Хариуцлага тооцохгүй бол өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Хариуцлага тооцохгүй бол өлсгөлөн зарлана

“Төмөр замын байгууллагуудаас хохирогчдийн холбоо” ТББ-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дархан-Уул айм­гийн хохирогчид нэгдэн тус төрийн бус байгууллагыг байгуул­сан бөгөөд Улаанбаатар Төмөр замын удирдах газрын дарга Т.Очирхүүд мэдэгдэл хүргүүлсэн байна. Албан бус тоогоор 2010 онд 30 гаруй иргэн вагонд дайруулан амь насаа алдсан гэх мэдээлэл байдаг ажээ. “Зөвхөн нэг онд ийм тоо байгаа юм чинь 50 жилийн түүхтэй төмөр замын байгууллагаас болж хэдэн хүн хохирсон тоог гаргаж өгөх, төмөр замын ослоос болж бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүмүүст тэтгэмж олгох, хамгийн гол нь тухайн осол гаргасан ажилчинд хариуцлага тооцдог байхыг шаардаж байгаа бид.

Мөн өнгөрсөн долоо хоногт Зүүн-хараа өртөөний ойролцоо 30 гаруй ямаа дайрсан хэрэг гарсан. Энэ мэт олон үйлдэл гарч байхад осол гаргасан хүмүүс нь ажлаа хийгээд л явж байна” гэж “Төмөр замын байгууллагуудаас хохирогчдийн холбоо” ТББ-ын гишүүн Б.Энхтөр хэллээ. Тэд мэдэгдлийн  хариуг 14 хоногийн дараа авах бөгөөд тодорхой хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэв.  Өнгөрсөн оны тавдугаар сард Дар­хан-Уул аймгийн төмөр замын өртөөнд 15 настай хүү вагонд дайруулж, хоёр настай хүү гаргүй болсон хэрэг гарчээ. Тус холбооны гишүүн хохирогчийн ээж Г.Энхжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Төмөр замын удирдлагад ямар шаардлага хүргүүлээд байгаа вэ?

-Бидний хэсэг хүмүүс хохирогчдын холбоо байгуулсан. Гол нь бид төмөр замын осол гаргасан тухайн ажилтанд хариуцлага тооцуулахыг шаардсан. Хохирогчдод нөхөж баршгүй уй гашуу, зовлон тохиолдож байхад Дархан-Уул аймгийн  төмөр замын ажилтанууд “Ийм зүйл тохиолдож л байдаг шүү дээ” гэсэн нь хүний амь нохойноос дор болсон мэт санагдаж байна. Хүний амь гэлтгүй мал амьтан дайрч л байдаг. Үүнд энгийн үзэгдэл мэт хандаж байгаа нь биднийг холбоо байгуулахад хүргэсэн.  Яагаад хүн дайрч амь насыг нь хохироочихоод ямар  ч ял шийтгэлгүй ажлаа хийгээд яваад байгаа юм бэ гэдэг асуудлыг холбогдох газрууд нь авч хэлэлцэхийг шаардаж байгаа.

-Осол гарсан газар нь явган хүний зам, гарам байдаггүй юм уу?

-Байхгүй. Би тэнд 20 жил амьдарсан. Хүмүүс дандаа вагон доогуур шургаад л гардаг. Төмөр зам нь гэр хороолол төв хэсэг хоёрын дунд байдаг болохоор төмөр замаар дамжин гардаг. Өөр гарц байхгүй. Өнгөрсөн жилээс харин гарам барина гэж яригдсан. Одоо болтол сураггүй л байна. Манай холбоо одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд Дархан-Уул аймгийн  төмөр замаас болж хохирсон, хань, үр хүүхдээ алдсан хүмүүс. 

-Танай хүүхдийг хохироосон хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн?

-Тийм ээ. Хүүхдийн буруу. Бас манай хүүг оюуны хомс­долтой гэж оношлон хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай хүүхэд эрүүл сургуульд сурдаг хүүхэд. Хэргийг хэрэгсэхгүй болгосныг ойлгоогүй. Би нэг хүүхдээ алдаж, нэгийг нь тахир дутуу болгосон. Гэтэл энэ хэрэгт буруутан олдохгүй байгаа нь аймшигтай. Манай улсад хүний амь гэдэг үнэгүй зүйл болсон гэдгийг миний хүүгийн жишээ харуулж байна.  

-Танай аймгийн төмөр замын удирдах албан тушаалтнууд ямар хариу өгсөн бэ?

-Тэд авч хэлэлцэхгүй байгаа болохоор бид Улаанбаатар төмөр замын удирдлагад хандаж байна. Хэрвээ шаардлагад тодорхой хариу өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Би хүүгээ алдсан эх хүн. Өөр бусдад ийм зүйл битгий тохиолдоосой гэж хүсч, энэ асуудлыг холбодох хүмүүс нь үүнийг анхааралдаа аваач гэж хүсье.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж