Тулгар төрийн 2220 жилийн ойг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Тулгар төрийн 2220 жилийн ойг нээлээ

Монголын үндэсний түүхийн музейд  өчигдөр хөл хөдөлгөөн их байлаа. Монголтой холбоотой түүхийг ярилцах гадна, дотны эрдэмтэд, өнөөдөр зохиож байгаа ажлаа ярилцсан салбарын дарга нар, бие, биендээ өөрсдийн сонссоноо сонирхуулах оюутнуудаар түүхийн музейд дүүрчээ. Цугласан олны дунд СГЗ Г.Жигжидсүрэн тэргүүтэй олны танил эрхэмүүд ч харагдаж байв. Тэд бүгд ардын урлагийн бяцхан тоглолтонд анхаарлаа хандуулах аж. Төрт ёсны их баяр Монголын тулгар төрийн 2220 жилийн ой албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм. Урлагын бяцхан тоглолт 15 гаруй минут үргэлжилсний дараа үндэсний хувцастай үйлчлэгчид түүхийн музейн Хүннүгийн танхимд гарсан “Хүннүгийн язгууртнууд” үзэсгэлэнд анхаарлаа хандуулахыг урьлаа.

Цугласан хүмүүсийн гарт атгуулсан сурталчилгааны материал энэ үзэсгэлэнг сонирхоход нэмэр болох аж. Хүннүгийн танхимаар явж орход хоёр мянганы тэртээх Хүннү гүрэнтэй холбоо бүхий олон арван үзмэрүүд угтах. Тэдний дундаас ноцолдон буй хоёр арслан дүрсэлсэн уран хийцтэй ширдэг, эртний язгууртны сүр хүчийг илтгэх уран нарийн тоноглолтой сүйх тэрэг, хатирч яваа морины дүрст алтан шармал хүрэл чимэглэл ирсэн зочдын анхаарлыг татаж, ярих сэдвүүдийнх нь нэг болж байлаа. Чухамдаа олон жил унтсан үзмэрүүд энэ өдөр  хэдхэн хором ч атугай амилсан гэхэд болно. Сонирхолтой байсан “Хүннүгийн язгууртнууд” үзэсгэлэнгийн цаг өндөрлөж хүмүүс хурлын танхим руу явж эхэллээ. Учир нь их ойн нээлтийн дараагийн хэсэг эрдэм шинжилгээний бага хурал эхлэх цаг нь болсон аж . Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нээж үг хэлсэн тус бага хуралд Монгол Улсын Их Сургууль, Батлан хамгаалахын яам, ШУА-ын археологийн хүрээлэн оролцож Хүннү гүрний дэлхийд гүйцэтгэсэн үүрэг болон, угсаа гарваль, цэргийн стратегийн талаар хэлэлцсэн юм. Бүх илтгэлүүд монголын Хүннү судлалын талаар тодорхой хэмжээний ойлголт өгч, олны анхаарлыг татаж байлаа. “Хорин  хэдэн жилийн өмнө Хүннү гүрний тухай ярих нь битгий хэл дурсаж ч болдоггүй байсан. Энэ жил төрт ёсны их баяр болгож тэмдэглэх гэж байна. Гэхдээ энэ ойг тэмдэглэх тухай санаачлага хорин жилийн өмнөөс гарч, ойг тэмдэглэхтэй холбогдох судалгаа шинжилгээний ажил тэр л үеэс эхэлсэн. Түүхийн сурвалж бичигт анхны хөгжмийн зэмсгийг бүтээсэн гээд манай үндэстний хувьд чухал олон баримт бий учраас энэ баяр тун хэрэгтэй” гэж ШУА-ийн археологийн хүрээлэнгийн эрхлэгч Д. Цэвээндорж ярьж байлаа. Хүннүтэй холбогдох судалгааны ажлыг Франц, АНУ, Өмнөд Солонгос, Оросын Холбооны улсуудтай хамтран хийж олон арван нээлтийг олж илрүүлээд байгаа юм байна. Одоогоос хоёр мянганы тэртээ халаагуурын системийг боловсруулж, хөлөгт тоглоом, аман хуурын анхны хувилбарыг зохион бүтээж байсан гэдгийг олон орны эрдэмтэд батлан, нарийвчлан судалж эхлээд байгаа ажээ. Энэ бүх судалгааны ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа гэх. Төрт ёсны их баяр Монголын тулгар төрийг зохион байгуулах ажилд засгийн газраас эхний ээлжинд 200 гаруй сая төгрөг төсөвлөсөн бөгөөд олон нийтийн байгууллага, компаниудаас хөрөнгө мөнгийг цуглуулах ажил өрнөх юм байна. Ийнхүү МЭӨ IV зууны үеэс түүхэнд нэр нь дурдагдаж, МЭӨ 209 онд Модун Шаньюйн үед нэгдмэл төрт улс болж улмаар нүүдэлчин аймгуудийн дотроос анх удаа эзэнт гүрэнг цогцлоож манай эриний V зуун хүртэл нөлөөтэй хэвээр оршин байсан түүхт ойг тэмдэглэж эхэллээ. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг зохион байгуулах хорооны дэд дарга, Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин: Энэ өдөр дэлхийн олон орны эрдэмтдийг нэгтгэсэн ач холбогдолтой тэмдэглэлт өдөр юм

-Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх нь монгол үндэстэнд ямар ач холбогдолтой вэ?

-Монголчууд дэлхийд баялаг түүхтэй ард түмэн. Энэ ойг тэмдэглэх нь нэг талаар түүхийн чухал ач холбогдолтой нөгөө талаар дэлхийн олон эрдэмтэдтэй хамтран гүнзгийрүүлсэн судалгааг хийх, ард түмэнд түгээх боломжийг олгоход ач холбогдол нь оршиж байгаа. Хамгийн чухал ач холбогдол нь манай залуу үе эх орныхоо түүх, уламжлалаас суралцах, үндэсний бахархал бий болгоход оршиж байгаа юм.

-Хүннү гүрэнд олон үндэстэн байсан гэдэг. Монгол үндэстэн голлох үндэстэн байсан уу?

-Хүннү бол их цагаан хэрэмнээс, европын улсуудад хүрсэн маш том эзэнт гүрэн байсан учраас олон үндэстэн оршиж байсан нь тодорхой. Гэхдээ дэлхийн олонх эрдэмтэд олон жилийн генетикийн болон антропологийн судалгаагаар голлох үндэстэн нь Монгол байсан гэдгийг баталж байгаа.

-Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг хэрхэн тэмдэглэх вэ, ач холбогдолын хувьд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоос өөр байж чадах уу?

-Тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын тогтоол гарсан.  Энэ зарлигт ойг тэмдэглэх хороог байгуулж даргаар нь БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, дэд даргаар нь миний бие ажиллаж байгаа. Энэ жилийн турш зохион байгуулагдах баярын нээлтийг бид ийнхүү сар шинийн баярын өмнөхөн нээж байна. Яагаад заавал сар шинийн баярын өмнө хийж байна вэ гэхээр Хүннүчүүд хавар, намарт том баяр наадам зохион байгуулдаг байжээ. Энэ уламжлалын дагуу энэ өдөр нээлтээ хийж байгаа юм. Нэг талаасаа бахархах, дурсах ёстой нөгөө талаасаа өнгөрсөн түүхээрээ омогших ёстой ойн өдөр. Нөгөө талаасаа дэлхийн олон орны судлаачдыг нэгтгэж чадах ач холбогдолтой өдөр.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж