2010 оны 7 дугаар сарын 5-ны энэ өдөр орон даяар иргэний шинэчилсэн бүртгэл эхэлж байгаа бөгөөд 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн 132 хороо буюу нийт 463 нэгжээр дамжуулан бүртгэлд хамруулах юм.
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлт Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
“Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг хэрэгжүүлж иргэддээ хишиг, хувь болон байгалийн баялгаас олох ашгаа тэгш хүртээх асуудлыг Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гаргасан. Одоо Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Тавантолгойн хувьцааны 10 хувийг ард түмэндээ тараахад иргэний шинэчилсэн бүртгэл гол тулгуур болох учиртай гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Төр, иргэнийг холбосон бүртгэлийн төгөлдөршил бол хөгжлийн нэг гол түлхүүр. Иргэний шинэчилсэн бүртгэл “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” бий болгох үндэс суурь нь болно. Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, “Хөгжилтэй улс орон, Бүтээгч ард түмэн” болох үзэл баримтлалын үндэс суурийг бэхжүүлэхэд “Иргэний шинэчилсэн бүртгэл” чухал ач холбогдолтой гэж тэрээр хэлэв.
Төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрийн ой санамжийг бүрдүүлж, нийгмийн бүх салбарыг хамарсан йүлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхэд “Иргэний шинэчилсэн бүртгэл”-ийн ажил томоохон түүхэн үүрэг гүйцэтгэх болно гэж Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэллээ.
Монгол Улсын иргэний бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Улсын Их Хурлаас иргэний шинэчилсэн бүртгэл явуулах, үүнтэй холбогдуулан иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгохыг Засгийн газарт даалгасан юм.
Энэ хүрээнд иргэдийн төрсний, иргэний үнэмлэхний болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, мэдээллийн нэгдсэн сантай болсноор төрийн байгууллагууд ч хоорондоо мэдээллээ шуурхай солилцох боломж бүрдэх юм.
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах 16-аас дээш насны иргэн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээтэйгээ харъяа сум, хороондоо очин, зургаа даруулж хурууны хээгээ өгөх ёстой. Харин 16 нас хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь хариуцан бүртгэлд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ