Тавантолгойгоос өмнө ”тусгай” цалинтай болно

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойгоос өмнө ”тусгай” цалинтай болно

Монголын улс төр “буцалж” байна. Зун цагийн “буцлам” халуун өдрүүдэд УИХ-ын гишүүд хаврын чуулганы хаалтаас урьтаж Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний эх хувилбарыг хөрөнгө оруулагчдад дэлгэх нь тодорхой болов. Эх захгүй маргаан тэмцлээ энэ удаад түр азнаж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө санааширсан тэдний сонирхол хэр удаан нэгдмэл байхыг төсөөлөхөд бэрх. Гэсэн ч төрд мөнгө, төсөвт орлого, сонгогч олонд амлалтын биелэлт хэрэгтэй байгаа тул улстөрчид ийн хурдаа авав бололтой.
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын хурлаар Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар Засгийн газраас оруулж ирсэн төслийг цааш үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв гэж үзсэн нь үүний баталгаа. Хэдийгээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, зарим нэг гишүүн нь “Асуудлыг ул суурьтай хэлэлцэх ёстой. Энэ төслөөр бол Тавантолгойг Хятадын талд шууд өгөх гээд байна” хэмээн шүүмжилж байсан ч цөөнхийн санал хэзээд хожил авчирдаггүй гэдгийг анхны хэлэлцүүлгийн дүн нотлов.
Уг төсөлд “Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ Монгол Улсын нийт иргэдэд хувьцааны 10 хувийг үе шаттайгаар, адил тэнцүү хувь хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгийг босгоно” гэсэн ерөнхий гол утга бий.
Энэ нь Тавантолгойн ордыг хоёр хувааж, үндсэн нэг хэсгийнх нь 50 хувийг монголчуудад үлдээнэ гэсэн үг. Гэхдээ тэрхүү 50 хувийн 30 хувиас нь гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгийн зах зээлийн зарчмаар хувь эзэмших боломжтой гэсэн үг. Нэг ёсны албан ёсоор хуульчлахад ойрхон байгаа уг төслөөс харахад монголчууд эргэх хөрвөх хувилбаргүй 20 хувийг нь эзэмших эрхтэй болох юм. Харин үлдсэн хэсэг нь хөрөнгө оруулагч нь хэн бэ, хөрөнгийн зах зээлээс хэн илүү их хувьцаа худалдан авч чадах вэ гэдэг асуултын хариултаар эзэн тодрох үед хэний мэдлийнх болсон нь ил болох юм.
Түүнчлэн Тавантолгойн ашиглалтын лицензийг төрийн нэрийн өмнөөс эзэмшиж байсан “Эрдэнэс МГЛ” компани Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг батлахтай зэрэгцээд лицензээ “Эрдэнэс-Тавантолгой” гэдэг төрийн өмчит охин компанид шилжүүлэх аж. Удахгүй үүд хаалгыг нь нээж, өрхийг нь татах уг компани нь Тавантолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зуун хувь эзэмшихийн зэрэгцээ, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой.
 Засгийн газрын хувьд Тавантолгойн төслийг эхлүүлэхтэй зэрэгцээд хөрөнгө оруулагч талаас 800 саяас нэг тэрбум орчим ам.долларын урьдчилгаа авах зорилготой байгаа. Энэ зорилго нь дэлхий нийтэд аль хэдийнэ ил болсны зэрэгцээ жилийн өмнөөс саналаа илэрхийлж ирсэн 11 гадаад консерциум өөрсдийн хүсэлтийг буцааж аваагүй нь Засгийн газрыг ийн шамдахад хүргэсэн байж болох юм.
Ингэж Тавантолгойн бүтээн байгуулалтад оруулах загвар төлөвлөгөөг УИХ-аас хэлэлцэх нь зөв хэмээн үзсэнээр энэ долоо хоногт багтаан эцэслэн шийдэгдэх нөхцөл бүрэлдэж буй. Гэхдээ мэдээж улстөрчид анхныхаа байр сууринаас буцахгүй тохиолдолд.
Ийн УИХ-ын гишүүд Тавантолгойн төслийг урагшлуулах үүд хаалгыг нээхтэй зэрэгцэн Ерөнхий сайд С.Батболд ээлжит шуугианаа тарив. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд болсон цагаасаа эхэлж ойр ойрмогхон бэлэн мөнгөний амлалттай холбоотой дуулиантай мэдэгдэл хийж ирсэн. Анхлан 1.5 сая төгрөгөөс иргэдэд хувьцаа болон 500 мянгыг нь бэлнээр олгоно хэмээн мэдэгдсэн. Тэгвэл их удалгүй Тавантолгойн бүтээн байгуулалтаас иргэн бүрт хувьцаа, аж ахуйн нэгж бүрийг хувь эзэмшигч байх боломжтой болгоно гэдэг эрс шийдэмгий байр суурь илэрхийлсэн. Харин энэ удаа тэрбээр “2010 оны наймдугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт сар бүр 10 мянган төгрөгийн хишиг хувийг “Хүний хөгжлийн сан”-гаас олгохоор боллоо. Мөн 2010 оноос хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгон нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байна” хэмээв. Ерөнхий сайд ийн сар бүр хишиг хүртээх болсон шалтгаанаа “Мөнгийг бөөнөөр олгосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдсан” гэдгээр тайлбарласан байгаа. Ямартай ч монголчууд Тавантолгойн бүтээн байгуулалт эхлэхээс урьтаж сар бүр “тусгай” цалинтай болох нь. Гагцхүү цаашид энэ мөнгөний хэмжээ өсөх хийгээд тогтворжих эсэх нь харин Тавантолгойн ордын бүтээн байгуулалттай нягт холбоотой байх нь тодорхой юм.

Улстөрийн тоймч Б.Дашзэгвэ. Улс төрийн тойм сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж