Өнгөрсөн сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын хамтран зохион байгуулсан “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт-ярилцлага амжилттай болж өндөрлөсөнд талархаж байгаагаа ноён К.Шваб энэхүү захидлаар илэрхийлсэн байна. Тэрбээр захидалдаа “ Юуны өмнө зургадугаар сарын 17, 18-нд болсон “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалтыг Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран амжилттай зохион байгуулсанд тань баяр хүргэе.
Энэхүү уулзалт энэ оны эхэнд болсон Давосын чуулга уулзалтанд оролцохдоо гаргасан таны санаачлагын биелэл боллоо хэмээн уулзалтыг хамтран зохион байгуулагчид надад уламжилсан билээ.
… Эрхэм Ерөнхийлөгч таны хүчин чармайлт, эрмэлзлийн ачаар энэхүү уулзалтын гарааг эрдэс баялаг, эрчим хүчний халуун цэг болоод байгаа Монгол Улсаас эхэлснийг онцолж хэлэх нь зүйтэй болов уу. Дэлхийн эдийн засгийн форумын хийх дараагийн алхам бол уг уулзалтын явцад хөндөгдсөн асуудлуудыг улам нухацтай судалж, баялгийн нөөц ихтэй, хөгжиж буй орнуудын хувийн хэвшил, төрийн байгууллага болон иргэдийн төлөөллийн хувьд эрдэс баялгийн салбарын дэлхийн хэмжээнд шийдвэрлэвэл зохих чухал асуудлуудын тайланг бэлтгэж, 2011 оны Давосын ээлжит чуулга уулзалтанд тавих явдал юм.
…Эрдэс баялгийн салбарын шударга, зохистой хөгжих үндсэн нөхцөл гэсэн утгаараа авлигын эсрэг, ил тод байдал нь Дэлхийн эдийн засгийн форумд чухал байр суурь эзэлдэг билээ. Ийм ч учраас тус форумын Эрдэс баялгийн салбар “Авлигын эсрэг хамтын нийгэмлэг”санаачилгыг үүсгэн байгуулагчдын нэг болсон билэээ.
Тус санаачлага нь 2004 оноос хойш олон улсын хэмжээнд авлигын эсрэг тэмцэгч гол институт болон байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн, улс орнуудын Засгийн газарт авилгын эсрэг тэмцэх арга барил болон бодлого боловсруулахад зөвлөгөө туслалцаа үзүүлдэг юм. Хөрөнгө оруулалт болон санхүүгийн аливаа асуудлыг олон нийтэд ил тод байлгах нь Ерөнхийлөгч таны урдаа барьдаг зорилтын нэг тул, энэ мэт хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн тэлэхийг би ихэд дэмжиж байх болно.
Ингээд захидлынхаа төгсгөлд би Монгол Улс, Дэлхийн эдийн засгийн форумын Эрдэс баялгийн салбарт өөрийн Засгийн газраас гишүүн томилон ажиллуулж буй анхны улс болсонд ихэд баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү гишүүн маань цаашид бидний зохион байгуулдаг “Дэлхийн хэмжээний удирдагч бэлтгэх хөтөлбөр”-т оролцох сайхан завшаан тохионо гэдэгт найдаж байгаагаа уламжилъя” гэжээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.