Зарим хадгаламжид баталгаа гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Зарим хадгаламжид баталгаа гаргахгүй

Зарим хадгаламжид баталгаа гаргахгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ.
Засгийн газраас боловсруулсан дээрх төсөлд банкин дахь хадгаламжийг их, багаар ялгаварлан, төр баталгаагаа гаргах эсэхээ шийдэхгүй, хоёр үндэслэлээр хязгаарлах аж. Тодруулбал, Монголбанкны бодлогын хүүгээс давсан хадгаламжид төр баталгаа гаргахгүй. Мөн тухайн банкиндаа зээлтэй тохиолдолд хадгаламжид баталгаа гаргахгүй гэнэ.
Учир нь төрөөс банкин дахь иргэдийн мөнгөн хадгаламж хийгээд харилцах дансанд баталгаа гаргаснаар арилжааны банкууд хэт өндөр хүүтэй хадгаламж амлан, харилцагчдыг татаж буй. Мөн бусдаас арай хямд хүүтэй зээл аван, түүнийгээ өөр банкинд өндөр хүүтэйгээр байршуулж байгаа зэрэг нь эрсдэл дагуулж байна гэж үзэж, хоёр жилийн өмнө баталсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон нь энэ аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Монголбанкны ерөнхийлөгчид хандан “Төв банкны бодлогын хүүгээс давсан хадгаламжид төр баталгаа гаргахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Ийм бодлогыг банк санхүүгийн салбартаа “туршсан” орон дэлхийд байна уу. Төв банк бодлогын хүүгээ нэмснээс болж, өнөөдөр эдийн засаг тэлж, чадахгүй, банк, санхүүгийн салбарыг хүнд байдалд оруулсан. Одоо дахиад улам дордуулах төслийг оруулж ирлээ” хэмээн шүүмжиллээ. Харин Монголбанкны ерөнхийлөгч гишүүдийн дээрх асуултад хариулахдаа “Монголбанк цаашдаа бодлогын хүүгээ бууруулахын төлөө ажиллана. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад бодлогын хүүг дорвитой бууруулах хүртэл арга хэмжээ авахад одоогийн нөхцөлд хүнд байгаа. Инфляци өнөөдөр 13.4 хувьтай, төв банкны бодлогын хүү 11 хувьтай байна. Цаашид төр татвар төлөгчийн мөнгөөр банкны хадгаламжийн хүүг төлдөгөө багасгахгүй бол олон сөрөг үр дагавар дагуулж байна” гэсэн юм.
Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж