М.Өсөхбаяр: Б.Ганбат арслан түрүүлэх ёстой болоод л түрүүлсэн

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

М.Өсөхбаяр: Б.Ганбат арслан түрүүлэх ёстой болоод л түрүүлсэн

Монгол Улсын залуу заан Мөнхсайханы Өсөхбаяр сар шинийн босгон дээр манай сонины уншигчидтай уулзаж байна. 

-М.Өсөхбаяр заан хэдхэн хоногийн өмнө болсон Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ. Сар шинийн өмнөх улсын цолтнуудын сүүлийн барилдаан байсан болохоор таныг битүүний барилдаанд өнгөтэй наадах байх гэж бодож байна?

-Баярлалаа. Тэр өдөр бие хөнгөн, өөрийнхөөрөө, сайхан барилдсан. Сар шинийн барилдааны бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангалаа. Хэд хоног “Тэрэлж”-д бэлтгэл хийсэн. Монгол хүн бүр битүүний өдөр бөхөө харах гэж хүлээж байдаг. Тэр утгаараа энэ барилдаанд илүү сайн бэлтгэлтэй, хүндэтгэлтэй оролцохыг хичээдэг.

-Ямар дээлээр гоёх гэж байна?

-Бөх хүн байна, сар шинэдээ зориулж дээл хувцсаа бэлдэж, зэхсэн байгаа. Тэр өдөр эхнэртэйгээ ярилцаж байгаад өмсөх дээлээ сонгоно доо.

-Ер нь дээл хийхдээ ямар өнгө сонгодог вэ?

-Янз бүр дээ. Дээлийн торго, дурдан их өргөн сонголттой ч болчихсон байна. Ер нь нэг их олон юм бодож, өнгө тааруулдаггүй. Биед эвтэйхэн материалтай байвал зүгээр юм уу гэж боддог. Гэхдээ бас билэг дэмбэрэлийн шинжтэй сонголтууд хааяа байна аа. Заан болдог жил их сонин. Надад барилдааны байнд ирсэн шаргал өнгийн даавуугаар би тэр жил дээл хийлгэж өмссөн юм. Алтан шаргал, нүдэнд дулаахан, сайхан өнгөтэй болохоор нь билгэшээгээд наадмын дээлээ оёултал надад заан цолны тэмдэг зүүлгэсэн. Тэгэхэд аливаа юмны билгэшээл гэдэг өөрөө сэтгэлд зөв мэдрэмж өгч байдаг юм уу гэж дараа нь бодогдож байсан.

-Та цагаан сарын барилдаанд яаж барилдаж байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд, сар шинийн барилдаанд дөрвөөс дээш давж үзээгүй юм байна шүү /инээв/.

-Өнгөрсөн жилийн наадмаас хойш заалны барилдаанд хэд түрүүлсэн байна?

-Хоёр барилдаан шиг санаж байна. МАХН-ын 26-р их хуралд зорилсан барилдаан, сая сүүлд болсон Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлсэн. Нийслэлийн өдрийн болон МҮБХ-ны намрын улирлын нээлтийн барилдаанд үзүүрлэлээ. Өөр бас хоёр барилдааны их шөвөгт үлдсэн байна. Иймэрхүү л амжилттай барилдлаа. Гэхдээ өмнөх жилүүдээ бодвол энэ жил хөлөндөө бэртэл аваад нэг их олон барилдаагүй. Уг нь би болж өгвөл заал, танхимын барилдаан алгасахгүй байхыг хичээдэг. Бөхчүүдийн хувьд заалны барилдаан л бэлтгэлээ хянах, байнгын барилдаанч байх, хөдөлмөрч байх гээд хамгийн гол суурь болж өгдөг. Бие биенээсээ суралцана. Хэн яаж барилдаанаа сайжруулж, бэлтгэл сургуулилт хийж байгааг судална. Өөрийгөө байнгын бэлтгэлтэй байлгана гэсэн үг л дээ. Тийм болохоор өөрөө барилдахгүй юм аа гэхэд байнга “Бөхийн өргөө”-нд болж байгаа барилдааныг үзэхийг хичээдэг. Бэртлээ гайгүй эмчлүүлсэн болохоор  одоо наадам хүртэл байнга барилдана л гэж бодож байна

-Наадам гэснээс өнгөрсөн жилийн наадмаар та ахтайгаа зургаагийн даваанд тунаж барилдаад давсан. Тухайн үед харцага Д.Баасандоржийг заан цолны төлөө долоогийн даваанд гарч ирэх байх гэж бодож байлаа. Энэ барилдааны тухай ярьж болох уу?

-Зургаагийн даваа юу…Зургаагийн даваа ах, бид хоёрын хувьд жаахан харамсалтай зүйл болсон. Гэхдээ тунасан бол тунасан, дүрэм бол дүрэм шүү дээ. Ардын төрийн их баяр наадамд ах, дүү хоёр таарч барилдана гэдэг ховор л тохиолдол байх. Д.Баасандорж ах бол миний ээжийн төрсөн дүү нь, намайг бөхийн энэ сайхан хүрээлэлд ёстой жинхэнэ хөтөлж авчирч оруулсан хүн. Бөхөд хайртай ард түмэн ойлгож байгаа байх аа. Ах маань намайг тэр барилдаанд дэмжсэн. Уг нь өөрөө цаашаа барилдсан бол харцага цолоо батлах, заан цолонд зүтгэх хүн шүү дээ. Бэлтгэл ч сайн байсан. Ер нь л Д.Баасандорж ах өнгөрсөн наадмын өмнө их өнгөтэй, бэлтгэл урьд өмнөхөөс сайн байгаа санагдаад байсан. Гэтэл ах тийм чухал даваанд намайг дэмжихээр шийдсэн. Уг нь бид хоёр зургаагийн даваанд зөрөөд барилдсан бол… гэж тэр үед ч, одоо ч бодогддог л юм. Гэхдээ түрүүн хэлсэн дээ, Төрийн наадамд бол төрийн наадам шүү дээ.

-Долоогийн даваанд та өнгөрсөн жилийн түрүү бөх Б.Ганбат арсланд өвдөг шороодсон. Магадгүй өмнөх даваанд ахтайгаа таарсан болохоор долоо дээр биеэ барьсан тал байсан уу?

-Яг тухайн үед сэтгэлзүйн нэг тийм ээдрээтэй байдал байх нь байсан. Ахынхаа итгэлийг алдчихгүй юмсан гэсэн бодол биеэ барихад нөлөөлсөн байх талтай. Гэхдээ барьц сонгуулаад би унасан уу, унасан. Наадмын дэвжээ хатуу шүү дээ. Тэр хатуу даваа, шалгуурыг наадамд зодоглож байгаа бөх хүн өөр өөрийнхөөрөө л даван туулдаг. Наадмын түрүү гэдэг тийм ч амархан олддог алдар хүнд биш шүү. Б.Ганбат арслан хэчнээн жил энэ цолны төлөө хөдөлмөрлөлөө. Тэр сайхан бөх түрүүлэх ёстой хүн байсан болоод л түрүүлсэн. Тэгэхээр нэгийн даваа ч бай, найм, есийн даваа ч бай унасан л бол бөх хүн дараагийнхаа зорилгыг, дараагийнхаа бэлтгэлийг бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Мэдээж даваа бүр амттай, унаа бүхэн учиртай байдаг байлгүй. Өнгөрсөн жилийн наадмаар би өөрийнхөө хувьд сайхан л наадсан гэж бодож байна. Чимэг нэмлээ, улсын наадамд зургаа давлаа.

-25 настайдаа улсын заан цол хүртэнэ гэдэг яах аргагүй залуу насны том амжилтад тооцогдоно. Танд цаашид олон жил барилдах нас байна. Цолоо ахиулах бүрэн боломж байна?

-Миний үеийн олон сайхан бөхчүүд байдаг шүү дээ. Тэдэн дундаас, харьцангуй залуугаараа энэ цолд хүрсэн нь надад өнөөдөр улам сайн барилдах ухамсар, сэтгэхүйг бий болгосон гэж боддог. Хэн нь ч хэнийг давж болдог наадам шүү дээ. Өөрийнхөө үеийнхнээс гээд бодоход л энэ цолд хүрч болох хэмжээний олон сайхан залуучууд байгаа. Төрийн зарлигаар соёрхдог том цолонд залуу насандаа хүрч чадсан юм чинь цаашид улам сайн барилдах ёстой байлгүй яахав. Хэн ч байсан тэгж л бодох байх. Цолоо баталчих юмсан, ахиулчих юмсан гэсэн бодлууд миний ирээдүйн хамгийн тодорхой зорилго. Нөгөө талаар үүрэг ч байх. Улсын цолтой бөх байна гэдэг маш том хариуцлага гэдгийг би өнгөрсөн хугацаанд их сайн ойлгож байна гэх үү дээ. Ямар ч монгол хүн, дөнгөж ухаан орж байгаа жаахан хүү ч байсан бөх хүнийг хараад хамгийн сайхнаараа хүндэлж, билгэшээдэг. Тэр бөхтэй тааралдлаа, тэр начинтай гар барилаа гээд бахархаж ярьдаг. Бөхчүүдийг өөрсдөд нь аз хийморь өгдөг, хийморь лундааг нь сэргээдэг гэж хүмүүс билгэшээдэг биз дээ. Тэгэхээр бөх хүн өөрөө дандаа сайхан хийморьтой, уужуу тайван сэтгэлтэй, өөдөө тэмүүлэлтэй явах ёстой. Би өнөөдөр бөхийн мэх, эрдэмд суралцахаасаа гадна Монгол бөхийн ухаанд суралцаж, хүмүүжиж яваа гэж боддог. Энэ бас үндэсний бөх барилддаг хүний нэг зорилго мөн биз.

-Ч.Санжаадамбыг ирээдүйн аварга гэж их л ярьж, бичих юм. А.Сүхбат аваргын шавь Ө.Даваабаатар байна. Дээр нь та. Саяхан л улсын начны тааварт оруулдаг байсан та нарын хэсэг залуусыг өнөөдөр олон хүн аварга, арслангийн эрэмбэтэй гэж шууд л хэлдэг болж?

-Монголчууд үндэсний бөхөө сайн мэднэ. Ард түмэн таньж байгаа бол тэр бөхчүүд цолонд хүрч л байдаг шүү дээ. Ч.Санжаадамба ч тэр, Ө.Даваабаатар ч тэр олны хүлээж байгаа цолонд хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ хоёр бол яахын аргагүй энэ цаг үеийн барилдааныг үзүүштэй болгож байгаа гол баатруудын нэг шүү дээ.

-Ч.Санжаадамбатай хэр олон барилдаж байсан бэ?

-Ер нь цөөхөн шүү. Хоёр удаа л барилдсан шиг санагдаж байна.

-Танд өөрт чинь хамгийн хүчтэй өрсөлдөгч гээд нэрлэчихээр бөх байдаг уу. Магадгүй үеийнхнээс чинь ч юм уу?

-Миний өмнө зодог өмсөөд зогсч байгаа бүх бөхчүүд өрсөлдөгч шүү. Амны хүүхэд ч бай, арслан, заанууд ч бай, өрсөлдөгчөө үргэлж том үнэлж барилдах ёстой байх.

-Улсын наадамд хэд шөвгөрсөн бэ, гурав шиг санаж байна?

-Тийм. Төрийн наадамд зургаа барилдахдаа гурав шөвгөрсөн байна.

-Туулай жил гарлаа. Бар жил таны хувьд ямар онцлогтой байв. Магадгүй хувийн амьдралд ч юм уу?

-Өнгөрсөн жил манай үндэсний бөхчүүдийн хувьд бас их онцлогтой жил байлаа. Олон аймгийг төлөөлсөн бөхчүүд 2010 онд Монгол бөхөө сурталчлах ажлаар хэд хэдэн орноор явсан юм. “Бөх билэгт” дэвжээний захирал, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор энэ ажлыг санаачилж, зохион байгуулсан. Бөхчүүд маань өнгөрсөн жил Америк, Англи, Бельги гээд хэд хэдэн оронд үндэсний бөхөө сурталчилсан. Үндэсний бөх бол Монголчуудын соёлын маш том илэрхийлэл гэдэг сэтгэгдэл яг энэ аяны үеэр илүү тод мэдрэгдсэн. Очсон улс бүрт манай үндэсний спортын ёс жаягийг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаа нь сайхан санагдсан шүү. Дээр нь олон жил гадаадад амьдарч байгаа монголчуудтайгаа уулзаж, үндэсний бөх, үндэсний соёл заншилтай нь ойр байлгана гэдэг маш чухал. Хайрлаж, хүндэлдэг бөхчүүд нь үндэсний спортоо сурталчлаад ажиллаж, амьдарч байгаа хотод нь яваад очино гэдэг тэр хүмүүст ч таалагдсан байх. Энэ бол хэдэн бөхчүүд гадагшаа аялж зугаалаад ирж байгаа хэрэг биш л дээ. Үндэсний бөхийг гадаадад сурталчлах ийм том ажил өрнөж, олон бөх хамрагдаж байгаагүй байх. Сумод хүртэл башё бүрийн дараа Японы өнцөг булан бүрт тойргийн барилдаан хийж, үндэсний спортоо сурталчилдаг уламжлал байна. Бусад орнуудад башё зохион байгуулж байна. Монголд хүртэл ирсэн биз дээ. Байнгын дотоод, гадаадад сурталчилж, тасралтгүй тухайн спортынхоо нэр хүндийг өсгөх ажил зохион байгуулж байж спорт хөгждөг байх. Зөвхөн зааланд хэдэн бөх барилдаад бүрэн дүүрэн хөгжихгүй шүү дээ. Бүх аймгуудад, сумдад улсын өндөр цолтой бөхчүүд нь хүрч очдог, зохион байгуулалттайгаар барилдаан хийдэг, үндэсний бөхөө сурталчилдаг байх юм бол түүнийг дагаад Монгол орны өнцөг булан бүрээс сайн бөхчүүд төрөх магадлал илүү их. Дээхэн үед манай ахмад бөхчүүд сайн бөх олж таних гэж хөдөө гадаагүй явдаг байсан уламжлал хүртэл байгаа шүү дээ. Хэдэн жилийн өмнө “Монгол бөхийн аян” гэж хоёр, гурван аймагт зохион байгуулсан даа. Аймгийн заан Р.Сэддорж санаачлаад, манай бөхчүүд тэр аянд маш идэвхитэй оролцож байсан. Би бас тэр сайхан ажилд хувь нэмрээ оруулчих юмсан гэж аяны нэг, хоёр барилдаанд нь оролцож л байсан. Энэ ажлыг одоо бүх аймгуудад хүргэмээр л санагддаг. Яг үүнтэй адил үндэсний бөхийг гадаадад сурталчлах том ажлыг Б.Болор сайд маш сайн зохион байгуулж байгаад бөхчүүд бидний зүгээс их баярлаж байгаа. Бас бөхчүүдийн сэтгэл санаа нийлэн дэмжиж  байгаа “Монгол бөх сурталчлах аян”-ыг гадаадад зохион байгуулах ажлыг хариуцсан М.Батжаргал харцагад би жишээ нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Монгол бөхчүүд үндэсний бөхөө хөгжүүлэхийн тулд ингэж хамтрах ёстой.

– Энэ жил та бүхний оролцож байгаа бөхийн аян үргэлжлэх үү?

-Үргэлжлэх байх аа. Ер нь бүх аймгуудын төлөөлөл болгоод, бөхчүүдээ ч гэсэн ээлж дараагаар үндэсний бөх сурталчлах ажилд хамруулж байгаа.

-Найзууд болохоор нь таниас асууж байгаа юм шүү. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг сар шинийн барилдаанд зодоглож магадгүй гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-/Инээв/. Сайн мэдэхгүй байна аа, надад л тэгж юм яриагүй. Түвшээ Франц руу тэмцээнд явах гээд завгүй байгаа байх.

-Олимпийн аварга та хоёрт уулзах цаг зав хэр гарч байна?

-Гаргалгүй яахав. Уулзана аа. Нэг нэгнийхээрээ орж, гарна. Багаасаа найзалж нөхөрлөж өссөн болохоор ярьж хөөрөх юм зөндөө л гарна шүү дээ.

-Сар шинийн босгон дээр бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Маргааш сайн барилдаарай. Амжилт хүсье.

-Баярлалаа. Өнгөрсөн жилийн сар шинийн өмнөхөн танай сонинд Даян аварга Г.Өсөхбаярын ярилцлага нийтлэгдсэнийг уншиж байлаа. Монголчуудын үндэсний их баяр, цагаан сарын өмнө танай уламжлалт зочноор уригдсандаа баяртай байна. Ингээд монгол түмэндээ, Булган нутгийн зон олондоо, “Жигүүр гранд” групп, “Хилчин” спорт хорооны хамт олондоо, нийт бөхчүүддээ, гэр бүл, найз нөхөддөө төмөр туулай жилийн сар шинийн мэнд хүргэж,

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах ижий, аавдаа
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой
гэсэн ерөөл өргөе.

Б.Бадамгарав
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж