Литва улсын үндэсний баяр
Литвагийн цорын ганц ван Миндовгагийн (Миндаугаса) 1253 онд хаан ширээнд суусан өдөр юм. Энэ ойг Литвагийн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Вильнюс хотын ерөнхийлөгчийн ордны хашаанд тус орны ерөнхийлөгч албан ёсны дайллага хийдэг ажээ.
Үнсэлтийн дэлхийн өдөр
Энэ өдрөөр хүссэн хүн бүр “өөрийн сэтгэлээ” бүрэн эрхээр илэрхийлэн солилцож болдог. Дэлхийн үнсэлтийн өдрийг (World Kiss Day эсвэл World Kissing Day), анхлан Их Британид гаргаж ирсэн бөгөөд хориод жилийн өмнө түүнийг НҮБ дэмжин баталгаажуулжээ. Олон хот сууринд үнсэлтээр янз бүрийн уралдаан тэмцээн явуулан оролцсон хүмүүс нь бэлэг, шагнал авах эрхтэй.
Үнсэлт хэрхэн гарч ирсэн бол? Ихэнх хүмүүс анхны үнсэлтийн эзэн тодроогүй гэдэг. Үнсэлт нь цахилгаан эсвэл телеграф шиг зохиогдоогүй. Найзын хацар дээр уруулаа нийлүүлээд салгахдаа тамшаалсан дуу авиа гарган нойтон мөр үлдээсэн хүний нэрээр үнсэлт нэрлэгдсэнгүй.
Энэ үйлдлийг заах үг хаанаас гарч ирсэн нь тийм чухал биш. Харин яагаад энэ үйлдэл хийгдэх болсон нь сонирхолтой. Гэхдээ эрдэмтэн мэргэд, түүхчид, гүн ухаантнууд энд нэгдсэн санал байхгүй. Онол бол харин маш их.
Хүмүүс яагаад үнсэлцэнэ вэ? Нэгдүгээрт, тэр нь соёлоор өгөгддөг. Дэлхий даяар л романтик байдалд орсон хүн бүр үнсэлцэх шаардлагад өөрийн эргүй ордог. Эсрэг хүйстэн нь үүнийг заяагдан аваад хүлээж байгаа мэтээр мэдэрнэ. Хэрэв та үүнийг ойлгож байгаа бол олон үнсэлттэй учран таашаал авах нь ойлгомжтой.
Энэ программ өдрөөс өдөрт үйлчилж байна. Хүмүүс дэлгэцнээс, гудамжнаас үнсэлцэж буйг олж харна. Тодорхой тохиолдолд тэр нь заавал хийгдэж байх үйлдэл юм. Тиймээс ч хүнд үнсэлцэх мэдрэмж байгаа цагт л үнсэлт мөнхийн юм.
Нэртэй үнсэгчид:
Миннесотагийн А. Е. Вольфрам гэх америк хүн уг мужид 1990 оны есдүгээр сарын 15-нд болсон наадмын үеэр 8001 хүнийг найман цагийн дотор үнсчээ. Тэрээр шинэ хүн бүрийг 3,6 секундын дараа үнсч байжээ.
Дэлгэц дээрх анхны үнсэлт 1896 онд гарчээ. Томас Эдисоны “Үнсэлт” гэсэн 30 секундын кинонд Мэй Ирвин ба Джон С. Райе хоёр үнсэлцсэн ажээ.
Хамгийн их үнсэлттэй кино нь 1926 оны “Дон Жуан (1926, «Уорнер Бразерс» компани). Тэр кинонд 191 үнсэлт байлаа.
Киноны түүхэн дэх хамгийн удаан үнсэлтийг Реджис Туми ба Жейн Ваймен хоёр «You’re in the Army Now» («Чи, одоо армид», 1940 он) гэсэн кинонд 185 секундын турш үнсэлцсэн нь киноны үргэлжлэх хугацааны дөрвөн хувийг эзэлж байжээ.
Өдрийн ишлэл
"Өө, гэнэхэн хувилгаан минь!"
(Түүнийг буруу номтон гэж итгээд 1415 оны долдугаар сарын 6-нд Гусийг шатаасан түүдэгт мөчир нэмсэн гэнэн эмгэний талаар хэлсэн гэх үг)
Ян Гус түүдэг гал дээр. Ульрих Рихенталь, Констанцын сүмийн он дарааллын бичгээс. 1420-1430. Розенгартенмузеум музей.
Чех энэ өдөр чехийн ард түмний бахархал болсон хүний дурсгалд Магистр Ян Гусийн өдрийг тэмдэглэдэг. Католик шашны ялзралыг илчлэн тэрээр дайсны гарт орсон байхдаа ч өөрийн үзэл санаанаасаа татгалзаагүй юм. Домгоор тэрээр түүдэгт шатаж байхдаа “Зуун жилийн дараа “өөрөөр буцан ирнэ. Тэр цагт ч түүний үнэнийг буруутгаж чадахгүй” гэж хэлсэн гэдэг. Үүнээс 102 жилийн жилийн дараа Мартин Лютер шашны шударга бус үйлдлийн талаар өөрийн 95 сэдвийг хэлсэн ба тэрээр ялагдалгүй үлджээ.
Ян Гусийг шатааж байсан түүдэгт нэгэн эмгэн ойртон ирээд мөчир нэмэв.
– Өө, гэнэхэн хувилгаан минь! гээд Ян Гус дуу алдлаа.
Эмгэн уярчээ.
– Сайн үг хэлсэнд чинь баярлалаа, – гээд эмгэн дахин мөчир галд нэмлээ.
Ян Гус чимээгүй. Эмгэн хүлээн зогсоно. Дараа нь асуух нь:
– Чи яагаад үл дуугарна вэ? Яагаад “Өө, гэнэхэн хувилгаан минь!" гэж хэлсэнгүй вэ?
Ян Гус зовхио өргөв. Түүний өмнө эмгэн зогсоно. Гэнэн эмгэн.
Зүгээр ч нэг эмгэн биш, гэнэнээрээ бахархсан эмгэн.
Феликс Кривин, "Өнгөрсөн цагийн сүйх"
Үйл явдал
1785 ОН: Одоогоос 225 жилийн өмнө америк мөнгийг доллар гэж нэрлэв. Тусгаар тогтнолоо зарласны дараа янкуудад англи фунт ба шиллинг хэрэглэх нь ичгэвтэр болжээ. Томас Джефферсоны саналаар 1785 оны өдөр АНУ-ын Эх газрын Конгресс тус орны мөнгөн тэмдэгт нь доллар гэж зарласан байна. Үндэсний валютаа доллар гэж нэрлэсэн анхны орон нь АНУ болсон юм. Филадельфийн зоос, гоёлын ордонг 1792 байгуулан америк долларуудыг цутгаж эхэлжээ. Анхны нэг долларын цаасан дэвсгэртийг Хойд Америкийн Английн колони Мэрилендад 1767 онд хэвлэсэн ба Эх газрын Конгресс 1775 оны зургадугаар сараас Британийн колони байсан бүгдэд нь цаасан мөнгө хэвлэх үүрэг өгчээ.
1885 ОН: Галзуугийн вакциныг 125 жилийн өмнө анх хүн дээр туршжээ. Галзуу өвчин XIX зуунд эмчилгээгүй өвчинд тооцогдож байлаа. Түүний вирус нь төв мэдрэлийн системийг өвчлүүлэн хүн аажмаар зовлонтойгоор үхэлд хүрдэг байлаа.
Тийм хүнд байдалд есөн настай Йозеф Майстер гэдэг хүүхэд орсон байв. 1885 оны зун галзуу нохой хүүхдийг зуужээ. Хөдөөгийн эмч түүний ээжид хэлэхдээ тэр үеийн нэртэй Микробиологч, химич, галзуугийн эсрэг вакцин бүтээж байгаа Луи Пастерт ханд гэсэн байв Эмэгтэй хүүгээр Парист авчрах үеэр эрдэмтэн вакцинаа амьтад дээр амжилттай туршсан байсан ч хүүг эмчлэх эрх байсангүй. Гэвч хүү тэртэй тэргүй үхэх байсан учир тэрээр энэ өдөр хүүд их тунгаар тариагаа 10 цагийн турш хийжээ. Хүү эдгэрч анх удаагаа галзуу өвчнөөс эмчлэгдсэн хүн болсон байна.
Мейстер өөрийн амийг аварсан гэж бүх насандаа эрдэмтний булшийг сахин янзалж, Луй Пастерын институтад манаачаар ажилласан байна. Гитлерийн арми 1940 онд Францад орж ирсний дараа тэд Мейстераас Пастерын булшийг нээхийг шаардсан гэнэ. Харин тэрээр эрдэмтний ясыг хөндөхөөс амиа хорлосон нь дээр гэж үзжээ.
1994 ОН: АНУ-ын кинотеатруудын дэлгэцнээ найруулагч Роберт Земекисийн «Форест Гамп» кино гарч эхлэв. Киноны гол дүрийг Том Хэнкс бүтээжээ. «Форест Гамп» найруулагчийн хамгийн амжилттай кино болсон бөгөөд энэ гүнзгий, сэтгэл эзэмдсэн өөдрөг, энэрэнгүй кинонд Америкийн “Иванушка дуракийн” тухай өгүүлдэг. Гол баатар мулгуу, хэнийг ч гомдоохгүй, сайхан сэтгэлтэй залуу кино явцад ХХ зууны Америкийн түүхийн томоохон үйл явдлуудын гэрч болон АНУ-ын алдар хүндийн соёлд аргагүйн эрхэнд нөлөөгөө үзүүлдэг билээ.
Зөгнөл гэмээр, тэр нэртэй тамирчин, дайны баатар, амжилттай бизнесмен, тэрбумтан болоод ч бас байгаагаараа л үлддэг. Форрестын оролцсон бүгд бүтэмжтэй байх ба харин хүүхэд ахуй цагаасаа найзалж байсан Женнид (Робин Райт) хайртай ч хамтран амьдрах нь хугацаа нь хэтэрхий оройтсон байдаг. Уг киног Уинстон Грумын ижил нэртэй номоор хийжээ. Кино нь номноос нь мэдэгдэхүйц өөр. Номын Форест киноных шигээ биш. Тэрээр хар тамхи татаж, сексээс татгалздаггүй. Харин кинонд нь энэ бүгдийг Женнид хамааруулжээ. Зарим шүүмжид бичсэнээр номын Гамп нь нэг ёсны Эрэлхэг цэрэг Швейктэй төстэй баатар.
Энэ өдөр Америкийн бүтэн хагас мянган дэлгэцнээ гарсан кино эхний амралтын өдрүүдэд 24,5 сая ам.долларын ашиг олсон байв. Уг кино Оскарын шагнал гардуулах ёслолоос зургаан баримлыг нь авсан байлаа. Америкийн киноны түүхэнд кассын орлогоор уг кино 17 дугаар байранд орж байна.