Торгуулийн суман ба Тавантолгойн төлөөх зохиогчийн эрх

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Торгуулийн суман ба Тавантолгойн төлөөх зохиогчийн эрх

Торгуулийн суман ба Тавантолгойн төлөөх зохиогчийн эрх
Минийх сонгууль, харин чинийх Тавантолгой. Улс төрийн тавцан дахь эрх ашгийн хуваарилалтуудын өнгө энэ зун ийм байна. Хэдийгээр МАХН, Ардчилсан нам дахь бүлэглэлүүдийн тэмцэл намжсан мэт харагдавч том эрх ашгийн төлөөх тулаан жинхэнэ утгаараа эхлэв. Мэдээж хэрэг, үүнийг өдөөгч гол хэрэгсэл нь сонгууль ба Тавантолгой. Угтаа Мартин Лютер Кингийг “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт үгээ хэлэхэд “Энэ үгний зохиогч нь би” гэж хэнбугай ч хэлж зүрхлээгүй юм. Гэтэл Ерөнхий сайд С.Батболдыг “Тавантолгойгоос иргэн бүрт хувьцаа хүртээнэ” гэмэгц Ардчилсан намынхан “Зохиогч нь бид. Энэ бол манай намынхны санаа” хэмээн чанга дуугаар өгүүлэх болов. Тавантолгой, төмөр зам, хувьцаа… Тус намынхны хэлж буйгаар, Тавантолгойтой холбоотой таван санаачилга цөм өөрсдийнх нь. Үүнийг баталгаажуулах цор ганц сэдэв нь “Эрдэнийн хувь”. Хамтарсан засаглалын төлөө МАХН-тай атгалцсан гараа тэд 2012 он дөхөх тусам сулруулах нь лавтай. Хэдийгээр зохиогчийн эрхийн төлөө хэлэх санаагаа оройтож хэлсэн ч Ардчилсан намынхан сөрөг хүчнийхээ дүрд эргэн хувирах гэж байж ядан байна. Тэднийхээр “Эх орны хишиг”-ийн дээр “Эрдэнийн хувь”-ийг гаргачихвал улс төрийн зорилго нь биелэх мэт авирлацгааж буйг өчигдөр, өнөөдрийн зураглалуудаас харж болно. Улс төрийн хоёр гол намын сонгуулийн амлалт 1:0-ийн харьцаатай хэрэгжиж эхэлсэн энэ агшинд МАХН-ынхан хамтрагчаа сөрөг хүчний суудалд эргэн суухыг шоглонгуй харцгааж байна.
МАХН-ын Удирдах зөвлөл одоогоос нэг сарын өмнө сонгуулийн тогтолцоог 26:50-ийн харьцаатай холимог хувилбараар явуулах санал дэвшүүлсэн. Гэтэл энэ нь бас л Ардчилсан намынхны “Оюуны өмч” юм байх. Тэд “26:50 бол чиний юм биш, бидний юм” хэмээн өмчирхөж сууна. Улс төрд өсгий, өсгийн дээрээ гишгэлцэх дүрэм үйлчлэхээс хэн нэгнээ бодох ёс үйлчилдэггүйг МАХН, Ардчилсан намынхан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхдээ толгой дохин зөвшөөрч байна. Үнэн хэрэгтээ тэд яарч байгаа. Тиймээс Тавантолгой, төсвийн тодотголыг баталсныхаа дараа Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөөнөөсөө няцаж, УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж батлах юм гэнэ. УИХ дахь намын бүлгүүд сейфэндээ хадгалж байсан хуулийн төслүүдээ гэнэт гарган ирж, өчигдрөөс хэлэлцэж эхэлсэн нь ийм учиртай. Өнгөрсөн 2007 оны өвлийг эргэн саная. Тухайн үед МАХН, Ардчилсан намынхан 2008 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар санал нэгдсэн ч эцсийн мөчид МАХН-ынхан “Мажоритар” хэмээн гар өргөцгөөж, олонхийн хүчээр батлуулаад авсан. Ардчилсан намынхан тэр үед ёстой л хуйхаа маажиж, хулхидуулаад л үлдсэн дээ. Гэвч тэд гэнэдэж хашрахгүй энэ удаад МАХН-ынхантай бас л санал нэгдчихсэн явна. Ялангуяа 26:50 бол тэдний хувьд гоё хувилбар. Эрх мэдлээ хадгалж үлдэх оновчтой тогтолцоо нь. Лидерүүд нь ийн таахалзаж суухад шинэковууд нь “Яадаг бол” хэмээн шийрэгнэсэн ч нааш харан инээж, цааш харан уйлж нэг юм дэмжсэн дүр эсгэж байна. 26. Муу ёр-666 гэдэгчлэн энэ тоо улстөрчдөд цөвүүн цагийг авчирч мэднэ. Ялангуяа Ардчилсан намынханд. Олонд хүлээн зөвшөөрөгдсөн, мөнгөтэй, бараг л Б.Бат-Эрдэнэ аварга шиг айлд гурилтай шил идэнгээ сонгогдчихдог хүмүүст 26 гэдэг бол азын тоо. Иймэрхүү “увидас”-тай гишүүдийг жагсааваас МАХН-ынхан жин дарж магадгүй. Харин Ардчилсан намын өнгөтэй, мөнгөтэй гишүүд эгзэг нь таарвал сугарч үлдэн шаргал ордны хаалгаар дахин шагайж чадахгүйд хүрнэ. Товчхондоо, 26:50 хэмээх лоозон бүхий МАХН, Ардчилсан намын лидерүүдийн тулаанд сөрөг хүчнийхний дуу хоолой сульдаж болзошгүй. Улс төрийн иймэрхүү төлөвийг аль, аль нь урьдчилан харавч “Нам тус бүр УИХ-ын 26 гишүүнээ ирэх сонгуульд сойё” гэдэг саналаасаа буцаж чадахгүй байна. Энэхүү хувилбар ёсоор бол МАХН, Ардчилсан намаас нэр дэвших УИХ-ын 26 гишүүнийг “Торгуулийн суман”-гийнхан ч гэж нэрлэж болох юм. Тулааны эхэнд тэд явах учраас тэр шүү дээ. Сонирхолтой нь хоёр намынхны зурсан зураглалаар Иргэний зориг болон Ногоон нам, Үндэсний шинэ нам, өөр бусдад нь 26:50 гэсэн хувилбараар сонгуульд оролцох боломж байхгүй. Тэдний хувьд хаалга хаалттай гэсэн үг. Парламентад 26 битгий хэл хоёр суудал авахад хэцүү байдаг тэдний хувьд олон зүйлийг тайлбарлахад илүүц биз. Өөр нэгэн онц сонирхолтой зүйл гэвэл, Сонгуулийн тойргийн хороодод жижиг намуудын төлөөллийг оролцуулахгүй. Учир нь тэдний тоо парламентад 26 хүрэхгүй. МАХН, Ардчилсан намынхны учирлаж байгаагаар “Олонхийн дуу хоолой болж чаддаггүй намуудыг улс орныг хамарсан арга хэмжээнд оролцуулж, Сонгуулийн тойргийн хороодод ажиллуулах шаардлагагүй” юм гэнэ. МАХН, Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуулийг угтан ийнхүү “Наран үүрд мандаг” хэмээх найрал дуугаа хоолой салган дуулж эхлэв.

тоймч С.Баттулга

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж