Хятадууд манайхаас түүхий нүүрс авахгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Хятадууд манайхаас түүхий нүүрс авахгүй

Хятадууд манайхаас түүхий нүүрс авахгүй
УИХ-ын гишүүн асан Х.Балсандоржтой ярилцлаа. “Багануур” ХХК-ийн захирлын албыг хашиж байгаад УИХ-д сонгогдсон, өдгөө “Шивээ овоо”-гийн уурхайд захирлын албыг хашиж байгаа энэ эрхмийг Монголын нүүрсний салбарын томоохон төлөөлөл гэж болно.
-Тавантолгойн ордыг  хэрхэн ашиглах тухай асуудал УИХ дээр нэгтгэгдэж байна. Энэ тал дээр таны бодол?  
-Тавантолгойн ордыг анх нээж илрүүлснээс хойш 30-аад жил өнгөрсөн ч ашиглах тухай асуудал саяхнаас л яригдаж байна. Энэ бол сайн чанарын 6.4 тэрбум тонн нүүрсний  нөөцтэй дэлхийд ховорхон орд. Тиймээс ордыг ашиглахдаа төрийн бодлогын хэмжээнд ярьж шийдэх ёстой. Миний өөрийн бодол гэвэл энэ ордыг цогцоор нь төр өөрийн мэдэлд авах ёстой. Өнөөдрийн өнцгөөс харвал гурван өөр аж ахуйн нэгж нэг орд дээр үйл ажиллагаа явуулах болчихооод байна. Хоёр нь үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн, нэг нь явуулах гэж байна. Нэг орд дээр ийм олон компани оруулах нь буруу. Би ойлгохдоо Тавантолгойн орд бол Монгол улсын хувьд  стратегийн чухал орд. Энэ утгаараа төр ордыг өөртөө 100 хувь авах ёстой. Түүнийээ үндсэн дээр төр өөрийнхөө бодлогоор Тавантолгойн ордыг ашиглах төсөл хөтөлбөрийг нь боловсруулж гаргах хэрэгтэй.
-Хэдийгээр төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн ч гэлээ хувийн өмчийг булаагаад авчихаж болох уу?
-Лицензийг нь авах болохоос биш өмчийг нь авах тухай асуудал биш л дээ. Харин олборлолт, боловсруулалтын асуудлыг тусад нь шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн ордын лиценз Монголын төрд байх ёстой. Тэрнээс “Таван толгой транст” компани дээр нэг хэсэг хувь нь, “Энержи ресурс” дээр хэсэг хувь нь, үлдсэн хэсэг нь төрд байна гэхээр энэ ордын лиценз эзэмшигч нь дэндүү олдоод байна. Хэдийгээр том ч гэсэн нэг л орд учраас олборлолт, экологи, эдийн засаг, байгаль орчны хамгаалалт зэрэг нь нэг л бодлоготой байх ёстой.  Тэрнээс олон хүн олборлоод олон янзын арга технологиор үйл ажиллагаа явуулбал баялгаа бүрэн дүүрэн олборлох боломжгүй болж болно. Нэгдсэн бодлого байхгүй учраас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх асуудал ч их гарч таарна. Гэх мэт ноцтой асуудал байгаа учраас төр лицензийг нь өөр дээрээ аваад үйл ажиллагаа явуулах ёстой гэж би боддог. Уул уурхай хөгжсөн бусад орнуудын жишгийг харахад стратегийн чухал ач холбогдолтой том ордуудаа төр нь дангаараа эзэмшдэг юм билээ.
-Гэхдээ одоогийн ашигт малтмалын хуулиар лиценз эзэмшигч тухайн ордын  эзэн болчихоод байгаа шүү дээ?
-Энэ бол стратегийн ач холбогдолтой том орд. Энэ талаас нь ч тэр, хууль эрх зүйн талаасаа ч төрд давуу эрх нь байгаа. Яагаад гэвэл төр өөрийн хөрөнгөөр  хайгуулыг нь хийсэн. Одоо мөрдөгдөж байгаа ашигт малтмалын хуулиар  тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол давуу эрхээрээ ашиглалтынхаа лицензийг шууд авах эрхтэй. Тэгэхээр энэ ордын хувьд төр өөрөө мөнгөө гаргаад хайгуул хийсэн учраас хуульд заасан давуу эрхийнхээ дагуу лицензийг нь авах ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр төрийн мөнгөөр хайгуул хийсэн талбайг нь хүмүүс хуваагаад авчихсан байгаа. Уг нь үүнийг төр өөрийнхөө нэгдсэн бодлогоор авч явах ёстой байсан.
-Хоёр компани олборлолтоо эхэлчихсэн, галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн  үед өмчлөгчийг өөрчилж болох уу?
-Харамсалтай нь энэ асуудал хоцорчихлоо л доо. Одоо бол “Энержи ресурс”-ынхан том хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаагаа эхэлчихлээ. Үүгээрээ би Монголын компаниудаа буруутгаж байгаа юм биш шүү. Миний хэлсэн хувилбараар явсан бол  Монголын төрд ч, ард түмэнд ч илүү ашигтай байх байсан юм.
-Та олон жил уурхайд ажилласан хүн. Тавантолгойн ордыг ашиглах уурхайн нөхцөл нь хэр их зардалтай вэ?  
-Ашиглалтын технологийн хувьд мэдээж ордынхоо геологийн тогтоц, нөхцөл байдалд тохирсон хувилбарыг сонгох ёстой. Тавантолгой  бол олборлоход хялбар орд. Ил аргаар олборлолт хийнэ. Ил аргаар олборлохдоо ямар техник технологийг ашиглах вэ гэдэг нь чухал. Том даацын  автомашин, өндөр өртөгтэй тээврийн хэрэгслэлээр тээвэрлэлтээ хийх үү? Үгүй бол тэнд конвейрийн систем суурилуулаад харьцангуй бага зардлаар нүүрсийг гаргах уу гэдэг асуудал  байна. Энийг бас л шийдэх ёстой. Мэдээж эксковатор, конвейрийн тээврийг ашиглах нь  хамаагүй хямд тусна.  Ийм систем Монголд өнөөдөр байхгүй. Мэдээж хөрөнгө оруулалт нэлээд шаардана. Гэхдээ ашигтай. Одоогийн бидний хэрэглэж байгаа том даацын машинаар зөөх нэг тонн нүүрсний өртөг  миний тооцоолсноор 4-5 дахин багасна. Бид энэ технологийг Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дээр саяхнаас туршиж байгаа юм. Бид нэг тонн нүүрснийхээ өртгийг өмнөхөөсөө 4-5 дахин багасгаж чадсан. Одоогоор уул уурхайн хамгийн ашигтай систем нь энэ. Зардал бага гарна гэдэг чинь ашгийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэр хэмжээгээр ард иргэдэд ирэх ноогдол ашиг нэмэгдэнэ. Ухаа худаг, “Тавантолгой транс” шиг том даацын машинаар зөөвөл нүүрсний өөрийн өртөг өндөр гарна. Нэгжийн өртөг нэмэгдэх тусам гадаад зах зээл дээр гаргах үнэ өснө. Конвейрийн аргаар олборлосон ижил чанартай нүүрснээсээ хамаагүй өртөг өндөртэй гарна. Түүнээсээ болоод зэх зээлд өрсөлдөх чадвар багасна. Цахилгаан эрчим хүчний асуудал манайд өнөөдөртөө хүндрэлтэй байна. Энэ байдлаас шалтгаалаад олборлолтоо шууд явуулахын тулд манай нөхдүүд дизель экскаватор, том даацын машиныг сонгосон байх л даа. Цаашдаа цахилгаанаар ажилладаг конверийн тээврийн системийг нэвтрүүлэх тал дээр анхаарах ёстой л гэж хэлж байгаа юм.
-Манайхан Хятадыг хамгийн нүүрсний том худалдан авагчаа гэж үзсээр ирсэн. Гэтэл энэ улс өөрөө дотооддоо багагүй нөөцтэй. Тэгэхээр Тавантолгой дээр худалдан авагчийн асуудал бас гарч ирэх юм биш үү?
-Дараагийн бидний ярих асуудал олборлосон нүүрсээ цаашдаа яах вэ. Ямар ч байсан боловсруулалт хийх ёстой. Боловсруулалтын түвшин янз янз байна л даа. Анхан шатны боловсруулалт буюу ядахдаа олборлосон  нүүрсээ угаах хэрэгтэй. Угаагаад янз бүрийн шороо, эрдсээс нь салгаад цэвэр нүүрс болгож  гаргах асуудал. Тэгээд цаашлаад дараа дараагийн боловсруулалтыг хийх ёстой. Өнөөдрийн байдлаар манайх Хятадын зах зээлд нүүрсээ гаргаж байна. Хятадын нүүрсний ассоциацийн тэргүүн саяхан нэг илтгэлдээ “2010 онд Хятад улс нийт дүнгээрээ 3,6 тонн нүүрс хэрэглэнэ. Хятадын Засгийн газар 7-8 жилийн өмнөөс 13 нүүрсний ордыг сонгож хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд өнөө жил 3,6 тэрбум тонн нүүрс олборлоно. Үүгээрээ дотоодын зах зээл, гадаадын экспортоо бүрэн хангах боломжтой” гэж ярьсан байхыг би уншсан. Ингэхээр 2011 оноос эхлээд Хятад манайхаас нүүрс авах асуудал эргэлзээтэй болж байгаа биз. Одоо яагаад аваад байна гэхээр нэгдүгээрт манай нүүрсний үнэ хямд, хоёрдугаарт дотоодын байгалийн баялгаа яаравчлан нээх бодолгүй байна гэсэн үг. Хятад улс бол төрийн бодлого нарийн, манайх шиг бодлогогүй улс биш шүү дээ. Гэхдээ Ази буюу зүүн Азийн районд хамгийн их нүүрс хэрэглэдэг гурван улс бий. Өмнөд Солонгос, Тайван, Хятад гэсэн.  Энэ гурван улсын зах зээл рүү манай улс нэвтрэхийн тулд нүүрсээ заавал боловсруулах ёстой. Ядаж угааж, болбол гүн цэвэрлэж хагас боловсруулалт хийх, үгүй бол бүтэн кокс болгож зах зээл дээр гаргах ёстой. Тэгж байж л илүү үнэ хүргэж чадна. Одоо бол манай нүүрсийг хятадууд авч угааж баяжуулаад Япон руу хэд дахин өндөр үнээр гаргаж байна. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн асуудал нэн тэргүүний асуудал.
-Тавантолгойн ордыг үндэсний компаниудад ашиглуулах тал дээр та ямар бодолтой байгаа вэ? Тухайлбал, “Багануур” ХХК яагаад олборлож чадахгүй гэж?
-Гадныхан яагаад тэр холоос ирж ажиллах гээд улайраад байна. Ашигтай болохоор тэр. Ашиг олох олохдоо Австралид олдгоосоо  илүүг олж байгаа болохоор тэр. Гадныхнаар хийлгэвэл тэр ашиг гадагшаа л гарна. Өнөөдөр монголчуудад Тавантолгой шиг ил ордыг ашиглах туршлага хангалттай бий. Шарын голын уурхайг бид 55 жил, Багануурын уурхайг 30 жил, Шивээ-Овоогийн уурхайг 20 жил ашиглалаа. Монголын уул уурхайн салбар тэр тусмаа нүүрсний салбарын боловсон хүчин хангалттай бий. Тийм байхад яагаад заавал гадныханд өгөх ёстой юм. Нэгэнт боловсон хүчин нь байхад техникийн сонголт бол нээлттэй шүү дээ. Аль ч улсаас ямар ч техник  захиалаад авчих боломжтой. Би гайхаад байгаа юм. “Энержи ресурс”-ынхан яагаад тэр Австралиас өндөр өртөгтэй компанийг авчирч оператор хийлгэж байгаа юм. Үүнийг би 100 хувь эсэргүүцэж байгаа. Уг нь үүнийг монголчууд л хийх л ёстой байхгүй юу. Энэ мэт асуудлуудаас болоод би Тавантолгойн лицензийг төр 100 хувь өөрийн мэдэлд авах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм.
-Боловсон хүчин хангалттай байж. Харин хөрөнгө санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ? Төр их сайн менежер байгаад дэлхийн зах зээл дээр хувьцаагаа үнэ хүргэж, хөрөнгө босгож чадах уу?
-Чадахаас өөр арга байхгүй. Засгийн  газар лицензийг нь  авчихаад түүн дээрэ түшиглэн төрийн өмчит компани байгуулаад, хувьцаагаа Хонконг, Торонтогийн хөрөнгийн бирж дээр гаргаад  зар л даа. Гадныхан манай баялгаар хөрөнгө босгож чадаж байхад бид яагаад чадахгүй гэж. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар бидэнд бүр ч илүү боломж байгаа. Яах вэ,  мэргэжлийн зөвлөх энэ тэр авна л биз. Тэдэнд тодорхой хэмжээний төлбөр төлнө л биз. Техникийн туслалцаа үзүүлэг л дээ. Тодорхой мөнгө төлөөд тэр компани нь биднийг гадаад зах зээл дээр гаргаад ирэх хэмжээнд хамтарч болно шүү дээ. Яагаад гэхээр одоохондоо бидэнд хөрөнгийн зах зээлийн туршлага муу байна. Оюутолгой дээрээсээ ч суралцаж болно шүү дээ. Фрийдланд гэдэг тэр нөхөр ганцхан удаагийн мэдэгдлээр хэдэн саяар нь олоо биз дээ. Бүхэл бүтэн Монгол улсын Засгийн газар түүнээс дор байна гэж юу байх юм бэ.
-Саяхан МАХН-ын удирдлагууд Багануур дүүрэгт ажиллахдаа уурхайг нь хувьчлах шаардлагатай гэж мэдэгдсэн? Манай уурхайнууд хувьчлалд бэлэн үү?
-Уурхайг хувьчлах зөв. Манайд төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа тийм ч сайн байж чаддаггүй. Энэ нь хууль эрхзүйгээс эхлээд олон шалтгаантай. Тэр утгаараа Багануурын уурхайг хувьчлах нь зүйтэй. Гэхдээ хувьчлахаасаа өмнө бэлтгэл ажлын шатанд шийдэх ёстой асуудлууд бий. Нэгдүгээрт, Багануурын уурхайн эрчим хүчний үйлдвэрүүдээс авах өрийн асуудал байгаа. Олон жил дамнасан энэ өр авлагын асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой.  Хоёрдугаарт, Багануурын уурхай Сангийн яаманд өгөх ёстой гадаадын зээл тусламжийн өр бий. Зээлийн хүү энэ тэртэйгээ нийлээд 33,5 сая америк доллартай тэнцэх хэмжээний мөнгө. Энэ хоёрыг хооронд нь шилжүүлэх маягаар шийдвэрлэж болно. Гуравдугаарт Багануурын уурхайд техник технологийн асуудал өнөөдөр нэлээд хүндэрсэн. Техникүүд нь хуучирснаас хөрс хуулалтаа гүйцэд хийж чадахааргүй болсон. Цаашдаа тогтмол гурван сая тонн нүүрс олборлоно гэхэд хүндхэн болсон. Тэр утгаараа төр нэг удаа хувьд очихоос нь өмнө техник технологийн асуудалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Эдгээр асуудлуудаа цэгцэлчихээд сайн менежменттэй багт өгөхөд болохгүй юм байхгүй. Гэхдээ Багануурын уурхай бол Монгол улсын хувьд стратегийн  чухал ач холбогдолтой обьект. Яагаад гэхээр Улаанбаатар хотын нийт нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг, Дархан, Эрдэнэт хотуудын нүүрсний хэрэглээний 70-80 хувийг дангаараа хангадаг. Энэ утгаараа Багануур нь эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой объект байгаа юм. Тиймээс  хувьчлахдаа хэн нэг мөнгөтэй хүнд  хамаагүй өгчихөж болохгүй. Маш чадвартай менежментийн багт тодорхой нөхцөлтэйгөөр өгөх ёстой.
-Багануурын уурхайн нөөц шавхагдаж буй учраас хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэх хүмүүс ч байдаг шүү дээ?
-Тийм асуудал байхгүй. Уурхай 600 сая тоннын нөөцтэй. Өнөөдрийн байдлаар дөнгөж 100 орчим саяыг нь л ашиглаад байгаа. Цаана нь 500 сая тонн нүүрсний нөөц бий. Нөөц багадаж байгаадаа биш, техникүүд нь хуучирч муудсан учраас хөрс хуулалтаа гүйцэд хийж чадахгүйд хүндрэл нь байгаа юм. Түүнийг нь хүмүүс нөөц нь багасч байна гээд яриад байдаг. Дор хаяж 50 жил ашиглах бололцоотой.
-Нүүрсний үнийг чөлөөлөх асуудлыг уурхайн удирдлагууд жилийн жилд л Засгийн газарт тавьдаг ч үр дүн гардаггүй. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Засгийн газар нүүрсний үнийг барьснаас болж уурхайнууд сүүлийн хэдэн жил санхүүгийн алдагдал хүлээж байна. Нөгөө талаас эрчим хүчний салбарын үнийг мөн чөлөөлөхгүй байгаагаас цахилган станцуудын санхүүгийн байдал хүндэрсэн. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл энэ хоёр салбар хоёулаа унана. Хэрвээ Засгийн газар хэлсэн амандаа хүрч нүүрсний үнийг чөлөөлөөд зах зээлийн горимд нь оруулчихсан бол ийм асуудал гарахгүй байсан. Нүүрсний гол хэрэглэгч нь цахилгаан станцууд. Олборлож байгаа нүүрсний бараг 90 хувь нь цахилгаан станцуудад очдог. Үлдсэн 5-6 хувь нь л айл өрх буюу энгийн хэрэглэгчдийн хэрэглээнд зориулагддаг. Тэгэхээр нүүрсний хэрэглээ иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага. Тиймээс нүүрсний үнийг чөлөөлж болно. Харин цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлөх бололцоо төрд байхгүй. Яагаад гэхээр цахилгаан эрчим хүч хэрэглэдэггүй, хувь хүн албан байгууллага гэж байхгүй. Тэр утгаараа төрийн зохицуулалт хийж, шаардлагатай үед нь хөрөнгө оруулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй хоёуланг нь барьчихаад нүүрсний ч, эрчим хүчний ч салбарт хөрөнгө оруулалт хийхгүй, аль алийг нь хүнд байдалд оруулаад байна.
А.Эрдэнэтуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж