Би улс төрийн карьераа доошлуулчихсан

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Би улс төрийн карьераа доошлуулчихсан

Би улс төрийн карьераа доошлуулчихсан
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Таны удирдаж байгаа энэ байгууллага цаг ямагт олны хардлага, сэрдлэгийн
бай болдог. Дээр нь сүүлийн үед танай нэр бүхий даргад эрүү үүсгэн
шалгаж байгаа тухай мэдээлэл ил болсон. Энэ бүхэнд Ашигт малтмалын
газрыг тэргүүлж буйн хувьд  та ямар нэгэн хариулт өгөхгүй байгаа нь
хэвлэлийнхний сонирхлыг төрүүлэх болсон нь нууц биш. Мэдээллийг нууцлах
шалтгаан Д.Батхуяг даргад өөрт нь байгаад байна уу гээд л…хардах сэжүүр
олон шүү дээ. Тэгээд ч та хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй санагдаж
байна?


-Өөрийн тань асууж байгаа сэдэв өөрөө их эмзэг сэдэв. Том утгаар нь авч
үзвэл Монгол төрийн нэр хүндтэй холбоотой асуудал. Жаахан багасгаж
харахад энэ байгууллага, 250 ажилтны маань нэр хүндийн асуудал болно.

Мөн хувь хүний нэр хүндийн асуудал. Ашигт малтмалын газрын үйл ажиллагаа
хэвийн байгаа. Сүүлийн үед гарч байгаа ганц нэг хүнтэй холбогдох
асуудлын тухайд хуулийн байгууллага шалгаж байна. Үүнийг үгүйсгэхгүй.
Гэхдээ шүүхээс шийдвэр гараагүй байхад энэ талаар би зөв, буруу гээд
яриад байх нь зохимжгүй шүү дээ.


-М.Ариунбаяр дарга ажлаа хийж байгаа юу?

-Хийж байгаа.


-М.Ариунбаяр даргатай холбоотой мэдээлэлд зөвхөн ганц хүний бус бүхэл
бүтэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нэр ч гарч байгаа. Энэ нь
нэлээд ноцтой сэдэв болох нь гарцаагүй?

-Уул уурхайтай холбоотой мэдээллийг манайхан шууд Ашигт малтмалын
газартай холбочихдог. Уг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг Эрдэс
баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар томилдог. М.Ариунбаяр дарга бол
орлогч дарга нь. Ашигт малтмалтай холбоотой энэ бүх таамаг, хардлагыг
бүгдийг нь манай дээр бөөгнөрүүлж нийгэмд ойлгуулаад байгаа нь бидэнд их
хүнд байдаг.


-Ашигт малтмалын газарт танаас өмнө ажиллаж байсан уу?

-Намайг ирэхээс өмнө орлогч даргаар ажиллаж байсан. Намайг ажил авсны
дараа Геологи, уул уурхайн албаны дарга болсон.

-Таныг өмнө нь дарга нартайгаа хуралдах үеэрээ “Та нар энэ булхайгаа
болиорой” гэж анхааруулж байсан гэж сонссон. Үнэн үү?

-Ер нь анхааруулгыг төрийн байгууллага удирдаж байгаагийн хувьд байнга
өгнө. Гэхдээ ямар чиглэлээр өгч байна гэдэг нь өөрийн тань хэлснээс
агуулгаараа өөр байсан болов уу. Би хуулийн хүрээнд асуудлыг цэгцэлж,
хуулиа хэрэгжүүлдэг байхын төлөө л анхааруулга өгдөг. Харамсалтай нь
манай салбарын дагаж мөрдөх дүрэм, хууль тогтворгүй учраас хүндрэлтэй
зүйл гарах тохиолдол байдаг.


-Таныг энэ албыг аваад Кадастрын газрын даргаар томилсон Н.Даваацогт
даргыг бас л шалгаж байгаа тухай мэдээлэл бий?

-Шалгаж байгаа. Манайх олны анхааралд байдаг  байгууллага. Бидэнд
хуулиас гадуур гишгэх ямар ч эрх байхгүй. Хууль хяналтын байгууллагад
шалгах эрх нь  байгаа. Намайг ажил авсан өдрөөс эхэлж л шалгаж байгаа.
Манайхыг тойроогүй шалгалтын байгууллага байхгүй. Даваацогт даргын хувьд
“Олон овоот”-ын лицензийг эзэмшиж байсан гадаадын хөрөнгө оруулагчийн
хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, үндэсний компанид өгсөн асуудлаар
л шалгаж байгаа. Энэ талаар яривал нэлээд их юм болох байх. Нэгэнт
хуулийн байгууллага шалгаж байгаа учраас үүнээс ихийг ярих боломж
өнөөдөртөө алга. Ямар ч байсан бидний явуулсан лиценз шилжүүлэх үйл
ажиллагааг хэрхэн дүгнэхийг мэдэхгүй. Миний хувьд буруу ажил байгаагүй л
гэж бодож байна.


-Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлоор шалгаж байгаа гэсэн үг үү?

-Яг албан ёсоор надад тайлбар хэлээгүй. Дам сонсоход Цагдаагийн ерөнхий
газрын Эрүүгийн хэлтсээс шалгаж байгаад АТГ-т шилжүүлсэн  гэж дуулсан.


-Ерөнхийлөгчийн зүгээс лицензтэй холбоотой асуудлыг үн­дэсний аюулгүй
байдалтай холбож   ихээхэн анхаарал хан­дуулж байгаа. Үүнтэй хол­боотой
шинээр лиценз олгохыг түдгэлзүүлсэнд хөрөнгө оруулагчид гомдол мэдүүлж
байна уу?

-Арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хайгуулын лиценз олгохыг
хориглосон.  Хөрөнгө оруулагчид гомдол мэдүүлэхээс илүүтэй “Танай хууль
хатуу чанга ямар байх нь хамаагүй. Энэ бол танай дотоод асуудал. Харин
тогтвортой байлгаж өгөөч” гэж л хэлдэг. Хайгуулын лиценз шинээр
олгосонгүй гээд манайх санхүүгийн хохирол үзээд байх нь гайгүй байх.
Лицензийн төлбөрт манайх жилд 30 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг.
Ерөөсөө лицензтэй холбоотой хоёр дахь том гол асуудал нь юу байна вэ
гэхээр хэний хөрөнгөөр хайгуул хийх вэ гэдэг асуудал байгаа. Одоогийн
хуулиар бол хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хайгуул хийлгэнэ гэж үзсэн.
Гэтэл лиценз олголтыг ингээд зогсоосон тохиолдолд газрын баялгаа судлах
асуудлыг цаашид төр өөрөө хийх үү гэдэг бодлогоо тодорхой болгох
шаардлага гарч байгаа. Хувийн хөрөнгөөр хийлгэхгүй гэж байгаа бол
гадаадын зээлээр эс бол төсвийн хөрөнгөөр л хийнэ. Хайгуулын ажлын
зорилго нь өөрөө баялгаа л мэдэх, бүртгэх асуудал шүү дээ. Ашиглах уу,
үгүй юу гэдэг нь бол дараагийн асуудал болно.


-Танайх сүүлийн нэг жилийн хугацаанд олон тооны лицензийн эрхийг
цуцалсан. Энэ нь хувийн хэвшлийнхний хувьд нугалаа үүсгэсэн асуудал гэж
дүгнэхэд хүргэх шиг болсон?

-Манайх хууль хэрэгжүүлдэг л байгууллага. Бидний хувьд тэр хэрэгжилтийг
чанаржуулахыг л зорьж байгаа. Ер нь иргэдэд лицензтэй холбоотой Монголын
бүх газар нутгийг л ухаж төнхөөд, гадаадынханд өгөөд байгаа гэсэн буруу
ойлголт байна. Гэтэл амьдрал дээр 24.3 хувьд нь хайгуулынх, 0.3 хувьд
нь ашиглалтын лиценз олгосон. Эндээс харахад Монгол Улс газраа бага
судалсан гэж харагдаж байгаа. Ажил авснаас хойш мянга гаруй лиценз
цуцалж, 10 сая гаруй га газрыг чөлөөлж, төрийн мэдэлд авсан. Цаашид ч
үүнийг чангатгаж ажиллана. Харамсалтай нь бидний ажлыг мушгин гуйвуулах
нь их байна. Бидний амьдарч байгаа энэ нийгэм маань их сонин, бужигнасан
байгаад байна. Юу гэхээр юм хийсэн хүн өөрт нь таалагдахгүй бол
шүүмжлээд эхэлдэг. Ямар хэсгийн мэдээлэл иргэдэд хүрч байна гэхээр тэр
хийсэн ажил таалагдахгүй байгаа хүмүүсийн бодол. Ерөөсөө л сайн сайхан
юм санаачилсан, хийсэн нь буруудаад байна. Тэр ажлыг муу муухай болгож
харагдуулах хүсэлтэй хүмүүс нь өөрсдөө юу ч хийдэггүй. Ашигт малтмалын
салбар хөгжлийн мөнхийн хөдөлгүүр биш. Тодорхой хугацаанд л мотор нь
болж явна. Энэ хугацаанд  бодлогоо цэгцэлж, монгол хүн Монголынхоо эзэн
байх ёстой гэдгээр л бид ажиллаж байгаа.


-Тэр чөлөөлсөн талбайг хэнд өгөх вэ. Төр хав дараад сууна гэж байхгүй
шүү дээ. Үгүй ядах нь ээ л нинжа нар дайрна шүү дээ?

-Хуулиа хэрэгжүүлдэгт нь өгнө. Манайх юмыг эрүүл саруул талаас нь
хармаар байна. Сөрөг талаас нь харж, мэдээлээд байхаар ерөөсөө юу ч
болохгүй байгаа юм шиг сэтгэгдэл иргэдэд төрөөд байна. Сүүлийн үед болж
бүтэхгүй байгаа тухай мэдээлэл л их гарч байна. Яагаад болж бүтэж
байгааг нь, сайн талаас нь гаргахгүй байгаад би гайхдаг. Ингээд байхаар
бидний амьдарч байгаа нийгэм бүхэлдээ болохгүй болчихсон, сүйрчихсэн юм
шиг ойлгогдоод ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй юм шиг харагдаад байна.
Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол зөвхөн ашигт малтмал ч бус
бүхий л салбарт өнгөтэй өөдтэйгөө тордож өгөөд байвал ганц нэг иргэдийн
амьдрал бус энэ улс бүхэлдээ л сайн сайхан болно гэдгийг бодохгүй байгаа
явдал юм. Аль болох хоорондоо эвлэлдэн нэгдэж, асуудлаа дотроо цэгцлээд
сайхан амьдарч чадахгүй байгаа нь л өнөөдрийн биднийг  бухимдуулаад
байна. Тэр тусмаа залуучууд бид байгаа, байгаа газраа л ажлаа сайн
хиймээр байна. Эцсийн дүнд Монголд монголчууд л амьдарна биз дээ.
Гадныхан энд ирж амьдрахгүй. Монгол Улсыг монголчууд л хөгжүүлнэ.


-Та нэлээд их бухимдалтай байгаа бололтой?

-Үгүй ээ, иймэрхүү асуудал гараад ирэхээр хэлэхгүй байж болохгүй юм
байна шүү дээ. Тэвчиж болохгүй байна. Хааяа ч гэсэн бодож байгаа зүйлээ
ил гаргаж, хэлж байхгүй бол болохгүй биз дээ. Надад бодогдож байгаа нь л
энэ.


-Та МАХН-аар дамжиж улс төрд орсон цагаасаа эхэлж улс төрийн карьераа
огцом өсгөсөн тодорхой төлөөллийн нэг. Өнгөрсөн хугацааны карьерынхаа
өсөлтийн хурдыг та юу гэж дүгнэдэг вэ?

-Улс төрийн албан тушаалд хурдан өссөн гэдэгтэй санал нийлэхгүй байна.
Би 1990 оноос МАХН-д элсч, энэ намаар дамжиж Монгол Улсынхаа төлөө
ажиллаж ирсэн. Яах вэ, ажлын үр дүн гэдгийг хүмүүс харгалзаж үздэг байх.
Төрийн захиргааны болон улс төрийн албан тушаал дээр  өөрийнхөө
хүссэнээр очдоггүй юм. Энд томилолтоор очдог. Би тэгж л ойлгодог.
Өөрийнхөө хүслээр тэнд очно гэхэд нь очуулаад байдаг төрийн, намын, улс
төрийн тогтолцоо гэж байдаггүй гэж боддог. Хурдтай гэдэгтэй яагаад санал
нийлэхгүй байна гэхээр би энэ албанаас өмнө Зам, тээвэр, аялал
жуулчлалын дэд сайд байсан. Дараа нь Ашигт малтмалын газрын дарга
болсон. Миний улс төрийн карьер өсөх бус харин ч буугаад байгаа. Дэд
сайдаас газрын дарга болно гэдэг чинь албан тушаалын рейтинг харин ч
хоёр, гурав дахин буурчихсан байгаа биз дээ.


-Хэдийгээр дэд сайдын албаны карьертай дүйцэхгүй байж болох ч Ашигт
малтмалын газрын даргын алба бол төрийн алба дундаа хамгийн үнэтэй,
хүндтэй, эрх мэдэлтэйд нь ордог шүү дээ. Тэгээд ч ардаа нөлөө бүхий
тулгууртай, хөшүүрэгтэй хүний хийх ажил шүү дээ?

-Би өөрөө тэгж үзэхгүй байгаа. Улс төрийн карьерт хүн өсч явах ёстой бол
би харин ч уруудаад байна л гэж боддог. Дэд сайд байсан хүн чинь
цаашаагаа сайд, УИХ-ын гишүүн гээд явна биз дээ. Тэгэхэд дэд сайд байсан
хүн агентлагийн дарга болно гэдэг чинь би өөртөө тааламжтай хандахгүй
байгаа.


-Та 2008 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөлд нэр дэвших бэлтгэлээ эртнээс хийж
эхэлж байсан. Тэгээд яагаад оролцоогүй юм бэ?

-Уг нь нэр дэвших бодол байсан. Гэвч манай нам боловсон хүчний нөөц
ихтэй  болохоор надад орон зай олдохгүй л байгаа байхгүй юу.


-Тэгэхээр нам боловсон хүчин ихтэй гэдгээр таныг одоохондоо дэвшээд
хэрэггүй гээд хэлчихсэн үү. Нэг ёсондоо нам битгий гэсэн гээд л нэр
дэвшихээ больчихсон юм уу?

-Нам бол багийн тоглолт. Батхуяг сонгуульд дэвших, дэвшихгүйг ганцаараа
шийдэхгүй. Түүнийг олон талаас нь харж шийддэг байх гэж боддог.


-Энд С.Баяр даргын тань руу хандсан дэмжлэгийг асуумаар байна. Таны
хашиж ирсэн албан тушаалын ард С.Баяр гэдэг хүн байдаг гэх таамаглал
олонтаа гардаг?

-С.Баяр дарга Засгийн газрын тэргүүн болоод намайг Зам, тээвэр, аялал
жуулчлалын дэд сайдаар томилсныг би үгүйсгэхгүй. Хаана ч хэлнэ. Гэхдээ
ганц намын боловсон хүчний асуудлыг намын дарга ганцаараа шийднэ гэж
байхгүй. Тодорхой дэмжлэг бол байсан л байх.


-Наашаа ирэхэд ч гэсэн дэмжлэг байсныг үгүйсгэхгүй биз дээ?

-Ийшээ ирэхэд С.Баяр дарга нөлөөлсөн бол би харин ч гомдмоор байна.
-Яагаад. Карьер доошлуулсан гэж үү?

-Карьер бууж, дэд сайд байсан хүнийг  агентлагийн дарга болгочихоод
дэмжсэн гэж яривал би санал нийлэхгүй. Улс төрийн карьерийн хувьд өсгөх
бус доошлуулсан байгаа биз дээ. Гэхдээ би энэ албан тушаалд төрийн
албаны шалгалт өгч, тэнцэж, шалгарч орж ирсэн гэдгийг хэлэх тодруулах
хэрэгтэй болов уу.


-Та төрийн албанд орохоосоо өмнө ямар бизнес эрхэлж байсан юм бэ?

-Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнестэй байсан. Мэргэжлийн хувьд хуульч хүн л
дээ.


-Таныг зэвсгийн наймаа эрхэлдэг гэсэн мэдээлэл нэлээд гардаг юм билээ?

-Манай компани тухайн үед мөрдөгдөж байсан хууль дүрмийн дагуу эрхэлж
байсан нь үнэн. Миний урьд өмнөх зүйлийг тандах гэж байгаа бол надад
ямар ч эргэлзэх, тээнэгэлзэх юм байхгүй. Хууль бус зүйлд оролцсон нэг ч
тохиолдол байхгүй. Би бүх зүйлийг хуулийн дагуу хийж ирсэн. Надад
хүмүүстэй адилхан нууж, хаах юм байхгүй. Гэгээн цагаан хүн болох гэж
бодох ч юм алга. Байгаа байдлаа үнэнээр нь хэлээд сэтгэл амар явахыг
хүсдэг.


-Та энэ асуултад эмзэглээд байх шиг байна.
Хүмүүс ч гэсэн зэвсгийн
наймаа гэхээр сүр дуулиантай хүлээж авдаг бололтой юм билээ?

-Нууж эмзэглээд байх зүйл байхгүй ээ. Зэвсгийн гэж хэлж болохгүй л дээ.
Сум л борлуулдаг байсан юм. Бүгдийг хуулийн дагуу л хийж байсан. Хийж л
байсан байхгүй юу. Нуугаад байх юм үнэндээ алга.


-Та өнгөрсөн онд Хөвсгөлийн шилдэг төрийн зүтгэлтнээр шалгарсан байх аа?

-Тийм ээ.


-Газрын тосны Д.Амарсайхан дарга Чингүнжавын 300 жилийн ойг
байгууллагаасаа ивээн тэтгэж байгаа бололтой юм билээ. Энэ ойд таны
оролцоо хэр байгаа вэ?

-Чингүнжавын 300 жилийн ойтой холбогдуулж хэлэхэд монголчууд төдий л
нийтлэг ойлголтгүй байна. Хүмүүс Хөвсгөлийнх л гэж бодоод,
хөвсгөлчүүдтэй хамааруулж бодоод өнгөрдөг. Тэр хүний түүхийг олонд
ойлгуулах хэрэгтэй байгаа. Тухайн үедээ Монголын бүх эрх мэдэлтнүүд
Манжид  дагаар  орж    байхад ганцаараа тусгаар тогтнолоо хамгаалахын
төлөө тэмцэж, уриалж яваад өөрөө зоосны нүхээр цувж нас барсан. Хөгшин
эх, таван настай хүүхэд гээд бүхнээ алуулсан. Тэр хүн тухайн үед эрх
мэдэлтэй байсан уу байсан. Гагцхүү эх оронч үзлийнхээ төлөө эрх мэдлээ
авч үлдэхээс татгалзсан. Тэр хүн бусдын адил Манжид дагаар орж болох
байсан ч тэгээгүй. Би тэр хүний түүхээр бахархдаг. Эх оронч хүнээ
алдаршуулж явах хэрэгтэй гэж бодоод байгаа. Би аль болох идэвхтэй,
манлайлж оролцох бодолтой байгаа. Манай өрөөнд тэр хөшөөнийх нь загвар
байна.


-Ямаршуухан хөшөө байх юм бэ?

-Мөрөн хотын төв талбайд 4.5 метрийн өндөртэй, цул хүрэл хөшөө босно
доо. Санхүүжилт нь хүнд байгаа. Гэхдээ сайн сайхан сэтгэлтэй хүмүүсийн
дэмжлэгээр болж байх шиг байна. Сайхан хөшөө босно оо.

Тоймч Г.Отгонжаргал

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж