Засвар, шинэчлэл долдугаар сард дуусна

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Засвар, шинэчлэл долдугаар сард дуусна

Нийслэлийн захирагчийн албанаас энэ жил хийх инженерийн шугам сүлжээний их болон урсгал засварын ажлын графикийг нэгтгэж хоёрдугаар сарын 1-нд  батлуулан, мөрдөх юм байна. Энэ жил ажлын график төлөвлөгөөг дүүрэг бүр төлөвлөн гаргахаар болсон. Долдугаар сарын  нэгэн гэхэд инженерийн шугам сүлжээний ажлыг хийж дуусгах үүрэг Нийслэлийн захирагч Г.Мөнхбаяр өгсөн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө  тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажил эхлэхэд бэлэн болгоно гэдгээ Захирагчийн албаны ажлын хэсэг мэдэгдсэн. Мөн зам засварын ажил хийхэд шугам сүлжээний асуудал гардаг. Харин энэ жил Засаг даргын захирамжаар уг асуудлыг шийдэх Шуурхай штаб байгуулагдсан.  “Энэ  жилийн засвар тохижилтын ажлыг дүүрэг бүр өөрсдөө хариуцаж байгаа. Одоохондоо нэг ч дүүрэг судалгааны материалаа өгөөгүй байна. Сар шинийн баяртай холбогдон ажил бага зэрэг хойшлоод байна” гэж нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Н.Төмөрбаатар хэллээ.
Бид төлөвлөгөөт ажил хэр явж байгаа талаар зарим дүүргийн холбогдох мэргэжилтэнээс тодруулсан юм.

Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Гэрэлт-Од

-Энэ жил засварын ажлыг зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган болон машин зам гэсэн чиглэлээр хийнэ. Шинээр Цэцэг төвөөс Соёл Урлагийн их сургууль хүртлэх замыг бүрэн шинэчлэх бөгөөд Самбуугийн гудамж, Зоос гоёлоос Байгалийн түхийн тузей хүртлэх замуудыг шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн хуульчдын гудамжинд шинээр зам тавина. Өнгөрсөн оны “Явган зам” хөтөлбөр үргэлжилнэ. Манай дүүрэг “Хүүхдэд ээлтэй ногоон дүүрэг” уриан дор цэцэрлэгжилтийн ажил, Цэцгийн баяр, цэцэг тарих хөтөлбөрүүд үргэлжилүүлэхээр болсон. Гэрэлтүүлгийн хувьд гэр хороолол, XII-XIX хороо, VII хороо хөтөл явдаг гэр хорооллыг гэрэлтэй болгох саналаа НЗАА-нд хүргүүлсэн. Мөн нэгдүгээр хороог бүхэлд нь гэрэлтүүлэх төлөвлөгөө гаргасан.  Шинээр яруу найрагч, Ардын уран зохиолч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгийг шинээр барьж байгуулахаар төлөвлөгөө гарсан байгаа.

Сүхбаатар дүүргийн Үйлд­­вэрлэл үйлчилгээний хэлтсийн  мэргэжилтэн А.Батхуяг

-Манай дүүргийн хувьд засварын ажлыг хийх төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган болон машин зам гэсэн чиглэлээр засварын ажлыг хийнэ.  Одоогоор зарим зургийн тендер зарлагдаад шалгаруулалт явагдаж байна. Энэ жил их дэлгүүрийн урд талын Цэрэндоржийн гудамжийг бүрэн тохижуулахаар ажиллаж байна. 2010 оны ногоон байгууламж үргэлжилнэ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж