Мянганы замын маршрутад өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Мянганы замын маршрутад өөрчлөлт оруулжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа гурван асуудлыг авч хэлэлцсэнийн дотор, Мянганы замын төсөл багтжээ. Мянганы замын хүрээнд улсын хэмжээнд 5000 гаруй км хатуу хучилттай авто зам зам барихаар төлөвлөсөн ч, өнөөдрийн хувьд 2000 орчим км зам л баригдсан. Харин одоо үлдэж байгаа 3000 орчим км хатуу хучилттай авто зам барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатайн зэрэгцээ зарим замын маршрутыг өөрчлөх шаардлага тулгарч, Засгийн газраас энэхүү Мянганы замын тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулахаар болж, бүлгээр хэлэлцүүлээд буй нь энэ аж. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумыг дайрч өнгөрөхөөр төлөвлөгдсөн замыг Тосонцэнгэл сумаар дамжин өнгөрөх болгож өөрчилжээ. Мөн Дорнод аймгийн Сүмбэр сумыг дайран өнгөрөх зам Нөмрөг сум болж, өөрчлөгдсөн юм байна. Мянганы замын маршрутад ийн өөрчлөлт оруулах болсон нь байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой тухай бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Учир нь Завхан аймгийн нутагт орших Тарвагатайн нуруу нь асар өндөр, мөнх цэвдэгтэй. Ийм газрыг дайруулан авто зам барих боломж үгүй байгаа нь судалгааны шатанд батлагдсан. Тиймээс өөрчлөлт оруулахаас аргагүйд хүрсэн. Нөгөө талаас дээрх асуудлыг хэлэлцэх шатанд гишүүд тэргүүлэх чиглэлийн авто замын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай тухай хөнджээ. Энэ нь Оюутолгой, Тавантолгойн ордыг чиглэх авто зам аж. Тэр дундаа Улаанбаатар-Даланзадгад-Мандалговийг холбосон авто зам нь орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад гол нөлөө үзүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэх хоёрдогч хүчин зүйл болох ёстой. Тиймээс энэ ажилд Засгийн газар илүү ач холбогдол өгөх ёстой гэжээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл аж. Тус төслийг зарчмын хувьд дэмжсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Даваасүрэн нарын өргөн мэдүүлсэн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзжээ. Мөн ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд, эрчим хүчний чиглэлийн мэргэжил, мэдлэгтэй гишүүд багтжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой энэхүү төслийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, батлан гаргах шаардлагатай гэж бүлэг үзсэн. Харин УИХ-ын намрын чуулган ирэх сарын 10-ны дотор завсарлах тул, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл тун ахархан хугацаанд хэлэлцэгдэж батлагдах болж байна.
 
Гурав дахь асуудал нь Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах тухай төсөл аж. Энэхүү төсөл нь нууцын зэрэглэлд хамаарч байгаа тул мэдээлэл хийх бололцоогүй гэдгийг тэрбээр онцлов.

Сэтгүүлчид бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас дараах асуултад хариулт авав.

-УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, Сонгуулийн тухай хуулийг баталж чадахгүй нь гэж ойлгож болох уу?
 
-Сонгуулийн тухай хуулийн төслийг батлаагүй байгаа ч бидний боловсруулсан төсөлд хоёр том асуудлыг шийдсэн. Тухайлбал, хамгийн их маргаан дагуулдаг сонгогчдын нэрсийн жагсаалт хаягдсан, давхардсан гэдэг асуудлыг арилгах зорилгоор иргэний бүртгэлийг төгөлдөржүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвт суулгаж өгсөн. Энэ ажил одоо хийгдэж байна. Мөн бидний боловсруулсан төсөлд иргэний бүртгэлийн ажилтнууд нь Сонгуулийн хороодод орж ажиллахаар тусгасан. Хэрэв хууль зөрчвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Санал тоолох ажиллагаа будилаантай болдог гэж ярьдаг,  тиймээс тооллогын ажлыг хүний хүчин зүйлээс үл хамааруулж автомат машинаар уншуулахаар болж, төсөвт хөрөнгийг нь суулгачихсан.  Үлдэж хоцорсон зарим зүйлийг  ажлын хэсэг төсөлд тусгахаар ажиллаж байна.  Гэхдээ УИХ Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө баталж чадахгүй. Аль болох хий багатай, сайн хууль гаргахыг зорьж байгаа учраас цаг орж байна. Нөгөө талаас УИХ-ын хувьд Сонгуулийн хуулийг аль болох удаашруулахгүйн төлөө байна. Хаалттай хаалганы цаана Сонгуулийн хуулийг хэлэлцээд байгаа юм үгүй, санаа оноо байвал хэлэх хэрэгтэй шүү.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж