Хууль сахиулагчдын талцлыг харахад Ерөнхийлөгчийн гэх талын өөдөөс Ерөнхий сайдын институц нүүдэл хийгээд байгаа юм шиг. Тэмцэлд Тагнуулын ерөнхий газар татагдан орсноор ингэж хэлж болохоор байна. Тэд Ерөнхийлөгчийн өөдөөс нүүдэл хийж байгаа талд бат зогсохоор шийдэв. Ч.Сангарагчаа дарга ажилтнуудаа тагнахаар өрөөнд нь чагнах төхөөрөмж тавьсныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан илрүүлсэн. Үйлдэл дээрээ баригдсан Ч.Сангарагчаа арга ядахдаа Тагнуулын ерөнхий газарт гомдоллосон хэрэг. Хариуд нь Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Дорлигжавт хаягласан айхтар мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл нь ерөнхийдөө “Мөрдөн байцаагчид Төрийн тусгай хамгаалалттай газрын эрхэнд халдаж, нэгжлэг хийн чагнах төхөөрөмж олсон нь хууль бус үйлдэл. Дахиж ингэвэл танай ажилтнуудыг АТГ-т нэвтрүүлэхгүй шүү. Төрийн тусгай хамгаалалтын газарт хуулиар олгосон эрхийг хүндэтгэн үзээрэй” гэсэн утгатай. Логик утгаараа төрийн тусгай хамгаалалттай газар чагнах төхөөрөмж тавих нь хууль ёсных, харин түүнийг хууль сахиулагчид илрүүлэх нь хууль зөрчсөн хэрэг болох нь. Тагнуулын ерөнхий газар ийм мэдэгдэл гаргаснаараа хуулийнхны талцал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх зэрэг улс төрийн институц хоорондын тэмцэл юм биш үү гэх хардлагыг улам лавшруулав. Сангарагчаа дарга ажилтнуудаа тагнасан нь хууль бус үйлдэл гэдгийг нь анхааруулсан бол эсрэг талын тоглогч болчих учир ТЕГ улайм цайм гэмээр мэдэгдэл гаргажээ.
ТЕГ-ын дарга Р.Болдыг АНУ-д Монгол Улсыг төлөөлсөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхад нь гурван жилийн өмнө С.Баяр эх оронд нь урьж Тагнуулын ерөнхий газрын даргаар шууд томилж байсан билээ. Тэд нийслэлийн 40 мянгатад тоглож өссөн, үе чацуутнууд. Багын нөхөрлөл нь амин хувьд ч, улс төрийн тавцанд өнөөг хүртэл бат байгаа. Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар 1990-ээд оны үед ажиллаж байхад Р.Болд хэлтсийн даргын албан тушаалд хамтран ажиллаж байв. Дараа нь Н.Баганбанди Ерөнхийлөгчийн үед хоёр найзын нэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, нөгөө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. С.Баярын Ерөнхий сайд болонгуутаа хийсэн анхны томилгоо нь өөрийн найз Р.Болдыг ТЕГ-ын даргаар тавьж байлаа. Хожим С.Батболд Ерөнхий сайд болсон ч ТЕГ-ын даргыг солиогүй. ТЕГ-ын даргыг Ерөнхий сайд мэдэж өөрчилдөг. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгодог. УЕП-ыг ч Ерөнхийлөгч томилдог энэ утгаараа институц хоорондын далд тэмцэл өрнөж байж мэдэх юм. Бүр цаашилбал нам хоорондын “мөргөлдөөн” ч байж болох талтай.
Ч.САНГАРАГЧАА ДАРГА АЖИЛТНУУДАА МЭДЭХГҮЙ БАЙГАА НЬ ӨРӨВДӨЛТЭЙ ХЭРЭГ БИШ ҮҮ
Загас толгойноосоо эхэлж мууддагийн үлгэрээр Авлигатай тэмцэх газар гэж удирдлагаасаа эхлээд болохоо больчихсон байгууллага байна. Ч.Сангарагчаа дарга насаараа хүчний байгууллагад ажилласан туршлагатай хуульч хэрнээ хэдхэн ажилтнаа далдуур чагнаж, тагнах хүртлээ доройтжээ. Авлигатай тэмцэх газар бол төрийн тусгай байгууллага. Тэр утгаараа ажилтнуудаа нэг бүрчлэн, хэдэн үеэр нь судалж багаа бүрдүүлсэн байх учиртай. Гэтэл бусдын хөрөнгө орлогыг шалгадаг АТГ-ынхан өөрсдөө байр сууцаа нуусан нь илэрч байдаг. Тус байгууллагын дотоод хяналтаас Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг шалгахад таван байраа нуусан байжээ. Ч.Сангарагчаа дарга нь ч, ажилтнууд нь ч мэл гайхсан. Арга ядахдаа өрөөнд нь чагнах төхөөрөмж тавьж, баяжаад байгаа аргыг нь тогтоохыг дотоод хяналтынхандаа Ч.Сангарагчаа дарга даалгажээ. Ингэж далдуур таних гэсэн оролдлого нь хууль бус гэдгээс гадна удирдлага нь ажилтнуудаа мэдэхгүй байгаа нь өрөвдөлтэй хэрэг биш үү. Бүр таван байртай гэдгийг нь мэдэлгүй өөрийг нь хэрэгт оруулаад байгаа төсвийн мөнгөнөөсөө 40 сая төгрөгийг нь Э.Амарбатад байрны дэмжлэг болгож өгсөн гэж байгаа. Удирдах албан тушаалтан ажилчдаа гарын таван хуруу шиг мэдэх нь наад захын үүрэг. Бүр тусгай байгууллагын удирдлага нь доороо байгаа хэдхэн ажилтнаа мэдэхгүй байж авлигатай тэмцэнэ гэдэг юу л бол. Бас болоогүй ээ. Ажилтнууд нь даргынхаа төсвийн хөрөнгөөр тансагласан үйлдлийн талаар Улсын ерөнхий прокурорт мэдээлэл өгсөн гэж байгаа. Ийм цэрэг нь даргынхаа өөдөөс арсалдсан, дарга нь цэргээ тагнасан байгууллага хол явна гэж үү. Хуулийн дагуу шалгаж байгаа нь бага хэрэг. Олон нийтийн зөвлөлийнхний санал болгосноор АТГ-ыг үндсээр нь өөрчлөх цаг болжээ.
УИХ дахь МАХН, АН-ын бүлгүүд өчигдөр АТГ-ын дарга, дэд даргын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх мэдээ байсан ч хойшилсон.
Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын орлого нь суга өсчихсөн байхад хэн, хэрхэн шалгах нь тодорхойгүй байгаа үед өнгөрсөн жилийн хөрөнгө, орлогынх нь мэдүүлгийг нэхэн сануулья.
АТГ-ын дарга, Ч.Сангарагчаагийн жилийн орлого 20 сая төгрөг бол гэр бүлийнхэн нь 97 сая төгрөгийн орлоготой аж. Тэднийх нэг орон сууц, хоёр барилга байгууламжаа 144 сая төгрөгөөр үнэлүүлжээ. Мөн 30 сая төгрөгийн үнэтэй “Лексус-470” маркийн автомашинтай юм байна.
АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн нэг жилд 17.9 сая төгрөг олдог. Харин гэр бүлийнх нь жилийн орлого долоон сая төгрөг. Тэднийх 55 сая төгрөгийн үнэтэй орон сууцтай. 18 бод, 80 богтой, зуслангийн хоёр газартай айл юм байна.
Харин Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат болоод бусад албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцахын тулд даргад нь албан бичгээр хүсэлт гаргах учиртай аж. Албан бичгийн хариу гурав хоногоос наашгүй аж.
Иймээс Э.Амарбатаас хөрөнгийнх нь талаар асуусан ч хариулахаас ингэж татгалзав.
-Таны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцаж болох уу?
-Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт үйлчилгээний хэлтсээс авч болно. Надад хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх боломж байхгүй.
-Та хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ таван байртай тухайгаа дурьдаагүй юм уу?
-Таван байртай гэдэг нь худал мэдээлэл.
Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр
Улс төрийн тойм