүй тус бүс нутгийн эмзэг, тогтворгүй байдал нь стратегийн ач холбогдлыг нь үгүй хийчихээгүй л байлтай. Киргизэд АНУ-ын Манас цэргийн бааз оршдог. Үүгээр Афганистан руу явах цэргийн гол хүчин дамждаг билээ. Харин саяхан сонгогдсон Ерөнхийлөгч Роза Отунбаева АНУ, ОХУ аль алинтай нь найрсаг харилцаагаа хадгалахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн тул хэсэгтээ “аюулгүй” гэж тооцсон ч байж болох.

Сэтгүүлч Т.Элиса

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж