Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аль баг гайхалтай байгааг асуувал дийлэнх нь Германы шигшээ багийг нэрлэх болов уу. Тэд шөвгийн наймд Аргентиний шигшээ багт жинхэнэ хичээл заасан гэхэд болно. Ээнэ тоглолтон дээр Германы канцлер Ангела Меркель тун сэтгэл хангалуун, гоол орох бүрт л суудлаасаа өндөлзөн шигшээ багийхандаа хандаж, халуун дотноор баяр хүргэж байсан билээ. Дэлхий даяар үүнийг нь харж байлаа. Тун чадварлаг гайхалтай залуучуудаараа бахархах нь ч аргагүй биз. Тэгвэл тоглолтын дараа хэвлэл мэдээллийнхэн түүнээс хэсэгхэн зуур уулзаж сэтгэгдлийг нь сонссон байна. Тэрбээр ”Өмнөд Африкт анх удаа зохиогдож байгаа энэ тэмцээн тун сонирхолтой үргэлжилж байна. Тэмцээний уур амьсгал, бүрээн дуу гээд олон шинэ содон зүйлс миний анхаарлыг татлаа. Би ерөнхийлөгч Якоб Зумад баяр хүргэмээр байна. Маш сайхан тэмцээн болж байна” гэжээ. Харин түүний багийх нь талаар асуухад “Манай шигшээ багийн бүрэлдхүүн тун залуухан гэдгийг бүгд л мэдэж байгаа. Михаэль Баллак гэмтэл авч оролцоогүй болохоор туршлагатай тоглогчоор дутмаг байсан нь тодорхой. Гэсэн ч манай залуучууд маш сайн байна. Би тэднээр маш их бахархаж байна. Аварга болно гэдэгт нь итгэлтэй байна” гэжээ.
Г.Баярмөнх