Баян-Өлгийн ИТХ-ыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн ИТХ-ыг шүүхэд өгчээ

Баян-Өлгийн ИТХ-ыг шүүхэд өгчээ
Баян-Өлгий аймгийн ИТХ ээлжит бус хуралдаанаа зарлан хуралдуулж аймгийн Засаг даргынхаа асуудлыг авч хэлэлцэхээр болоод байсан юм. ИТХ хугацаандаа хуралдсан ч маргаантай асуудлаа шийдэж чадаагүйгээр барахгүй ИТХ өөрөө хууль зөрчсөн гэсэн маргаан дэгдсэн байна.
Тус аймгийн ИТХ–д Ардчилсан намаас сонгогдсон 15 төлөөлөгч гарын үсэг зурж, аймгийн Засаг дарга С.Хавалыг огцруулахаар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулсан байна. ИТХ–ын ээлжит бус хурал энэ долдугаар сарын 2-нд болж аймгийн Засаг дарга С.Хавалыг албан үүргээ гүйцэтгэж чадсан эсэх асуудлыг хэлэлцжээ. Харин хурал эхлээд удалгүй МАХН, Ардчилсан  намын бүлэг нэг нэг удаа завсарлага авсан аж. Үүний гол шалтгаан нь МАХН–ын бүлгийн төлөөлөгч А.Мейрамхан төрийн жинхэнэ албан хаагч байсанд байжээ. Монгол Улсын төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон учир ажлаа өгөөд төлөөлөгч байх, эсвэл төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөж төрийн алба хаших ёстой. Гэтэл Ногооннуур сумын төрийн сангийн төлөөлөгчийн ажилтай А.Мейрамхан нь Иргэдийн хуралд төлөөлөгчөөр давхар сууж буй аж.
Ингээд Ардчилсан намын бүлгээс хуулийн дагуу түүнийг ИТХ-аас хасах, үүний дараа Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг санал болгож аймгийн ИТХ – ын даргад албан тоот өгчээ.
Гэтэл МАХН – ын 18 төлөөлөгч дангаараа хуралдаж Засаг дарга С.Хавалыг ажил үүргээ хангалттай хийсэн. Цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжтой гэсэн хууль бус тогтоолыг гаргасан байна.  Аймгийн ИТХурал нь 35 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс МАХН-ын бүлэг 18 гишүүнтэй. Тэд олонхийг бүрдүүлдэг ч хууль бус гишүүнийг хасвал 17 төлөөлөгчтэй хуралдсан тул олонхи болж хурал хуралдуулах болон шийдвэр гаргах боломжгүй байжээ.  Иймд энэ хурлыг хүчингүй гэж үзсэн Ардчилсан намын бүлэг уг асуудлаар шүүхэд хандаад байгаа аж. Баян-Өлгий аймгийн ИТХ дахь МАХН-ын бүлгээс багагүй хүч тавьж ээлжит бус хурлын үеэр тус аймагт Удирдах зөвлөлөөс хүн томилон ажиллуулжээ. Ямартай ч Засаг даргын асуудлаас болж ИТХ өөрөө шүүхэд дуудагдах дээрээ хүрээд буй энэ асуудал тийм ч амар шийдэгдэхгүй нь бололтой.
Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж