Тэгш бус нөхцөл дэх МАХН ба бусад

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Тэгш бус нөхцөл дэх МАХН ба бусад

Тэгш бус нөхцөл дэх МАХН ба бусад
Хөдөлмөрийн зах зээл, өрсөлдөөн, шалгарал гэх эрүүл нийгмийн энгийн зүй тогтол огт байхгүй өнөөгийн сум, тосгоныг сахиж үлдсэн хүмүүсийн ихэнх нь МАХН-ын хуучин “кадрууд” юм. Төр бол МАХН гэсэн ойлголт, түүний батлахыг өвөртөлж байж л хүний нүдэнд бүтэн бүлээн харагддаг гэсэн итггэл үнэмшлээ одоо гээе гэхнээ ч хэргийг нь гаргах хөг өнгөрсөн хүмүүс. Орон нутгийн иргэдийн хурлын сонгуульд яагаад МАХН давамгайлаад байдгийн учир нь энэ. Иргэдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуульд эрх биш бичиг үсэгт бүрэн тайлагдсаны хувьд тэд л нэр дэвшиж сонгогдоно. МАХН тэдний хувьд үзэл бодол ч биш, бодлого ч биш, зүгээр л амьдарч ирсэн нь арга нь юм. Саявтар энд тэндгүй болж өнгөрсөн орон нутгийн нөхөн сонгуульд МАХН ялсан нь дээрхийг дахиад нотлов. Тэрнээс биш МАХН-ын үзэл санаа ялан мандаад, эсвэл намын удирдлага нь сайн ажиллаад байгаагийн илрэл огт биш билээ. Ер нь хүмүүсийн санаа бодлын тусгалыг МАХН засварт оруулан хэлбэр дүрсийг нь өөрт тааламжтайгаар өөрчилж, үүндээ итгэж үнэмшдэг “сул тал”-тай.
Далан жил хүмүүсийн үзэл санааны сонголтын үр дүнд биш төрийн эрхийг барих цор ганц машин байсныхаа хувьд оршин тогтнож ирсэн МАХН-ын  “гар хөл” өнөөдөр ч “ухамсаргүйгээр” өөрийнх нь төлөө хөдөлсөөр байна. Үүний нэгэн тод жишээ: Долдугаар сарын 1-ний үйл явдлыг мэдээлж байсан Олон нийтийн радиогийн сэтгүүлч эфирт “намын байр шатаж байна” гэдэг өгүүлбэрийг хэдэнтээ давтав. Саяхныг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай байсан тус радиогийн сэтгүүлчдэд нам гэдэг бол зөвхөн МАХН гэсэн ойлголт өнөө ч “далд ухамсар”-аас нь арчигдаагүй байгаа хэрэг. Хамгийн гайхалтай нь сэтгүүлч бээр гуч хүрээгүй залуу хүн бөгөөд хэзээ ч МАХН-ын гишүүн байгаагүй юм.
Хүчирхэг уураг тархи бүхий хүнээс үлэмжийн бүдүүлэг доод төвшний боловч зарим амьтан төв мэдрэлийн системийг нь их биеэс нь салгасны дараа ч үе мөч, эрхтэнээ хөдөлгөж чаддаг…
Хорин жилийн өмнө манайтай нэг адил социалист дээвэр дор багтаж байсан ихэнх гүрнүүд тухайн үеийнхээ эрх баригч коммунист намыг тарааж, хөрөнгийг нь хурааж, удирдагчдыг нь шүүж байсан бол монголчууд гэнэн уужуу зангаар түүнээс тойрч өнгөрсөн нь алдаа байлаа. Мөн чанартаа  далан жил төрийн эрхийг  атгаж ирсэн МАХН буюу нам гэхээс илүү хүчний сүлжээ гэмээр байгууллагатай монголчуудын эрх чөлөөний тэмүүлэл, итгэл мөрөөдөл дээр дөнгөж бүрэлдсэн ардчилсан хүчнийг нэг гараан дээр тавьчихсан хэрэг. Хэдийгээр гарааны цэг нэг ч гарааны нөхцөл хэтэрхий тэгш бус байсан нь өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. Хэрэв хорин жилийн өмнө МАХН-ыг татан буулгасан гишүүнчлэлийг нь цуцалсан бол өнөөгийн улс төр, сонгуулийн орчин, намуудын төлөвшил, нийгмийн олон харилцаа эрүүлжин тунгалагших байсан гэдэг бодолтой хүмүүс өнөөдөр маш олон таардаг. Энэ нь хувь хүмүүсийн үзэл бодол төдийгүй өнгөрсөн хорин жилийн гашуун сургамжаас үүдсэн дүгнэлт билээ.
Төрийн эрхийг хэнд өгөх, хэнд өгөхгүй байх гэдэг сонголттой болоод монголчууд хорин жил болсон ч МАХН-ын гарааны илт давуу байдал инерциэрээ хадгалагдсаар байгаа нь бусад улс төрийн хүчнүүдийн нэг том зовлонгийн үүдийг нээж буй юм. Өнөөдөр гагц МАХН л сонгуульд төрийн машиныг тэр чигээр нь өөрийн талд ажиллуулж чаддаг. Бусад улс төрийн хүчний хувьд сонгууль гэдэг нь төрийн машин, асар их мөнгөний хүчин зүйлтэй тэнцвэргүй тулаанд орохын нэр болж хувирсан. Төрөөс төрсөн тэрбумтнуудын дийлэнх нь МАХН-ынх бөгөөд тэдний хууль бус эх үүсвэртэй мөнгө, намыг албан тушаал дамладаг бизнесийн сүлжээ болгосон бохир арга зэрэг нь МАХН-ыг улам бүр “аймшгийн мангас” болгон хувиргажээ. Тэгш бус нөхцөлөөс “уралдааны” замд гарсан МАХН-ыг АН болон ардчиллын төлөөх хүчнүүд хамгийн ойр зайд гүйцэж ирээд байгаа нь өнөөгийн парламент бөгөөд улс төрийн өрсөлдөөний тэгш нөхцөлийг санал болгох боломж одоо л дөнгөж буй болж байна гэсэн үг. Төрийн албыг намын харьяаллаас салгах, цаашлаад сонгуулийн тогтолцоог шинэчлэх, улс төрийн намуудын хуулийг өөрчлөх, сонгуулиар мөнгө амладгийг хаах, улмаар уул уурхайн томоохон ордуудыг эргэлтэд оруулах зэрэг амин чухал асуудлууд эрүүлээр шийдэгдэх хамгийн өндөр магадлалтай парламент. Ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг нь энэ тохиолдолд төрийн нэр барьсан эрх мэдэл бүхий хэсэг бүлэг хүмүүст захиран зарцуулах эрхийг нь үл өгөх гэсэн үг. Үүний ч төлөө АН (ИЗН ч бас хамаарах байх) иргэдэд хувь эзэмшүүлэхээр амлаж, МАХН-тай хамтарч Засгийн газар байгуулсан.
Илт давуу нөхцөлөөс гараанд гарсны ид бах болгож МАХН уралдах дуртай. Намын байр барьж буйгаа мөн л “уралдаан” гэж бодож байна. Улсын төсвөөс долоон тэрбум төгрөг гаргуулан шинэ барилга босгож байгаа МАХН хорин тэрбумын зураг төсөл гаргачихаад дэмжигчдийнхээ хандиваар 80 сая төгрөг цуглуулж, өөрсдийнхөө санхүүг босгох аргачлалыг эрэлхийлж  буй АН-ыг элэглэж байна. “Уралдаанд” түрүүлж байгаагаа даргын сайных гэж тэд мөн боддог. МАХН-ын шинэ байр дорхноо сүндэрлэж байгаа нь  У.Хүрэлсүх шавар зуурч, тоосго өрсний гавьяа биш. Хүнд нөхцөлд намын байртай болох ажлыг зохион байгуулж буй нь Д.Эрдэнэбатын ял биш юм.
Ер нь хорин жилийн өмнө эхэлсэн гарааны тэгш бус байдал ойрын ирээдүйд, лавтайяа 2012 он үргэлжлэх нь тодорхой. Харин түүнээс нэг их алсгүй хугацаанд улс төрийн өрсөлдөөний тэгш, эрүүл орчныг бүрдүүлэхийн төлөө өнөөдрийн парламент ажиллах ёстой. Гэхдээ энэ тийм ч амаргүй байх. Яагаад гэвэл шүгэл тасхийхээс өмнө олж авсан давуу байдлын үйлчлэлийг бүдгэрүүлэх нь хэнд ашигтайг махнчууд мэднэ.

З.Боргилмаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж