Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий
Манай улсад уул уурхайн үйл ажиллагааг хэтэрхий замбараагүй явуулснаас байгаль орчин сүйдэж, ус гол олноороо ширгэж, багагүй хохирол амсах болсон. Үүнийг цэгцлэхээр байгаль хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагуудаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын нэр бүхий гишүүдийг лоббидон байж өргөн бариулж билээ. Гэвч энэ нь хувьдаа ашигт малтмалын ордтой, улс төр, бизнесийн бүлэглэлийнхэнд тун ч халгаатай хууль байсан учраас тэд тийм амархан баталж өгөхгүй байлаа. Харин тэмцлийн хурц хэлбэр, өлсгөлөн суултдаа тулж байж өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд батлуулсан юм даг. Гэвч энэ хууль ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчдөд таалагдахгүй байгаа учраас л өнөөдрийг хүртэл бодитоор хэрэгжсэнгүй. Мөн уул уурхайн компаниуд болон тэдний эрх ашгийг төлөөлдөг төрийн бус байгууллага ч зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс хүчтэй эсэргүүцэж, уг хуулийн утга учир гол агуулгыг нь үргэлж эсрэгээр тайлбарлаж байгаа. Мөн үнэхээр бодож үзэхээс ч аргагүй хүчин зүйл бий. Тодруулбал, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийнхан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт, макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” гэсэн нэлээд том судалгааны тайланг гаргасан. Уг тайланд тусгаснаар дээрх хуулийг хэрэгжүүлээд эхлэх л юм бол уул уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орж, ажил эрхлэлт болон төсвийн орлого эрс буурах төлөвтэй гэнэ. Тэд макро эдийн засгийн түвшинд гарах сөрөг нөлөөг дараах байдлаар төсөөлсөн байгаа юм. Хуулийг хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн 177-558 тэрбум төгрөг буюу 2.9-9.2 хувиар буурна. Ажилгүйдэл 9000 орчим иргэн буюу 7.9 хувиар нэмэгдэнэ. Экспортын орлого 23-55 хувь, татварын орлого 7.2-18 хувь хүртэл буурах аюултай гэсэн байна. Түүнчлэн уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн зах зээл жилд 300-600 тэрбум төгрөгөөр хумигдана гэсэн тун таагүй үр дагаврыг зөгнөжээ.
Энэ хуулийн төслийг анх боловсруулахдаа салбарын мэргэжилтнүүд болон компаниудын санал бодол, байр суурийг сонсоогүйгээс ийм “түүхий” болсон хэмээн шүүмжилдэг. Магадгүй яаран сандран баталсан, дээр нь эдийн засагт ийм их аюул дагуулж болзошгүй учраас л өнөөдөр хууль ч биш, юу ч биш болчихоод байгаа билээ.
Тэгвэл байгаль орчны салбарт яг үүнтэй адил хувь тавиланд унаж болзошгүй бас нэг хуулийн өөрчлөлтийг УИХ хийх нь тодорхой болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан, Д.Дондог, Д.Кёкюшүзан Батбаяр, Ц.Сэдванчиг нарын санаачилсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон олонхи гишүүн дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална гэсэн үг. Энэ өөрчлөлтийг уг хуульд тусгаснаар байгаль орчинд учирсан хохирлыг иргэн болон төрийн бус байгууллага нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн арав гаруй жил уул уурхайн хайгуул, олборлолтод тавих төр, олон нийтийн хяналт суларч, зөвхөн байгаль орчинд их хэмжээний хохирол учраад зогсохгүй үүнээс үүдэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх үргэлж зөрчигдөх болсон. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ иргэд энэ эрхээ эдлэх нь бүү хэл төрийн эрх бүхий байгууллага ч буруутай этгээдээр хохирлыг барагдуулуулж, нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авч чадахаа больчихоод буй. Одоо мөрдөж байгаа Байгаль орчны тухай хуульд тухайн орон нутгийн Засаг дарга нь байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байдаг. Гэвч бодит амьдрал дээр биеллээ олж чадахгүй байгаа. Яагаад гэвэл орон нутгийн Засаг дарга нь байгалийн баялгийг ашиглахтай холбогдсон бүх тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналтын онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас шууд ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болон хувирдаг. Сумын Засаг дарга уул уурхайн компанитай нийлээд иргэдийнхээ эсрэг “тэмцэж” байсан тохиолдол ч бий. Үндсэндээ тэд тусламж хандив нэрээр өгсөн авлигын нөлөөгөөр компаниудын гарт орчихдог гэсэн үг. Энэ утгаараа Засаг дарга нар өөрийн гэм буруутайг нотолж, шүүхэд нэхэмжлэл гаргах ямар ч боломжгүй юм. Яг энэ байдлыг харгалзан үзэж гишүүд дээрх өөрчлөлтийг хийхээр боловсруулсан юм билээ. Харин ийм зөв зорилготой хууль яагаад сөрөг үр дагавар гаргана гэж. Яагаад нөгөө урт нэртэй хууль шиг буруу замаар орох ёстой вэ гэсэн асуулт гарна. Яг үнэнийг хэлэхэд байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудад бизнесийн ашиг сонирхол гэж байхгүй ч нэр хүндтэй байх, олон нийтэд таалагдах гэсэн чин эрмэлзэл бас бий. Тэр утгаараа хуулиар эрх нь олгогдсон гээд уурхай бүрийн эзнийг шүүхэд өгөөд амар заяа үзүүлэхгүй байх магадлалтай. Угаасаа ийм эрхгүй байхдаа ч иргэд, хөдөлгөөнүүд нийлээд дургүй хүргэсэн компани руугаа дайрчихдаг байсан. Хуульд өөрчлөлт оруулснаар тэд хувийн өмчид халдах юм уу, гудамжинд жагсаал цуглаан хийгээд байхгүй. Зөвхөн шүүхээр л асуудлаа шийдүүлэх боломжтой болох юм хэмээн гишүүд хэлээд байгаа. Гэтэл бодит амьдрал дээр байгаль орчинд хал балгүй үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлтээ зуун хувь найдвартай хийдэг уул уурхайн компани гэж бараг байхгүй. Тиймээс иргэд, төрийн бус байгууллага таалагдахгүй байгаа компани бүртэй “дайн” зарлаад, шүүхэд өгөөд байвал юу болох вэ. Нөгөө хууль шиг заавал гол мөрний эх, ойн сан гэсэн хязгаар ч байхгүй. Ерөөсөө л даръя гэснээ дараад эхэлбэл яах вэ. Мэдээж шүүхэд хандсан бүхэн нь иргэдийн талд шийдэгдэнэ гэж байхгүй нь тодорхой. Гэхдээ яг ямар тохиолдолд байгаль орчин сүйтгэсэн гэж үзэх вэ, юуг хохирол гэж тооцох вэ гэдгийг нарийн тусгаж өгөөгүй болохоор бас л тэр хууль шиг хэрэгжүүлж ч болдоггүй, хэнийх нь зөв, бурууг тогтоож чаддахгүй хий хоосон хэрүүл маргаан тарьсан хэнд ч хэрэггүй нөхцөл байдал үүсэх вий дээ. Хуулиар олгогдсон эрх нь байна гээд газар хөндсөн компани бүрийг шүүхэд өгөөд байвал уул уурхайн үйл ажиллагаа доголдож, мөн л дээр дурьдсан эдийн засгийн хохирол гарна. Өмнө нь нэг хууль гаргаад хулхидуулчихсан хүмүүс энэ удаа их л эрчимтэй тэмцэх байх даа. Тийм магадлал өндөр.

Ч.Дашдэлэг. Улс төрийн тойм сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж