Наадам дөхүүлээд нам гуяддагаа хийх үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Наадам дөхүүлээд нам гуяддагаа хийх үү?

Наадам дөхүүлээд нам гуяддагаа хийх үү?
Манай УИХ-ын гишүүд нэг муу зантай. “Өглөө хазаар, орой ташуур” гэдэг үг тэдэнд яг таарна. Чуулганы эхэнд эрхмүүдийн гараас ажил гарахгүй. Хоёр чуулганы дундуур амарч амарч ирчихээд “Тойрогтоо ажиллаж ядарлаа” гэх маягийн үг хэлээд ирц гүйцээнэ гэж байхгүй. Ямар том, чухал хуулийн төсөл байсан ч ирц хүрэхгүйгээр шалтаглан, сүүлдээ санал зөрөлдөөнөөр гул барьсаар чуулганы адагт хүргэдэг нь ажлыг эхлэх гэж аахилсаар хугацааны төгсгөлд албатай юм шиг хам хум сандчин дуусгадаг монгол зангийн балаг байх талтай ч бас өөр сонирхол эрхэм гишүүдэд байдагтай холбоотой бололтой.
УИХ-ын хаврын чуулганы төгсгөл улсын их баяр наадамтай, намрын чуулганы сүүл цагаан сартай давхацдаг нь чухам эрхэм гишүүдийн “урьдын их ерөөл”-ийн ивээл гэлтэй. Тэднийг сонгож төрийн түшээгийн сэнтийд залсан ард олон нь баяр наадамдаа бэлтгээд завгүй байх зуур эрхэм гишүүд амин чухал хуулиудыг сэм баталж нам гуяддаг зуршилтай болсон.
Ойроор нь энэ хавар, намрын чуулгануудаас жишээ татъя л даа. УИХ-д гол суудал эзэлж Засгийн газраа хамтарч байгуулсан хоёр нам 2008 оны сонгуульд орохдоо иргэн бүртээ Эх орны хишиг, Эрдэнийн хувь хүртээж гялайлгахаа амласан. Бүр үнэ дууддаг наймаачин шиг Ардчилсан нам нэг сая төгрөгний хувьцаа тараана гэнгүүт МАХН 1,5 саяыг бэлэн өгнө өө гээд зарлачихсан. Өнгөрсөн 2009 онд дэмий горьдоогоод өнгөрсөн намууд 2010 онд яаж зүгээр суух вэ, амлалтаа биелүүлэхээр болцгоов. Гэхдээ хайрт сонгогчид нь шинэ жилийн баяр тэмдэглээд улс төрөөс анхаарал салгамагц эрхэм гишүүд зул сарын аятайхан бэлгийг тэдэндээ бэлдсэн. Хүний хөгжлийн сан гэж юм санаачлав. Тэгээд хүүхдийн мөнгийг нь тэглэчихэв. Эх орны хишгийг нь долоон оронтой тооноос буулгаад таван орон руу гулсуулж 70 мянган болгов. Шинэ он гаргаад нэг сэхээ ортол УИХ-ын эрхэм гишүүд сонгогчдоо ингээд мад тавьчихсан байв.
Гэхдээ болоогүй ээ, цагаан сар дөхөж байсныг далимдуулаад хөгшид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар шинийн идээ будаагаа бэлдээрэй гээд дал, далан мянгыг өгчихсөн. Ингээд л номхон буурай иргэдийн ам таг болов. Ажилтай, төрөлтэй нь яах вэ, 70 мянгад оочирлосноос ажлаа хөөсөн нь дээр болохоор тэгсгээд өнгөрсөн. Хасах дөчин градусын хүйтэнд 70 мянгаа авах гээд шөнөжин дугаарласан хөөрхий хөгшид нялхсаа харин төрийн түшээд нүдээрээ хараагүй дээ. Тэгэхэд л жирийн монголчуудын амьдрал ямар өрөвдөлтэй нь ил болсон. Авсан 70 мянгаа Эрээний бараанд зарчихаад дахиад л шар өдөр бор хоногоо элээх аяндаа мордсон. Болоогүй ээ, эрхэм гишүүд хэл ам татлана гэж дараагийн арга хэмжээгээ авсан нь сүүлийн хагас жилд олгох 50 мянган төгрөгийн сураг байв.
Одоо хаврын ээлжит чуулган өндөрлөх гэж байна. Нам гуядах ээлжит төлөвлөгөөгөө ч эрхэм түшээд гаргачихсан сууна. Бөхчүүд галдаа гарч, уяачид морьдоо сойж, эрхий мэргэд нумын хөвч тааруулж, нийт монголчууд баяр цэнгэл наадамдаа бэлдэж байх зуур хачин хачин шийдвэрээ гаргаад эхэллээ.
Нөгөө амласан 50 мянган төгрөгөө наймдугаар сараас оны эцэс хүртэл арав, арван мянгаар нь цувуулж “долоолгох” гэнэ. Инфляц хөөрөгдөхөөс эдийн засгаа аварч байгаа нь тэр гэнэ дээ. Сэргээнэ гээд байсан хүүхдийн мөнгө байхгүй. “Эх орны хишгээ хүүхдийн мөнгө гэж бодоорой. Хүний хөгжил сангаас олон юм гаргаж хүчрэхгүй ” хэмээн Ерөнхий сайд хэллээ. Эх орны хишиг гэж их юмны таглаа гарч ирэв. Намуудын сонгуулийн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хүүхдийн мөнгө, эх орны хувь хишиг, ер юу юуг ч бөглөөд байна даа, тэр 70 мянга, 50 мянган төгрөг. Наадмын бэлтгэлд дөжрөөд арав арван мянган төгрөг “долоох” гэж байгаагаа сэхээрээгүй дээ, дийлэнх сонгогч. Бас болоогүй, одоогийн гэрэл зураг, хурууны хээ гээд ялтан шиг янз бүрийн юм таглаж байж авна аа, нөгөө арван мянгаа. Сонгуулийн санал авахдаа тэгж нарийн үздэггүй, нэг хүнийг хэд хэдэн газар бүртгэчихдэг байж 10 мянган төгрөг дээр их л нарийлах шинжтэй.
Хишиг, хувиа хүртээхийн тулд Засгийн газарт мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд Тавантолгойгоо даруй ашиглах юм болов. Ордоо эргэлтэд оруулах нь зөв л дөө. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэгчээр хаврын чуулганы турш ам ангайлгүй суусаар төгсгөл дээр нь шууруулж эхэллээ. Өнөөдөр байнгын хороодоор төгсгөлийн хэлэлцүүлгийг нь хийнэ. Өнгөрсөн баасан гаригт гэхэд гишүүд бүү хэл намын бүлэг дотроо саналаа нэгтгээгүй л байсан шүү дээ. Ингээд ирэх наадмын тоосон дунд Тавантолгой гараас гарах нь ойлгомжтой боллоо. Харин Оюутолгой шиг өөх ч биш, булчирхай ч биш болгоод хаячихгүй л бол. Тавантолгойг баталчихсан хойно Орос, Хятадын шахаанд унах гээд байдаг. Иргэддээ цувуулж өгөх арав арван мянган төгрөгийг олох хэрэгтэй байдаг. Наадмын тоостой хуушуурын мөнгөнөөс хямд эх орны хишгийн төлөө Тавантолгойг тавган дээр тавих нь ч тавьчихлаа, манай эрхэм гишүүд.
Дуншиж дуншиж мэндэлж өгдөггүй “илүү тээлт”-тэй Сонгуулийн хууль бас л наадмын тоосон дунд төрж мэдэх нь. Мөн л өнөөдрөөс тэр хуулийг байнгын хороодоор хэлэлцүүлэх гэж байна. Анхны хэлэлцүүлэг нь гэж байгаа ч аягүй дураа хүрвэл эрхмүүд горимын санал гаргаад л эхний хэлэлцүүлгээр нь баталчихдаг хойно. Тогтолцоон дээрээ тохироогүй л гээд байгаа. Голсон юм голд гэгчээр жижиг 76 тойрогтой мажоритар дээрээ гэнэт бууж сүйд хийх вий дээ. Их сайндаа холимог тогтолцоо болгоод, намрын чуулганаар буцаагаад солихоо ч ядахгүй. Нөгөө яриад байсан пропорциональ тогтолцоо баяртай болжээ, янз нь.
Хаваржин нухаад гаргаж дийлээгүй Төсвийн тодотголоо наадмын өмнө батлах гэж байна. Бас л нарны халуун, наадмын чимээ хоёрын дунд хий ихтэй нэг хууль гарах янзтай.
Авлигатай тэмцэх газрын даргаа улсын их баяр цэнгэл наадмын өмнөхөн солих эсэхээ шийднэ. Солихдоо тулбал орны хүнийг нь хүүе гэх завгүй батална. Дээрдүүлэх үү, дортгох уу гэдэг хамаагүй. Наадмаар баталсан юм чинь.
Манай гишүүд сүрхий, сүрхий. Наадам далимдуулж дулаан, цахилгааны үнээ нэмнэ. Амралтын улирал тохиолдуулж нүүрсний үнээ өсгөнө. Юу ч бодолгүй хэсэг жаргаж яваад ирсэн иргэд намар болохын цагт юм юмны ханш дээшээ явсныг мэднэ. Хэлье гэвч аль эрт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихсон байх авай. Яагаад гэвэл наадам, найр тааруулаад тогтоол шийдвэр нь хэдийнэ гарчихсан. Буцаая гэвч буцаах аргагүй бат араанд нь хийж байгаад нам гуяддаг болоод байгаа юм даа, манай эрхэм гишүүд. Үүнийг зарим гишүүд хүлээн зөвшөөрч байгаа. “Наадам дөхүүлээд янз бүрийн юм хийдэг шүү” гээд Д.Одбаяр, Ц.Даваасүрэн нар хэлээд байгаа. Харин спикер тэднийг өөдөөс нь “УИХ-ыг хийтэй юм хийдэг гэж олны дунд нэрийг нь муутгах гэлээ” гээд аашилсан байна лээ. Хийтэй загнах нь ч загнадаг л даа.
Тэр жил яалаа, он солигдож байхад Орост төлөх их өрөө тэглэлээ л гэсэн. Бөөн баярын нулимс урсгаж, баахан оргилуун дарс тулгасан. Гэтэл одоо сүүл нь тасраагүй, Д.Медведев Ерөнхийлөгч Монголросцветметийн өрийг нэхээд л байна. Баяр наадам, найр цэнгэл тааруулж нам гуядсан шийдвэрүүд сүүлдээ балагтай болохоос тэрхэн цагтаа эрхэм гишүүдийг баясгаад л байдаг юм.
Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж