Үхлийн зуршлыг үлдээлгүй хөөгөөрэй, залуус аа! | News.MN

Үхлийн зуршлыг үлдээлгүй хөөгөөрэй, залуус аа!

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Үхлийн зуршлыг үлдээлгүй хөөгөөрэй, залуус аа!

Үхлийн зуршлыг үлдээлгүй хөөгөөрэй, залуус аа!
Хүн төрөлхтний бий болгосон хамгийн том хар нүгэл бол мансууруулах   бодис хийгээд түү­нийг хэрэглэх зуршил юм. Хятадын төв телевиз энэ талаар нэгэн мэдээлэл дамжуулсан юм. Тэр мэдээнд зэвсэглэж, баг өмссөн цагдаа нар нэгэн зүйлийг эргэн тойронд нь бүчилж хамгаалан, шатааж байсан нь 3750 боодол буюу  нэг тонн орчим жинтэй мансууруулах бодис хар тамхи аж. Энэ бол Монгол улстай хаяа дэрлэн оршдог БНХАУ-ын Гуаньдонг мужийн  Хумэнь хотод болж буй үйл явдал. Энэхүү хар тамхины онц ноцтой хэргийг Хятадын гаалийн байцаагчид илрүүлсэн бөгөөд Пакистанаас зөөвөрлөж, байшингийн шалан дор дээд зэргийн нууцалсан байжээ. Мансууруулах бодис боловсруулагч, бэлтгэгчид болон зөөвөрлөгч, тээвэрлэгч хийгээд энэ хорт бодисын бизнесийн сүлжээнийхэн нэлэнхүйдээ өдгөө манай улсын хоёр их хөрш рүү онцгой их анхаарал хандуулах болсон нь олон удаагийн баримтаар ил болоод байгаа. Түүнчлэн хар тамхи наймаалагч, хэрэглэгч гээд бүхий л тал талаас нэгдсэн сүлжээ нь террористуудтай сүлбэлдэж байгаа нь асуудлыг улам бүр аюултай, ноцтой болгож буй.

Мөн сүүлийн үед үйлдвэрлэгчдийн алтан гурвалжин гэж шинэ томъёолол гарч ирсэн нь Бирм, Лаос, Тайландын газар нутгийг хэлэх болсон. Дээр нь “алтан хавирган сар” гэж бас нарийн хэлхээ холбоотой сүлжээ бий болсон нь Иран, Афганистан, Пакистан гэнэ.

Иймд Хятадын төр засаг үүнд онцгой анхаарал хандуулж, эрс шийдэмгий хатуу тэмцэл явуулахаа илэрхийлэн Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх дэлхий нийтийн өдрөөр дээрх мэдээллийг олон нийтэд ил болгосон байна. Анх 170 жилийн өмнө буюу 1839 онд Хятадын өмнөд эрэгт нэгэн амбан захирагч Английн нэгэн дамын наймаачнаас тонн орчим хар тамхи  илрүүлэн устгаж байсан нь тус улсын хар тамхины эсрэг тэмцэх тэмцлийн эхлэл байсан хэмээн үздэг. Үүнээс хойш Хятадын төрийн хар тамхины эсрэг хийх тэмцэл чанга хатуу байж ирсэн бөгөөд Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх дэлхий нийтийн өдрөөр бүхий л мужууддаа тусгай ажиллагаа зарлаж олон гэмт үйлдлийг илрүүлсэн аж.

Зөвхөн Гуаньдонг муж ч бус Лхаст  зургаан килограмм героин, 287 кг марихуан, мөн их хэмжээний синтетик бодис илрүүлэн устгажээ. Тус улсын мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо бодит судалгаанаас харахад өдгөө 1,34 саяд хүрсэн гэнэ. Мэдээж үүний цаана судалгаанд хамрагдаагүй гадуур үлдсэн хар тамхинд донтогсод хэр олон байгааг тооцоолоход бэрхшээлтэйн дээр Хятадад хар тамхитай холбогдсон хүнийг хатуу цээрлүүлдэг тэд өөрсдийгөө нууцлахдаа тун гаргуун байдаг аж. Түүнчлэн Дээд шүүхийн мэдээнээс нь харахад зөвхөн өнгөрсөн онд гэхэд 51 мянган удаагийн үйлдлээр 56 мянган хүн шүүхээс ял сонссон байх бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 16,5 хувиар өссөн үзүүлэлт юм. Дээрх яллагдсан хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь цаазлуулсан бол хорих ялаар шийтгэгдэгсдийн ялын хэмжээ доод тал нь таван жил байдаг байна.

Түүнчлэн сүүлийн үед Орос, Хятад гээд хар тамхины хэрэглээ эрчимтэй дэлгэрч байгаа улс оронд синтетик хэмээх мансууруулах бодисны нийлүүлэлт улам бүр эрчимжих болсон байна. Зөвхөн Хятадад гэхэд Улсын онцгой албаныхан энэ оны эхний таван сарын дотор нийтдээ 2,3 тонн героин, 2,4 тонн метамфетамин, 2,1 тонн кетамин хураан авч устгажээ. Хар тамхи, мансууруулах бодис наймаалах, хэрэглэх явдалтай дэлхийн олон орон идэвхтэй тэмцэл өрнүүлж байгаа ч энэ дунд хамгийн хатуу шийтгэл хүлээлгэдэг улс нь БНХАУ. Мөн Мексикийн төр засаг ч  тусгай бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн Герман, Их Британи, Австри зэрэг оронд гэмт хэрэг хэмээн үзэж, тусгай анхаарал хандуулж буй. Харин Хятадад 50 грамм орчим мансууруулах бодис хадгалсан, тээвэрлэсэн л бол шууд хэн ч байсан цаазаар авах ял сонсох учиртай.  Ийм гэмт хэрэгтнүүдийн дунд монгол хүн байгаа нь ч харамсалтай юм. Иймд үхлийн зуршил болсон хар тамхи, мансууруулах бодисоос хол байгаарай, залуусаа.

Энэ  сэдэвтэй холбоотойгоор өөрт тохиолдсон нэгэн явдлыг залууст анхааруулга болгох зорилгоор оруулах хэрэгтэй санагдлаа. Америкийн Нью-Йорк хотод НҮБ-д суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчдийн газартай тус хотын цэцэрлэгт хүрээлэнд их ойрхон байдаг юм. Их хотын цэцэрлэгт хүрээлэн болохоор ч тэрүү хөл хөдөлгөөн ихтэйн дээр өөр өөрийн дадал зуршлаа төдий л нууцлах тэнхэлгүй болсон мансуурагчид ч олноор ирэх нь бий. Нэг удаа цэцэрлэгээр зугаалж байтал мансууруулах бодист донтож, тэрхүү хорт бодисгүйгээр амьдрах чадваргүй болж, дадал зуршилдаа дарлуулан амиа алдахад бэлэн болсон америк эр “Амь чинь үү, 10 ам.доллар уу” хэмээн заналхийлж байсан удаатай. Тэр үед яахаас ч буцахгүй болсон түүний сүрдүүлгээс мөнгийг нь өгөөд зугатаж байсан юм. Хар тамхи бол ийм л аюултай, хүний ухамсрыг тэр чигт нь үгүй хийдэг аймшигт зүйл юм шүү.

Улс төрийн тойм сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж