Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Угтан золгож буй ХYII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн хаврын тэргүүн сар шинийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн, гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийнхан, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмадууд Та бүхэнд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энх, сайхан бүхнийг билэгдэн ерөөе. Үдэн өнгөрөөж буй “Тийн урвагч” хэмээх төмөр барс жил Та бүхний хичээл зүтгэл, эрчимтэй ажиллагаа, хариуцлага санаачилгын үр дүнд амжилт бүтээл, бахархам үйл явдлуудаар дүүрэн байлаа.
Тухайлбал, манай салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж шинэчлэгдэн, гадаад хамтын ажиллагаа эрчимжин, Зэвсэгт хүчний чиг үүрэгт орчин үеийн хандлагад нийцсэн олон шинэ өөрчлөлт орсон төдийгүй зэвсэг техникийн шинэчлэл шинэ шатанд гарсан билээ. Эх орны бүтээн байгуулалтад оролцох үүрэг нэмэгдэн, цэргийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулахад ихээхэн амжилт олж иргэн-цэргийн харилцаа гүнзгийрсэн зэрэг цаг үеэ мэдэрсэн олон бүтээлч ажлуудаар дүүрэн, өгөөж ихтэй өөдрөг жил байсныг бахархан тэмдэглэхэд таатай байна.  

Төмөр туулай жилд бид бүхэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган, эрч хүчтэй ажиллаж, тавигдсан зорилтоо дүүрэн хангалттай биелүүлэх шаардлага бидний өмнө тавигдаж, Зэвсэгт хүчний шинэчлэлийн шийдвэрлэх, түүхт их ойнуудыг угтсан бүтээлч ажлын жил байх болно. Ирж буй цагаагчин туулай жилд Монгол нутагт тулгар төр үүсч Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яам гал голомтоо тулсны 100, орчин цагийн Зэвсэгт хүчин бий болсны 90, монгол хүн морин дэл дээрээс энгүй сансрын уудамд зорчсоны 30 зэрэг түүхт их ойнууд давхцаж байгаагаараа онцлог он билээ. Иймээс Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хийж бүтээх арвин их үйл хэрэг өмнө хүлээж байгаа юм.   

Тавьсан зорилго бүхнээ санасанчлан биелүүлэх итгэл төгөлдөр Та бүхэндээ сар шинийн билэгт ерөөл өргөн дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхыг хүсье!
 
      

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Л.БОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж